sonin.mn
ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. БНХАУ-ын төлөөлөгчдийн багийн зарим гишүүн хоёр талын худалдааны хэлэлцээг шинжээчдийн түвшинд үргэлжлүүлэхээр АНУ-ын нийслэл Вашингтон хотод үлдсэн тухай “South China Morning Post” сонин нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.
Тус сонинд мэдээлснээр, Хятадын талын гол хэлэлцэгч болох тус улсын Төрийн Зөвлөлийн шадар сайд Лю Хэ даваа гарагт нутаг буцсан байна. Гэвч төлөөлөгчдийн багийн зарим гишүүн худалдааны хэлэлцээний техникийн асуудлуудыг зөвшилцөх зорилгоор АНУ-ын нийслэл хотод хэд хоногийн хугацаагаар үлдсэн байна.
Хоёрдугаар сарын 19, 24-нд АНУ-ын нийслэл Вашингтон хотод болсон Америк-Хятадын ээлжит хэлэлцээний явцад худалдааны маргаантай асуудлуудыг зохицуулахад ихээхэн ахиц дэвшилд хүрсэн гэж "Xinhua" агентлаг урьд нь мэдээлсэн билээ.
Тус агентлагийн мэдээлснээр, талууд оюуны өмчийн эрхийг хамгаалах, технологийн экспорт, тарифын бус саадыг арилгах, мөн үйлчилгээ үзүүлэх салбарт гарсан маргааныг зохицуулах, хөдөө аж ахуй болон валютын ханштай холбоотой чухал асуудлуудыг шийдэхэд ахиц дэвшилд хүрсэн байна. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг