sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор эрх баригч Монгол Ардын Нам Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн Газрын тэргүүнээс , М.Энхболдыг МАН-ын даргаас огцруулж,  У.Хүрэлсүхийг 2017 оны 10 сарын 4-нд  Монгол Улсын Ерөнхий Сайдаар,  2017 оны 11 сарын 21-нд Монгол Ардын Даргаар тус тус томилсон билээ.
Үүнээс хойш У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшиж байх үед  Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдээлэл, харилцаа хариуцсан  зөвлөх багийнхан нь дэмжих гэх зэргээр албан бус байдлаар, туйлын болгоомжтой харилцаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий Сайд нарын харилцаа ил тод, идэвхтэй хамтын ажиллагааны хэлбэрт шилжсэн юм.
 
Энэ нь нэг талаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АТГ зэрэг мөрдөн шалгах эрх бүхий хуулийн байгууллагын удирдлагыг солих, нөгөө талаас Монгол Ардын Нам, УИХ-д өөрийн бүрэн хяналтаа тогтоох гэсэн Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх нарын сонирхол нийлсэнтэй шууд холбоотой байв.
 
Учир нь УИХ-ын дарга М.Энхболд хуулиар өөрт нь олгогдсон эрхийг ашиглан, АТГ-ын дарга, дэд даргыг солих асуудлыг хэлэлцүүлэхгүй байсан бөгөөд ерөөс хуулийн байгууллагын удирдлагыг бүхэлд нь өөрчлөхгүй байх сонирхолтой нь илт байлаа.
Иймээс ч УИХ-ын даргад шахалт үзүүлэх буюу эсбөгөөс УИХ-ын даргыг солих замаар АТГ-ын даргыг өөрчлөх Ерөнхийлөгч Х.Баттулгын, М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах замаар өөрийн нөлөөллөө тэлж, бэхжүүлэх гэсэн Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ашиг сонирхол бас л давхцан, МАН доторх "60 тэрбум" бүлэглэлийн эсрэг тэмцэл гэгч идэвхжиж эхэлсэн нь нууц биш билээ.
2018 оны зун УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, АТГ-ын удирдлагуудыг солих асуудлыг хэлэлцүүлэхийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ шаардсанаар эхэлсэн энэ их УЛС ТӨР АТГ-ын дараалсан баривчилгаа, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах УИХ-ын нэр бүхий 27 гишүүний санал, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг МАН-ын гишүүнээс хассан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг огцруулсан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулсан, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар Монголын улс төрийн түүхэнд анх удаа чуулганы хуралдаандаа суулгүй бойкот зарласан УИХ-ын гуч гаруй гишүүн, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нарын удирдаж, нэр бүхий иргэний хөдөлгөөнүүдийн зохион байгуулсан МАНАН дэглэмийн эсрэг хөдөлгөөн, жагсаал, Монгол Улсын ҮАБЗ-ийн зөвлөмж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хууль гээд он дамнан үргэлжилж, эцэстээ УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж, оронд нь Г.Занданшатарыг томилсноор нэг юм дууссан билээ.
 
Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар  2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр захирамж гаргаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлон зарласан юм.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал; Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр уг захирамжид тусгасан байв.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч 2018 оны 5 сарын 2-нд өргөн барьж байсан саналаа хэвээр буюу АТГ-ын даргад Д.Даваа-Очир, АТГ-ын дэд даргад Ж.Батсайхан нарыг дэвшүүлж, УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлсэн юм.
 
Гэтэл УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр (2019 оны 3 сарын 25) хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан саналын тухай асуудлыг хэлэлцсэн билээ.
Ингээд АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийн томилгооны асуудлаар хэлэлцэн, АТГ-ын дарга, дэд даргын томилгоог  хойшлуулсан. "Эдгээр албан тушаалуудад томилогдох хоёр хүний нэрсийн саналыг Ерөнхийлөгчөөс ирүүлсэн. Энэ асуудлаар өмнө нь УИХ болон Хууль зүйн байнгын хороо шийдвэрээ гаргасан. Тухайн шийдвэрээр бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байна. Тийм учраас өргөн барьсан хоёр хүний асуудлыг хэлэлцэх боломжгүй байна гэдэг шийдвэр гаргасан байсан. Энэхүү шийдвэрийн талаар эргэн ярилцаж АТГ-ын дарга, дэд даргын томилгооны хугацаатай холбоотой маргаан үүсчихсэн байгаа учир УИХ-ын яаралтай шийдэхгүй гэдэг үүднээс энэ асуудлыг хойшлуулах шийдвэр гаргасан" хэмээн уг шийдвэрээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбарласан юм.
Шулуухан хэлэхэд энэ бол МАН-ын удирдлагуудын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг зүгээр л  "өдөж" буй явдал гэхэд болно.
Учир нь "Ерөнхийлөгчийн өргөн барьсан хоёр хүний асуудлыг хэлэлцэх  эрх зүйн боломжгүй байна" гэдэг бол шинэ мэдээлэл биш.
2018 оны 5 сарын 8-нд болсон УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гарсан шийдвэр.
Харин Г.Занданшатар УИХ-ын дарга болсноор уг шийдвэрийг өөрчилнө, МАН-ынхан М.Энхболдыг огцруулах үедээ хууль яриагүй шигээ шийдчихнэ гэсэн хүлээлт улс төрийн тодорхой хүрээнд байсан нь нууц биш.
 
Гэвч М.Энхболдыг Г.Занданшатараар сольсон ч АТГ-ын дарга, дэд даргаар Д.Даваа-Очир, Ж.Батсайхан нарыг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэл биелсэнгүй.
 
Хүүхэд хуурч буй мэт бараг жилийн өмнө гарсан УИХ-ын Хууль Зүйн байнгын хорооны шийдвэрийг үндэслэн уг асуудлыг хойшлуулахаа мэдсээр байж УИХ-ын ээлжит бус чуулган зарласныг эс тооцвол шүү дээ.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар МАН-ын удирдлага Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосон хүмүүсийг АТГ-ын дарга, дэд даргаар томилох нь буруу гэж дүгнэн,  дахин тохиролцож,  "дундын хувилбар" гаргах хэрэгтэй гэж үзжээ. Иймээс ч цаг хожихын тулд УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр гэгчээ гаргасан байна.
Өөрөөр хэлбэл тэд ярьсан тохирсоноосоо буцан, Монгол Улсын Ерөнхийлөгчийг "мэхэлчихсэн" бололтой.
 
М.Гал