sonin.mn
Монгол Улс Үндсэн хуулиа шинэчлэн батлаад 28 дахь жилтэйгээ золгож байна. Тэртээх 1992 оныг өнөө цагтай харьцуулбал нийгмийн байдал, иргэдийн амьдралын хэмнэл гээд маш олон зүйлд тоймгүй өөрчлөлт орсон нь тодорхой. Тэгвэл 30 шахам жилийн өмнө шинэчлэн баталсан Үндсэн хуулийг цаашид хэвээр мөрдөх нь хэр зохимжтой вэ. Цаг үеийн байдлаас хамааран дээрх асуулт яалт ч үгүй хариулт, шийдлээ хүлээж байна.
 
Үе үеийн парламент энэ хуулийг өөрчлөн батлах шаардлагатайг ярьж, хэлсээр ирсэн ч тодорхой шийдэлд хүрэлгүй өдийг хүрсэн.
 
Учир нь, Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд харилцан ойлголцол хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, юуны өмнө Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй улс төрийн 28 намаас гадна ард нийтээсээ санал асууж байж өөрчлөхгүй бол үл ойлголцол гарах магадлал өндөр. Энэ үүднээс одоогийн эрх баригч МАН-ын зүгээс 2017 онд Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийг 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон байдаг. Ажлын хэсгийнхэн хоёр жил гаруйн хугацаанд багагүй ажил амжуулан хэлэлцүүлэг зөвлөгөөн зохион байгуулахаас эхлээд ард нийтээс хүртэл саналыг нь асуусан. Ийнхүү боловсруулсан хуулийн төслөө УИХ-ын гишүүдэд танилцуулахад 67 нь өөрчлөлт оруулахыг дэмжин гарын үсэг зурсан билээ. Мөн Засгийн газар болон ҮАБЗ, ШЕЗ, ХЭҮК зэрэг зургаан байгууллагад төслөө танилцуулан холбогдох саналыг нь авсан. Ингэснээр Үндсэн хуулийн 20 орчим хувьд нь нэмэлт өөрчлөлт буюу тодотгол хийхээр бэлдээд байгаа нь энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтөд хөнгөн хуумгай хандаагүй нь харагдана. УИХ-д тасралтгүй долоон удаа сонгогдсон, туршлагатай парламентч Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон. Өнгөрсөн намрын чуулганаар уг хуулийг хэлэлцэхээр дараалалд оруулсан ч амжаагүй юм. Төслийг хэлэлцэж эхлэхэд бэлэн болсон, тэгээд ч сонгуулийн жил гарах гэж байгаа учраас урьтаад хуулийн өөрчлөлтийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэдэгтэй олон хүн санал нэгдэж буй.
 
Хэдийгээр нэг нам хэт олонх үед эцэг хуулийг өөрчлөх хэрэггүй гэх шүүмжлэл, болгоомжлол бий ч олон намын төлөөллөөс бүрдсэн парламентаар хэлэлцэж шийдэлд хүрнэ гэдэг бүр ч худлаа гэдгийг туршлагатай улстөрчид хэлдэг. Харин хаврын чуулганаар хэлэлцэх Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд чухам ямар заалтыг, хэрхэн өөрчлөх вэ. Ажлын хэсэгт багтсан гишүүдийн хэлж буйгаар, зарчмын хэдхэн өөрчлөлтийг хийхээр тусгажээ. Тухайлбал, УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох үүднээс гишүүдийн хариуцлага ёс зүйг хөндөх бол дордуулсан гэх долоон өөрчлөлтөд багтсан зарим заалтыг буцаахаар тусгажээ. Мэдээж үүний тулд ард нийтээс дахин санал асууна, хэлэлцүүлгийн явцад улс төрийн намуудаас ч саналыг нь асуух юм. Харин тусгай дэгээр хэлэлцэх хуулийн заалттай.
Нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг эхлүүлсэн бол өөр ямар ч асуудал хэлэлцэхгүй.Гуравдугаар хэлэлцүүлгийн өмнө ард нийтийн саналыг асууснаар цааш үргэлжлүүлэх эсэхийг шийддэг. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд эдгээр заалтыг ингэж өөрчлөхөөр болсон гэдгээ ард нийтэд бүрэн дүүрэн ойлгуулж, дэмжих эсэх асуултад хариулт авснаар дараагийн хэлэлцүүлгийг хийнэ. Ард нийтийн олонх нь хуулийн төсөлд оруулах өөрчлөлтийг дэмжвэл гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж батлах юм.
 
Манай улсад мөрдөж буй хуулийн хүрээнд хамгийн өндөр босгоор баталдаг нь Үндсэн хууль.
 
УИХ-ын 76 гишүүний 57 буюу түүнээс дээшх нь дэмжиж санал өгнөөр баталдаг. Ийнхүү хаврын чуулганаар хэлэлцэж эхлэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын гишүүд хэрхэн дүгнэв, тэдний байр суурийг тоймлон хүргэе.
 
Д.Лүндээжанцан: Үндсэн хуульд зарим өөрчлөлтийг хийх цаг нь болсон
 
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар олон нийтээс хэд хэдэн удаа санал асуулга авсан. Хэлэлцүүлэг ч зохион байгуулсан. Хэлэлцүүлэг, ард нийтийн санал асуулга хоёрыг хольж, хутгаж ойлгоод байдаг. Ард нийтийн санал асуулга гэдэг тодорхой асуудлаар ард түмнээрээ шийдүүлэх байдаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Бүх зүйл энэ хуулийн дагуу явна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар яривал шүү дээ. Ийм асуудлаар ийм өөрчлөлт хийнэ гэдгийг дөрөвний гурваар батлаад УИХ-ын гишүүдийн гуравны хоёроор үүнийг ард нийтийн санал асуулгад оруулж шийдвэрлүүлдэг. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хуулийг бид ягштал барих хэрэгтэй. Маш чухал санаанууд гарсан. Үндсэн хуульдаа юуг нь тусгах вэ, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульдаа алийг нь оруулах, хотын зохион байгуулалтыг яаж тодорхой болгох гэдгээ ярина. Мөн шүүх эрх мэдлийн хүрээний олон удаагийн хэлэлцүүлэг болсон. Үүнийгээ нэгтгэж дүгнээд шүүх засаглал, шүүх эрх мэдлийг хэрхэн өөрчлөх вэ гэдгийг ярина. Засгийн газрын хуультай холбоотой өөрчлөлт ч бий. Мөн төсвийг олон тийш нь чангаадгийг болиулъя гэдэг санаа их гарч байгаа. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хууль болон Төсвийн хуульд ямар заалт оруулах вэ гэдгээ ярина. Сонгуулийн гурван хуулийг тусад нь гаргана. Хаврын чуулганаар энэ бүхнийг хэлэлцэх ёстой. Энэ парламентад цийгмийн захиалга нь байгаа. Үндсэн чхуулиа батлаад 28 жил болчихлоо. Тиймээс зарим нэгэн өөрчлөлт хийх цаг нь болсон гэдгийг ард түмэн ойлгож байгаа.
 
М.Энхболд: Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг нийтээрээ хамтарч боловсруулсан
 
-Өнөөгийн нийгэм, улс төрийн тогтолцоонд тохиож буй саад бэрхшээл. Хөгжлийн бодлого, хариуцлагатай, шударга засаглалыг төлөвшүүлэх зорилтыг хангахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь зөв гэдэгт иргэдийн дийлэнх нь санал нэгдэж байгаа. Зайлшгүй шаардлагатай өөрчлөлтийг хийхгүйгээр хэзээ, хэн хийнэ гэж хүлээж суух вэ. Хойш тавих тусам хожигдох эрсдэл ихэснэ.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэгт улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид орсон. Энэ бол нэг намынх биш, хэд хэдэн парламент дамжин ярьж, судалж шинжилсэн. Үүний үндсэнд ард түмнийхээ санал бодлыг шингээн нийтээрээ хамтарч боловсруулсан төсөл. Тиймээс хэлэлцэхийг эрмэлзэх нь зүйтэй.
 
Д.Хаянхярваа: Хоёр жилийн хугацаанд санал асуулга хангалтгай явуулсан
 
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2024 оноос хэрэгжүүлэхээр ярьж байна. Хуулийн өөрчлөлтийг мэдээж хэлэлцэнэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд санал асуулга хангалттай явуулсан. Давхардсан тоогоор сая гаруй хүний санал ирсэн. Харин одоо хуулийн өөрчлөлтийг хэдийд хэлэлцэх вэ гэдгийг ярилцах ёстой байх. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газар, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд явж байгаа. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэхээр өнгөрсөн хугацаанд 40 гаруй хуульд өөрчлөлт оруулж байсан. Аливаа асуудалд хандахдаа улсын эрх ашгийн төлөө нэн түрүүнд шийдвэр гаргах хэрэгтэй. Манайх шиг хүн ам цөөтэй улсад Ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй гэж үздэг. Энэ бол дарангуйллыг бий болгоно гэж би хувь хүнийхээ хувьд үздэг.
 
Ж.Мөнхбат: Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий
 
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр системийн өөрчлөлт хийх ёстой. 28 жил явжирсэн буруу системээсээ Монгол Улс гарах ёстой гэдгийг УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёр намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцолсон. Миний хувьд 2016 оны арваннэгдүгээр сард буюу шинэ парламент байгуулсны дараахан ЗГХЭГ-ын сайдаар ажиллаж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийг анх байгуулж байсан. Ажлын хэсгийг миний бие ахалж байсан. Өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа. Өөрчлөлтийг хэрхэн хийх вэ гэдэг нь парламентын бүрэн эрх. Олон жил хүлээж, ярьж байгаа энэ өөрчлөлтийг хэлэлцэх ёстой. Ер нь Монгол Улсын хөгжил дэвшил, шударга ёсыг тогтоох, авлигаас ангид байх, ард түмний төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх төр шиг төртэй байх энэ бүхэн Үндсэн хуулийн өөрчлөлттэй салшгүй холбоотой.
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин