sonin.mn
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ТB-9 телевизийн захирал, сэтгүүл зүйн судлаач доктор, профессор Т.Баасансүрэнтэй ярилцлаа.
 
-15 жилийн ойгоо тэмдэглэсэн “Таны телевиз”-ээр сонин сайхан юутай байна. Ажил ихтэй байна уу?
 
-“Дөрөв дэх засаглал”-ынхаа үүргийг л гүйцэтгээд явж байна. Шударга үнэний дуу хоолой болсон “ТV-9” телевиз 15 жилийн турш энэхүү зарчимдаа үнэнч байгаа. “Таны телевиз” гэж нэрлэсний чухам учир үүнд байгаа юм. “ТV-9” телевиз шударга үнэний талд тууштай зогсдогийг монголчууд сайн мэднэ.
 
-15 жилийн ойдоо уран бүтээлийн өндөр амжилтаар бэлэг барьсан гэж сонссон юм байна?
 
-Тэр үнэн шүү. Бид ой угтаж зохион байгуулах ажлын тусгай төлөвлөгөөтэй ажилласан. Уран бүтээлчид маань дор бүрнээ хичээцгээсэн. Найруулагч Б.Шинэхүү “Их Монгол Улс” хэмээх томоохон хэмжээний теле нийтлэлээр, найруулагч Х.Гэрэлт-Од “Буурал түүхийн жимээр” цувралаараа  /8 бүлэгтэй/ “ТV-9” телевизийн  2018 оны шилдэг уран бүтээлийн шагнал хүртэв. Зураглаач Г.Орлонжав, Г.Нацагдорж, Я.Алтангэрэл нарын зэрэг уран бүтээлчид олон сайхан зураглал хийсэн. Манай графикч дизайнч Н.Амарбаяр, Б.Энхболор нар “Бүнээ, Сүнээ” хэмээх танин мэдэхүйн есөн ангит цуврал хүүхэлдэйн анимэйшн кино бүтээлээ. Л.Эрдэнэбаатарын танин мэдүүлж соён гэгээрүүлэх чиглэл бүхий дүрслэлт теле уран уншлага ч сонирхолтой болж байна.
 
-Таны бичиж гаргасан судалгааны хоёр ном МСНЭ-ийн 2018 оны шилдэг уран бүтээлээр шалгарсан байхаа. Юун тухай бүтээл болохыг уншигчдад мэдээлбэл сонин байх бус уу?
 
-Тийм ээ, 2018 оны эцсээр “Нэгэн телевизийн нэвтрүүлэг, хөтөлбөрт хийсэн зарим ажиглалт судалгаа буюу “ТV-9 телевизийн тухай тэмдэглэлүүд”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны талаарх зарим санал бодол, сонгуулийн үр дүн ба сургамж” хэмээх номоо хэвлүүлэв. 15 жилийн ойдоо барьсан миний бэлэг. 2018 оны сэтгүүл зүйн салбар дахь судалгааны шилдэг бүтээлээр МСНЭ шалгаруулсанд нь маш баяртай байгаа.
Эхний ном нь сүүлийн таван жилд ТОП-10-д нэрлэгдэж байгаа телевизүүдийн хөтөлбөрүүдэд хийсэн судалгаа. Ганц “ТV-9”-ийн тухай бишээ. Дагнасан ийм судалгааны ном урьд өмнө нь гарч байгаагүй юм. Хоёр дахь ном маань залуу сэтгүүлчид, судлаачдад сургамжтай болсон болов уу гэж бодож байна. Манайдаа л бас шинэлэг сэдэв. Сүүлийн гучаад жилд парламентын болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны явцад нарийвчилсан шинжилгээ хийсэн бие даасан судалгааны бүтээл гараагүй байсан юм.
 
-Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, түүний дотор “ТV-9” телевизэд олон түмний итгэх итгэл өнөөдөр ямархуу түвшинд байна вэ?
 
-Маш өндөр түвшинд байна. Хэзээ хэзээнээсээ илүү өндөр түвшинд гэж тодотгомоор байна. Энэ нь сүүлийн жилүүдэд Монгод өрнөсөн улстөрийн үйл явдлуудтай холбоотой юм. Засгийн эрхэнд олигархиуд гарч, монголын нийгмийг МАНАН бүлэглэлийнхэн залж чиглүүлэх болсноос хойш төр засгийн нэр хүнд навс унасныг бүгд мэдэж байгаа.
Улсын Их Хуралд итгэх итгэл өнөөдөр ойролцоогоор 17.4 хувьтай, улстөрийн намуудад иргэдийн итгэх итгэл 12.6 хувьтай байна шүү дээ. Ийм нөхцөлд иргэд чөлөөт хэвлэлд л хамаг итгэлээ хандуулж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд итгэх олон түмний итгэл  43.8 хувьтай байна. Энэ үзүүлэлт Улаанбаатарт 45.9 хувь, орон нутагт 41.9 хувьтай гарсан байна лээ.
Үүнээс нэг л дүгнэлт хийж болно. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монголын нийгмийн ардчилал, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж бэхжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж байна. Өөрөөр хэлбэл “дөрөв дэх засаглал”-ын үүргээ сайн биелүүлж байгаа гэж хэлж болно. Ард түмнийхээ дуу хоолой болж чадаж байна.
 
-Шударга үнэний дуу хоолой болсон ТV-9 телевиз энэ үйл хэргийн хаахна нь явж байна?
 
-Хамгийн эхэнд нь, манлайд нь гээд хэлчихвэл онгирсон болчихдог болов уу? Би санаанаасаа зохиож ярихгүй. Шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл хэлнэ. Монголын хэвлэлийн хүрээлэн, МАХСИМА судалгааны компани, “Сант Марал” зэрэг нэр хүндтэй, мэргэшсэн судалгааны байгууллагуудын үнэлэлт дүгнэлт дээр түшиглэж хэдэн үг хэлье. Харилцаа холбооны зохицуулах хорооноос ч бас байнгын судалгаа хийдэг юм билээ.
Бид үйл ажиллагаагаа чанаржуулах, сайжруулахад байнга анхаарч Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс жил бүр гаргадаг судалгаа, 2013 оноос МАХСИМА  Медиа судалгааны байгууллагын телевиз үзэлтийн судалгааг тогтмол үйл ажиллагаандаа хэрэглэж бүтээлчээр ашиглаж ирсэн.
Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн  2012 оны 11, 12 дугаар сар ба 2013 оны 1, 2, 3, 4, 5 дугаар сарын судалгааны дүнгээр буюу зах зээлд эзлэх хувь хэмжээгээр “ТV-9” телевиз тогтмол эхний тавд, мэдээллийн хөтөлбөрийн хүртээмжээр “Энэ өдөр” хөтөлбөр II, IV байранд орж байв. Үүнд “ТV-9” телевиз нь ямагт сөрөг хүчний хүчтэй дуу хоолой болж байдаг онцлог нь нөлөөлсөн байх үндэслэлтэйг сэтгүүл зүйн зарим судлаач эрдэмтэд тэмдэглэжээ. Энэ нь Улаанбаатар хотын 5-6 дүүрэгт хийсэн судалгааны үр дүн юм.
Мөн сар бүр хамгийн олон үзэгчтэй мэдээллийн хөтөлбөр, хамгийн олон үзэгчтэй 30 нэвтрүүлэг, хөгжмийн болон спортын 20 нэвтрүүлэг, танин мэдэхүйн 30 нэвтрүүлэг зэргийг шалгаруулснаас мэдээллийн болон спортын нэвтрүүлгээр “ТV-9” телевиз тогтмол эхний гуравт, бусад үзүүлэлтүүдээр эхний 5-10 дугаар байрт орж байв.
Монголын хэвлэлийн хүрээлэнгийн 2014 оны нэгдүгээр сард гаргасан Улаанбаатар хотын “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны дүнгээр “ТV-9” телевиз Улаанбаатар хотын хүн амын 32 хувьд хүрдэг үзүүлэлтээрээ буюу хүртээмжээрээ гуравдугаарт оржээ. Энэ нь нэгдүгээрт орсон МҮОНТ-ээс таван функтээр л доогуур үзүүлэлт гэсэн үг юм. Мөн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр дээрх судалгаагаар МҮОНТ-ийн “Цагийн хүрд”-ийн дараа хоёрдугаарт орж байв.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос  2013 онд орон нутагт буюу Монгол Улсын  21 аймаг дахь телевиз үзэгчдийн байдалд тандалт судалгаа хийсэн байна. Соён гэгээрүүлэх, танин мэдэхүйн үүргээ хамгийн сайн биелүүлж байгаа сувгуудыг жагсааж эрэмбэлэхэд “ТV-9” телевиз хоёрдугаар байрт оржээ. Хамгийн шуурхай, тэнцвэртэй мэдээлэл түгээдэг сувгуудыг “ТV-9” телевиз манлайлсан байна. Хамгийн сонирхолтой хөтөлбөр бэлтгэн гаргадаг үзүүлэлтээрээ тус телевиз мөн хоёрдугаар байрт оржээ.  40-50 насны хоорондох үзэгчдийн тоогоор тэргүүлсэн.
Нийт телевизийн хөтөлбөрийг бүтцийн хувьд судалж үзэхэд хамгийн олон талт мэдээлэлтэй телевизээр “ТV-9” телевиз тэргүүлжээ. Хүүхэд залуучуудын хүмүүжил, ёс суртахууны сэдэвт нэвтрүүлгийн тоо хэмжээ, агуулгаараа “ТV-9” телевиз хоёрдугаар байрт, шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлийн нэвтрүүлгүүдээрээ гуравдугаар байрт жагсчээ.
 
Орон нутгийн үзэгчдийн үнэлэмжийн дагу телевизүүдийн рейтингийг тогтоож эрэмбэлэхэд “ТV-9” телевиз нэвтрүүлгийн бодлого, хөтөлбөрийн агуулга ба бүтэц, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага зэрэг долоон үзүүлэлтээр хамгийн өндөр оноог авч тэргүүлсэн байна. “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр, “Монгол коммент” шууд нэвтрүүлэг, танин мэдэхүй АХА, спортын чиглэлийн нэвтрүүлгүүдийг орон нутагт хамгийн ихээр үздэгийг уг судалгаа тогтоосон. ХХЗХ өнгөрсөн жил бас судалгаа хийж тайлангаа тараасан. Түүнээс үзэхэд “ТV-9” телевиз тэргүүлэх сувгуудад багтсан хэвээр байгааг харж болно.
“МАХСИМА” судалгааны төвөөс  2014 онд Орхон аймгийн /Эрдэнэт хот/ телевиз үзэгчдийн байдалд социологийн судалгаа хийж үзэхэд  49.8 хувиар “ТV-9” телевиз тэргүүлжээ. Өнгөрсөн 2018 онд бид Булган, Ховд аймагт ажиллаж, эдгээр аймгийн сурталчилгааны өдрүүдийг зохион байгуулсан юм. Орон нутагт ажиллах явцад “ТV-9” телевизийг түлхүү үздэг болохыг илүүтэй мэдэрсэн.
Дээрх үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд нийслэл хот болоод хөдөөд тогтвортойгоор хадгалагдаж байгаа нь “МАХСИМА” судалгааны төвөөс сар бүр явуулж байгаа социологийн судалгаанаас харагдаж байгаа болно.
 
-Телевиз үзэгчдийн судалгааг байнга дагнаж хийдэг судалгааны байгууллагууд олон байдаг уу? Та гол төлөв Монголын хэвлэлийн хүрээлэн бас Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнгөрсөн жилүүдэд хийж байсан судалгаанаас иш татаж ярилаа?
 
-Тийм судалгааны газар ганцхан байдаг. Энэ нь МАХСИМА судалгааны компани. Сүүлийн үед бид эдний судалгааг гол хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байна. Тэдгээрийн заримаас дурдаж ярья.
МАХСИМА судалгааны компанийн 2017 оны телевиз үзэгчдийн нэгдсэн тайланд тэмдэглэснээр  12:00-19:00 цаг, 19:00-20:00 цаг, 20:00-21:00, 21:00-22:00 цаг, 22:00-23:00 цаг, 23:00-24:00 цаг гэсэн зургаан ангиллаар телевизүүдийн оргил цагийн рейтингийг тодорхойлоход “ТV-9” телевиз топ тавд тогтвортой багтаж чадсан байна. Бүтэн өдрийн үзэгчдийн тоо хэмжээгээрээ ч мөн адил эхний тавд оржээ. Энэ нь үзэгчдийн тоо хэмжээгээрээ “ТV-9” телевиз тэргүүлэх эгнээнд явж байна гэсэн үг юм.
Уг судалгаанаас харахад 2017 оны хамгийн олон үзэгчидтэй байсан мэдээ мэдээлэл, нийгэм улстөрийн нэвтрүүлэг, телевизийн шоу, олон ангит уран сайхны киног тус бүр эхний 10 байр эзлүүлж улирал тус бүрээр гаргахад “ТV-9” телевизийн мэдээ мэдээллийн хөтөлбөр бүх улиралд, “Монгол коммент”, “Хасах градус” зэрэг нийгэм, улстөрийн сэдэвт  нэвтрүүлэг мөн дөрвөн улирал дараалан, “Айлын хоол амттай”, “Монгол Let me in”, “Мөрөөдөл биелдэг юм”, “АХА” зэрэг хөтөлбөр телевизийн шоу ангилалд бүх улиралд тэргүүн байранд шалгарчээ. “Дуулиан” зэрэг олон ангит кино ч шилдгээр нэрлэгдсэн байна.
 
-“Сант Марал” сангаас судалгаа хийдэг гэж та түрүүнд хэлсэн.
 
-Одоо “Сант Марал” сангаас 2017 оны гуравдугаар сард Улаанбаатар хот болон Завхан, Хэнтий, Архангай, Төв, Өвөрхангай, Дорноговь аймгийн 1200 иргэнийг хамруулж хийсэн “Монголчуудын хэвлэл мэдээлэлд хандах хандлагын үр дүн” судалгааны зарим үр дүнгээс сонирхуулъя. Судалгаанд оролцогчид ямар сэдвийг илүүтэй сонирхдог вэ гэсэн асуултад 67.4 хувь нь дотоодын мэдээлэл, орон нутгийн мэдээг илүүтэй анхаардгаа хэлсэн байна. Тэдгээрээс 30.3 хувь нь улстөрийн сэдэв, 29.3 хувь нь эдийн засаг, 24.4 хувь нь эрүүл мэндийн сэдэв, 16.5 хувь нь хөгжөөнт цэнгээнт үзвэрийг, 5.4 хувь нь спорт, 4.9 хувь нь урлаг, 10.9 хувь нь гадаад мэдээ, 8.2 хувь нь соёл ба ёс заншил, 3 хувь нь боловсрол,  7.3 хувь нь хоол хийх, хүнсний сэдэв гэх зэргээр хариулжээ.
 
Дотоодын сэдэвт мэдээ мэдээлэл, орон нутгийн  үйл амьдралын мэдээг гэхэд хөдөө орон нутагт  79.2 хувь нь, Улаанбаатар хотод  53.5 хувь нь үздэг аж. Улстөрийн сэдвийг хөдөө орон нутагт судалгаанд хамрагсдын  31.8 хувь нь үзэж байсан бол Улаанбаатарт уг үзүүлэлт 29.1 хувьтай гарчээ. Эдийн засгийн сэдэв Улаанбаатарт 30.2 хувьтай байхад хөдөө орон нутагт 29.3 хувьтай байсан аж. Эрүүл мэнд болон эрүүл амьдралын хэв маягийн сэдэв орон нутгийнхны  25.5 хувийн сонирхлыг татаж буй бол Улаанбаатарт эл сэдэв 23.5 хувьтай гарсан байна. Хөгжөөнт үзвэр, зугаацуулан цэнгүүлэх хөтөлбөр хөдөө орон нутагт  17.8 хувьтай, нийслэл хотод болохоор 15.1 хувьтай байсан гэнэ. Араас нь спорт, урлаг, гадаад мэдээ эрэмблэгджээ.
Нийслэл Улаанбаатар хот болон Завхан, Хэнтий, Архангай, Төв, Өвөрхангай, Дорноговь аймагт хийгдсэн эл судалгаа телевиз үзэгчдийн харьцангуй нийтлэг дүр төрхийг илэрхийлж байх бүрэн магадлалтай. Учир нь “Сант Марал” сангаас сүүлийн хорь гаруй жилийн турш Монголын нийгмийн амьдралын янз бүрийн сэдвээр тасралтгүй явуулж ирсэн судалгааны үр дүн бодит байдлаас нэг их хол зөрдөггүй нь нэгэнт батлагдсан билээ.
“Сант Марал” сангийнхан “Та аль аль теле сувгийг хамгийн найдвартай гэж үзэж байна вэ” гэж судалгаанд оролцогчдоос асуухад тэдний 73.9 хувь нь МҮОНРТ, 26.8 хувь нь “ТV-9” телевиз, 15.4 хувь нь “Боловсрол” телевиз, 14 хувь нь Монгол ТВ, 9.5 хувь нь Ийгл тв, 4.1 хувь нь 25-р суваг, 6.5 хувь нь “Малчин” ТВ, 4.4 хувь нь UBS,  4.3 хувь нь TV-5, 3.7 хувь нь TV-8, 2.4 хувь нь  NTV, 2.0 хувь нь С1 гэж хариулсан байна.
“ТV-9” телевиз 23.8 хувиар хоёрт жагсчээ. 51 жил ба 15 жилийн настай олон нийтийн ба хувийн гэсэн статустай МҮОНТ ба “ТV-9” телевизийн харьцаа, өөрөөр хэлбэл телевиз үзэгчдийн зүгээс тэдэнд итгэл хүлээлгэж буй найдвартай хэмээх үнэлгээ 2017 оны байдлаар ийм байсан байна. Энэ нь бидний хувьд муу үзүүлэлт биш. Маш сайн үзүүлэлт байсан юм.
Өнөөдөр “ТV-9” телевизэд “Энэ өглөө”-г залгуулаад “Энэ өдөр” хэмээх байнгын мэдээллийн хөтөлбөр байна. Мөн өдөр бүрийн 18:00 цагаас “Монгол коммент” шууд нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэж байна. Хамгийн олон захидал мэдээлэл, иргэдийн сэтгэгдлийг өдөр тутам хүлээж авдаг, түүнийгээ эфирт шуурхай цацдаг редакц Монголд өнөөдөр “ТV-9” телевизийн “Монгол коммент”-оос өөр байхгүй гэж бүрэн итгэлтэй хэлж болно.
Монголын ард түмний бүгдийнх нь танил, магадгүй олонхийнх нь хайр хүндэтгэлийг хүлээсэн сэтгүүлч бол М.Батбилэг, П.Пүрэвжаргал хоёр. Иргэд итгэж найдаж байгаа учраас, “ТV-9” телевизийг монголчууд миний телевиз, надад тусална гэж үзэж байгаа учраас түүнд хандаж байгаа юм. Энэ бол хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хувьд хамгийн том, дээд хүндэтгэл мөн. Өндөр итгэл найдвар хүлээлгэж байна гэсэн үг.
 
Өдөр бүрийн 13:00 цагаас үзүүлдэг “ТV-9” телевизийн “Гадаад мэдээ” /оройд давтдаг/ өөрийн гэсэн үзэгчдийн өргөн хүрээлэлтэй. Энэ бол уг хөтөлбөрийг бодож боловсруулж үзэгчиддээ өргөн барьдаг олон улсын тоймч Ш.Гантулгын арга ажиллагаа, арвин туршлагатай шууд холбоотой. Дэлхий дахинаа гадаадын улс орнуудад өрнөж буй үйл явдлыг түүх судлал, олон улсын үйл амьдралын гүн гүнзгий мэдлэгтэйгээр тал бүрээс нь задлан шинжилж ямар үйл явдал хаана болов, яагаад ингэхэд хүрэв, цаашдын үр дагавар нь юу болох вэ хэмээх өргөн хүрээнд нээн үзүүлж байдгаараа “ТV-9” телевизийн гадаад мэдээ хүмүүст илүү итгэл үнэмшилтэй сонсогддог. Өөр нэг онцлог нь уг үйл явдлыг Монголын нийгмийн амьдрал, улстөр, эдийн засгийн байдалтай холбон тайлбарлаж монгол хөрсөн дээр ойлгомжтойгоор буулган нутагшуулж, сургамж сэрэмжлүүлэг өгч байдгаараа олон улсын тоймч Ш.Гантулгын бэлтгэсэн гадаад мэдээ мэдээлэл илүү амт шимттэй байдаг юм. Өнөөдөр монголын нийгэмд түүний мэдээ мэдээллийг хүсэмжлэн хүлээж байдаг бүхэл бүтэн нийгмийн давхарга буй болсон байна. Энэ бол “ТV-9” телевизийн үйл ажиллагааны нэг үнэт зүйл мөн. Гадаад мэдээ, “Гантулгын цаг”-ийг маш олон хүн үзэж сонирхдог юм.
 
-Олон түмний мэдээлэл хүлээн авч байгаа голлох эх үүсвэр өнөөдөр цахим сайт уу, телевизүүд үү, аль эсвэл сонин хэвлэл байна уу?
 
-Иргэдийн мэдээлэл авдаг голлох эх сурвалж өнөөдөр Монголд телевиз хэвээрээ байгаа гэдгийг онцолъё. Ерээд онд энэ үзүүлэлт маш өндөр буюу ер гаруй хувьтай байсан. 2000 он гараад наян зургаан хувьд хүрч доошилсон. Өнөөдөр ойролцоогоор  70.7 хувьтай байна. Энэ нь Монголд нийгмийн сүлжээ /facebook/, мэдээллийн сайт зэрэг мэдээллийн бусад түргэн шуурхай шинэ эх үүсвэрүүд түргэн хурдацтай хөгжиж байгаатай холбоотой. Өдөр тутмын 14 сонин байна. Бараг зуугаад сэтгүүл бий. Хэдэн арван FM-үүд ажиллаж байна. Хэдий тийм боловч иргэд өргөн нэвтрүүлгийн телевизүүдээс голлох мэдээллээ авч байна. Манай “Монгол коммент”-ийг гэхэд найман настай балчраас наян настай буурлууд хүртэл өдөр бүр сонирхон үзэж байна шүү дээ.
 
-Теле мэдээллийн орон зайд тэргүүлж яваа голлох сувгуудын талаар шинэ мэдээлэл өгөөч. Хамгийн сүүлчийн байдлаар шүү.
 
-Тэгье. МАХСИМА судалгааны компани сар бүр эл мэдээллийг гаргадаг. Тийм учраас бидэнд хангалттай дэлгэрэнгүй мэдээлэл бий. ТОП 10 телевизийг үзэгчдийн тоо хэмжээгээр байнга шалгаруулдаг юм. Бүтэн өдрийн болон оргил цагийн рейтингээр нь байр эзлүүлж жагсаадаг. Тэдгээр үзүүлэлтээс харахад  Movie box, Asian box, Dream box зэрэг олон ангит киноны сувгууд айргийн тавд эрэмблэгдэх нь түгээмэл.
Харин Монголд үйл ажиллагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн 16 телевиз дээр авч үзвэл харьцангуй өөр дүр зураг харагдана. Өнгөрсөн он жилүүдэд ямархуу байдалтай явж ирснийг би таны өмнөх асуултуудад хариулахдаа тоймлоод хэлчихсэн. Та хамгийн сүүлчийн мэдээлэл өгнө үү гэж хүслээ.  2019 оны эхээр явуулсан нэгэн судалгаан дээр түшиглэж хариулъя. Улаанбаатар хотын есөн дүүрэг, Монгол Улсын  найман аймгийг хамруулж явуулсан томоохон судалгаа юм билээ.
Монголчуудын голчлон үздэг теле сувгуудыг эрэмблэж жагсаахад МҮОНТ 51.6 хувиар ТОП 10-ыг тэргүүлж, ТV-9 телевиз 4.9 хувиар удаалсан байна. “Сант Марал” сангаас  2017 онд явуулсан судалгаанаас харахад мөн л энэ хоёр телевиз тэргүүлж байсан юм. Харин хоорондын зай нь их хол байсан. Өнөөдөр маш ойртсон байна. Араас нь ТV-5 телевиз 17.5 хувиар, 25-р суваг 17.4 хувиар, Монгол НД 16.6 хувиар, Ийгл ньюс 11.3 хувиар, UBS 10.3 хувиар, С1 8.5 хувиар, “Боловсрол” 7.4 хувиар, МҮОНТ-ийн “Монголын мэдээ” суваг 6.9 хувиар тус тус  жагсчээ.
Улаанбаатар хотноо МҮОНТ-ийг үздэг иргэдийн хувь хэмжээ  43.4 хувьтай, орон нутагт 58.4 хувьтай гарсан бол “ТV-9” телевизийг нийслэлд 39.3 хувь, орон нутагт 51.7 хувь нь үзэж байна гэсэн судалгаа гарсан байна лээ. Хөдөө орон нутагт манайхыг сайн үздэг гэдгийг бид мэднэ. Тиймээс нийслэл хот дахь үзэгчдийнхээ тоо хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр чармайж ажиллах шаардлагатай гэж харж байна.
 
-Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн хөтөлбөрт голлох чиглэл нь цаг үеийн түргэн шуурхай мэдээлэл байдаг. Танай мэдээллийн хөтөлбөр хүн амын олонхид хүрч нөлөөлж чадаж байна уу?
 
-Судалгаа бол шууд үнэнийг л өгүүлдэг юм. Тэр нь чихэр шиг амтлаг байж болно. Бас залгихын аргагүй гашуун үнэн ч байж  мэднэ. Тийм учраас би социологийн судалгааны үр дүнд илүү итгэдэг хүн.
Дээрх судалгаанаас харахад МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийг ойролцоогоор судалгаанд хамрагдагсдын 56 хувь нь үздэг гэжээ. ТҮ-9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрийг мөн 56 хувь нь үздэг гэж хариулсан байна. TV-5 телевизийн “Цаг” мэдээллийн хөтөлбөр 31.1 хувиар гуравт эрэмблэгдсэн бол “ТV-9” телевизийн ням гаригийн “Анализ” тойм хөтөлбөр  17 хувиар дөрөвт жагсчээ.
Монгол ТВ-ийн “Оргил цаг” 16,2 хувиар, 25-р сувгийн “25 цаг” мэдээллийн хөтөлбөр 15.5 хувиар, Ийгл телевизийн ”Ийглийн мэдээ” 14.1 хувиар, С1-ийн мэдээ 11.3 хувиар, UBS телевизийн “City news” 96 хувиар, ТV-8 телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөр 8.9 хувиар тус тус араас нь жагссан байна.
 
-Тэгэхээр МҮОНТ, “ТV-9” телевизийн мэдээллийн хөтөлбөрийг үзэгчид илүү үздэг, түүнд илүү итгэдэг гэсэн үг үү? Би тэгж ойлголоо.
 
-Тиймээ, тэгж ойлгож болно. Өнгөрсөн оны сүүлчээр гаргасан миний “Нэгэн телевизийн нэвтрүүлэг, хөтөлбөрт хийсэн зарим ажиглалт судалгаа буюу “ТV-9” телевизийн тухай тэмдэглэлүүд” номонд энэ тухай маш дэлгэрэнгүй мэдээлэл бий. Ганц “ТV-9” телевизийн тухай ч биш юм. Үзэгчдийнхээ таталтаар ТОП 10-д бичигдэж ирсэн нэвтрүүлэг, хөтөлбөрүүд нь олон түмэнд таашаагддаг телевизүүдийн талаарх сүүлийн таван жилийн судалгаа бүрэн эхээрээ байгаа. Түүнтэй танилцвал цөөнгүй асуултад хариулт авна.
МАХСИМА консалтинг компани 2019 оны нэгдүгээр сард улс орныг бүхэлд нь хамарсан сонирхолтой судалгаа хийсэн байна лээ. Шинэхэн судалгааны хамгийн амт шимттэй нь энэхүү хэсэг байгаа юм. Үзэгчдийн мэдээллийн хөтөлбөртөө итгэдэг хувь хэмжээг тодорхойлох гэж оролджээ. Би сэтгүүлзүйн судлалаар олон жил ажиллаж байгаа ч ийм судалгааны дэлгэрэнгүй мэдээлэл, үр дүнтэй тэр бүр тааралдаж байгаагүй. Энэ бол маш ухаалаг хандлага, зоримог шинэчлэл гэж хэлмээр байна. “Сант Марал”  2017 онд нэг удаа иймэрхүү судалгаа явуулснаас зарим тоо баримтыг түрүүнд цухас дурдсан.
Итгэлийн индексийг харахад “ТV-9” телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр  86.3 хувиар тэргүүлжээ. МҮОНТ-ийн “Цагийн хүрд” 84.7 хувиар удаалсан байна. Ийгл телевизийн “Ийглийн мэдээ”  84.6 хувиар гуравт эрэмблэгдсэн аж.
 
-ТV-9 телевизийн талаар хамгийн сонирхолтой дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн явдалд баярлалаа. Ахиад нэг зүйлийг асуучихъя. Өнгөрсөн 15 жилд өсөж хөгжихийн бэрхшээлийг танайх амсаж туулж явж өнөөгийн өндөрлөгт хүрсэн байж таарна. Дандаа дардан шулуун замаар яваагүй байлгүй?
 
-Та хамгийн эмзэг цэгийг олж хатгалаа. Аз болоход энэ телевизэд сайн хүмүүс, хамгийн гол нь мэргэжлийн шилдэг сэтгүүлчид, чадамгай зохион байгуулагчид ажиллаж иржээ. Анхны захирал нь Нацагийн Дуламсүрэн, хоёр дахь захирал нь Цэндийн Энхбат, залгуулаад Намхайн Долгор захирлаар ажилласан байдаг. Тэд эхнээс нь чадварлаг хамт олныг бүрдүүлж чадсан юм билээ. МУСГЗ, найруулагч О.Соёлт, МУСГЗ, зураглаач Б.Донров, МУСГЗ, сэтгүүлч П.Сандуйжав нарын авъяаслаг уран бүтээлчид энд ажиллаж байсан. Тэд амьдрах чадвар сайтай чөлөөт телевизийн бат бэх эх суурийг тавьж чадсан байгаа юм.
 
 
Б.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин