sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигчийг хэлэлцэн томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр нийслэлийн “Хангарьд” ордноо товлосноор эхэллээ.
11.30 цагт эхэлсэн хуралдааны эхэнд НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү хуралдааныг нэг цаг завсарлуулах санал гаргасныг дэгийн дагуу ёсоор болгосноор 12.30 цагт үргэлжлэн хуралдав. НИТХ-ын хуралдааныг төлөөлөгч Б.Батнасан удирдаж байгаа бөгөөд төлөөлөгч Э.Бат-Үүл Ерөнхий сайдыг хуралдаанд оролцуулах горимын санал гаргасан боловч НИТХ-ын төлөөлөгчид санал хураалтаар дэмжсэнгүй. 
 
Төлөөлөгч Э.Бат-Үүлийн гаргасан санал нь нэгд, нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг дээд шатны байгууллага шийдэж болохгүй гэдэгт оршиж байв. Хоёрт, Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын өмнөх хуралдаанаас олонхийн санал авсан нэр дэвшигч С.Мөнхчулууныг ямар шалтгаан, үндэслэлээр батламжлахаас татгалзсан талаар тайлбар өгөх ёстой гэж байв. Дээрх хоёр байдал нь НИТХ-д цаашид буруу жишиг тогтоож байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Түүний хариуд хуралдаан даргалагч Б.Батнасан "Таны тавьж буй санал бол уг нь горимынх биш. Өмнө нь Ерөнхий сайдыг НИТХ-ын хуралдаанд оролцуулах санал гаргаж байсан. Гэхдээ Ерөнхий сайд хуулийн хүрээнд шийдвэр болон саналаа хүргүүлсэн учраас энэ удаагийн хуралдаанд Ерөнхий сайд оролцох боломжгүй" гэсэн юм. 
Хуралдаан үргэлжлэх явцад Хотын Засаг даргад нэр дэвшигчдийг дахин тодруулахад НИТХ дахв МАН-ын бүлгээс НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн нь хүчин төгөлдөр хэвээр, харин НИТХ-ын тэргүүлэгч гишүүн С.Мөнхчулуун дахин нэрээ дэвшүүлж буйгаа мэдэгдэв. Энэ үеэр хуралдааны танхимд гаднаас орж ирсэн иргэн Э.Бямбацэрэн өөрийгөө Хотын даргад нэр дэвшүүлж байна гэдгээ хэлж хуралдааныг даргалагч Б.Батнасанд саналаа гардуулсан боловч төлөөлөгч Б.Батнасан, “Хуулийн хүрээнд энэ нь боломжгүй, зөвхөн НИТХ-д суудалтай нам, бүлгээс нэр дэвшүүлэх ёстой” гэсэн тайлбар өгсөн юм. 
 
14.30 цагийн байдлаар Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарыг хэлэлцэн томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан үргэлжилж нууцаар санал хураалт явуулж байна.
Энэ дашрамд дахин мэдээлэхэд Нийслэл Улаанбаатар хот Засаг даргагүй бүтэн гурван сар болж байгаа бөгөөд өмнөх НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хотын даргад томилох  асуудлыг хэлэлцэж, улмаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрөө нэрээ дэвшүүлснээр олонхын санал авсан юм. Гэвч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрдугаар сарын 15-нд түүнийг хотын даргад батламжлахаас татгалзсан юм. Тиймээс Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргаа түүний удирдлагын тухай хуулийн дагуу НИТХ 15 хоногийн дотор хуралдаж, санал хураалт явуулж нийслэлийн Засаг даргаа томилох үүргийнхээ дагуу өнөөдөр хуралдаж байна. Хотын Засаг даргыг хэлэлцэн томилох хуулийн хугацаа нь гуравдугаар сарын 2 буюу ирэх баасан гараг хүртэл юм.
 
Б.Болд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг