sonin.mn
ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ  агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын явцтай танилцахаар холбогдох ажлын багийнхантай  уулзлаа.
Засгийн газар энэ оны тавдугаар сараас нийслэлд түүхий нүүрс оруулахгүй, айл өрх, албан байгууллагуудад хэрэглүүлэхгүй байх шийдвэр гаргасантай холбоотойгоор хийж буй ажлууд, үүсч буй хүндрэлийн талаар  ажлын багийн гишүүдээс тодруулсан юм. 
Нийслэлийн гэр хорооллын өрхүүд жилд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Энэ хэрэглээг бууруулах зорилгоор сайжруулсан түлшний үйлдвэрийг байгуулсан бөгөөд үйлдвэрээс гарч байгаа түлшийг хүйтний улирал эхэлмэгц гэр хорооллын өрхүүдэд түгээхээр төлөвлөснийг ажлын багийнхан ЗГХЭГ-ын даргад дэлгэрэнгүй танилцуулав. Жилдээ 800 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр одоо үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа боловч уурхайгаас нүүрсээ татан авах тээвэрлэлтийн асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байгааг “Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар хэлсэн юм. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Уурхайн амнаас нүүрс татах тээвэрлэлтийн асуудлыг холбогдох яамдын сайд нартай хамтран ойрын үед шуурхай шийдвэрлэнэ” гэлээ.
 
 
 
Мөн ажлын багийнхан ЗГХЭГ-ын даргад хандаж тус багийн бүтэц, зохион байгуулалтыг өргөтгөх, чиг үүргийг тодорхой болгох, түүхий нүүрсийг нийслэл рүү оруулж ирэхгүй байхад хяналт тавих цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын бүтэц, орон тоог шийдэхэд анхаарал хандуулахыг хүссэн юм.
 
 
 
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн утааг арилгах нь Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам, нийслэлийн удирдлагуудын тус тусдаа хийх ажил биш, харин ажлаа хооронд нь уялдуулах, гал түлж байгаа хүн бүрийн үүрэг, оролцоо чухал гэдгийг нийгэмд ойлгуулах хэрэгтэй байгааг тодотгосон юм. Тэрбээр Улаанбаатарыг утаанаас бүр мөсөн салгахын тулд хэн юу хийх нь тодорхой байх шийдлүүдийг тусгасан дунд, урт хугацааны төлөвлөгөөг яаралтай танилцуулах, шат шатандаа төлөвлөсөн ажлуудаа дор бүрдээ эрчимжүүлэхийг үүрэг болгов.