sonin.mn
ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон МҮОНТВ-ийн “Цаг үе үзэл бодол” нэвтрүүлэгт зочноор оролцлоо.
 
-Таныг банкны салбарт 20 жил ажиллаж байгаа, бонд босгодог гэдгээр чинь сайн мэднэ. Гэхдээ Орхон гэдэг хүн яг хэн бэ? Хэзээнээс банкны салбартай хэрхэн холбогдсон тухай ярья?
 
Би арван жилээ Орост төгсөн. Тухайн цаг үед залуус гадаадад сурахыг эрмэлздэг байсан бол би эцэг эхээсээ зөрж, эх орондоо очиж их сургуульд сурна, банкир болно гэж ирсэн. 1997 онд МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийг банкны мэргэжлээр төгсөөд Худалдаа, хөгжлийн банканд сонгон шалгаруулалтаар тэнцэж, ажиллах хувь олдсон цагаас банкны салбартай холбогдож, тууштай ажиллаж байна.
 
-Худалдаа, хөгжлийн банканд олон жил ажилласан учраас хүмүүс таныг Худалдаа, хөгжлийн банканд хувь эзэмшдэг гэж боддог байх?
 
Банкны захирал гэхээр хүмүүс маш их баян, банкныхаа эзэн нь гэж ойлгодог. Манай банк олон улсын жишгийн дагуу 1998 онд 100 хувь төрийн өмчийн банк байхдаа 30 хувиа ажилтнууддаа хувьчилсан. Тухайн үед би ажилд ороод удаагүй, туслах ажилтан байсан учраас багахан хувьцаа ногдсон. Тэр хувиа одоо хүртэл хадгалж байгаа.
 
-Нууц биш бол хэдэн хувь эзэмшдэг вэ?
 
Хувиар бодох юм бол бүр тэг зууны тэг тэг хэд рүү орно. Тухайн үед албан тушаал, ажилласан жилээр нь ногдуулсан учраас надад маш бага хувь ногдсон, гэхдээ хувь хүртсэндээ их баяртай байдаг.
 
-Эдийн засагчид банкны салбарыг их шүүмжилдэг. Монголд жинхэнэ банк байна уу, Бүгд л мөнгө хүүлэгч, ломбард гээд шүүмжилдэг. Та энэ шүүмжлэлийг юу гэж хүлээж авдаг вэ?
 
Ер нь энэ шүүмжлэлд дасчихсан. Яаж эдийн засгаа өөд нь татах уу, яаж том төслүүдийг урагшлуулах уу, яаж ард түмний нуруунаас эдийн засгийн хүндрэлийг салгах уу гэдэг тал дээр банкнууд бодлогын чанартай үйл ажиллагаа явуулдаг, тийм учраас ломбардуудаас өөр. Өнөөдөр хүүгийн нөхцөл, инфляц өндөр байна.
 
Манай Худалдаа, хөгжлийн банк голчлон байгууллагуудтай хамтарч ажилладаг учраас бидний үйл ажиллагаа илүү өргөн хүрээтэй. Улсын болон хөрш улсын, бүс нутгийн цаашлаад дэлхийн эдийн засгийн чиг хандлагад нийцүүлж улсдаа тохирсон бодлогын үйл ажиллагаа явуулдаг. Арилжааны, хувийн банк мөртлөө аль салбарыг дэмжих үү, яаж эрсдэлээс сэргийлэх үү, яаж тогтвортой ажиллах уу гэх мэтчилэн бодлогын ажил хийдэг. 
 
-Банкны хүүтэй холбоотой олон шүүмжлэл бий. Жишээ нь ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үздэг. Иргэд ч үүнийг хүсдэг гэтэл банк зээлийн хүүг бууруулах хүсэлтэй байна уу?
 
Банк бол үүнийг хүсэхийн дээдээр хүсэж байгаа. Яагаад гэвэл өндөр хүүтэй зээл олгох чинээгээр харилцагчид эрсдэлд орж, ашиг орлого нь буурах учраас эргээд ашгаа хүртээд банканд зээл, зээлийн хүүгээ төлөхөд эрсдэл бий болдог. Тиймээс зээлийн хүүг бага байлгахыг эрмэлздэг.
 
-Тэгээд яагаад хүүг бууруулах ажил хийхгүй байгаа юм? 
 
Бид олон ажил хийж байгаа. Үндэсний хөтөлбөр ч боловсруулаад ажиллаад явж байна. Гэхдээ инфляцын түвшин ямар байгаа билээ, хадгаламж эзэмшигчид тэнэг биш шүү дээ. Эдийн засаг, банк гэдэг зүйл зөвхөн Монголд л байдаг юм биш учраас хүмүүс мөнгөө гадны банканд байршуулна, гадаад валют болгоно, эсвэл бүр үл хөдлөх хөрөнгө болгож болно, хувьцаа, хөрөнгийн арилжаанд оролцох гэх мэтээр маш олон арга байгаа. Гэтэл банкууд бий болж байгаа жаахан мөнгийг Монгол Улсдаа байлгахын тулд хүүгээр өрсөлдөж байна. Нөгөө талаас олон улсын зах зээл дээрээс мөнгө босгох амархан юм шиг санадаг ч улс төр, нийгэм, геополитик, эдийн засгийн байдал, түүхийн эдийн үнэ гээд олон зүйлээс шалтгаалдаг. Манай банк анх 12 жилийн өмнө бонд гаргаснаас хойш өөр аль ч банк бонд гаргаж чадаагүй байна. Хүссэн болгон очоод хэдэн зуун сая ам.доллар олоод ирдэг бол Монгол улс мөнгөний хомсдолтой байхгүй нь ойлгомжтой.
 
-Монгол улсын эдийн засаг дотоодын байдал, дэлхийн зах зээл гээд олон зүйлээс хамаарна. Эдийн засагчид Монголын зах зээлийн эрүүл биш гэж томьёолдог?
 
Түрүүний асуултаас чинь үргэлжлүүлээд хариулъя. Банк зөвхөн компанийн тухай хуулиар зохицуулагдаж үйл ажиллагаагаа явуулдаггүй. Дотоодын хууль, дүрэм журмаас гадна олон улсын стандартыг баримтлан, тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг, чанга хяналтад байдаг. Гэхдээ хүү бууруулах олон арга байна. Хууль эрх зүйн орчноо сайжруулах, чанаргүй зээлийг бууруулах, Төв банкны заавал байлгах нөөц гэх мэт дэлхийн стандартаас өндөр шалгууруудыг бууруулж болж байна. Харамсалтай нь хүү өндөр байгаа, ард түмэн банкуудад дургүйцэж байгаа үед улс төрчид тогтолцоогоо сайжруулъя, чанаргүй зээлдэгчидтэй хариуцлага бодно гэхээр банкуудын талд орж, ард түмний эсрэг байгаа мэт харагддаг. Энэ нь улстөрчдийн нэр хүндэд нөлөөлдөг учраас энэ асуудал дээр дуугарч чаддаггүй. Өмнө банк эзэмшиж байсан, төв банкны удирдлагад ажиллаж байгаад УИХ-д орсон банкны салбарыг ойлгох хүмүүс байгаа ч дорвитой ажил хийж чадах улстөрч гараагүй л байна.
 
-Бизнес, улс төр хоёр тусдаа хөгжих хэрэгтэй гэдэг мөртлөө өнөөгийн нөхцөлд нийлчихсэн байгаа. УИХ-ын гишүүдийн дунд банканд хувьцаа эзэмшдэг, банк бус санхүүгийн байгууллагатай хэчнээн хүн байна гээд тоолвол олон хүн дурдагдана. Ийм нөхцөлд банкны бизнес эрхлэх амаргүй байх гэж бодож байна?
 
Бусад улс орнууд бол засаглал, эдийн засгийнхаа хувьд олон жил хөгжсөн. Манай улсын хувьд онцлог байна. Цөөн хүн амтай, 1990 онд нэг гараанаас гарцгаасан. Улс төрч болох нь болоод бизнес эрхлэх нь эрхлээд , улс төрөөс бизнест, бизнесээс улс төрд ороод явсан учраас хэтэрхий туйлшрах хэрэггүй. Ер нь том зургаараа хувийн хэвшил, төр хоёр хамтарч ажиллах шиг үр дүнтэй зүйл байхгүй гэдгийг өнөөдөр өндөр хөгжилтэй орнууд их ярьж, хэрэгжүүлж байна. Хоёр талдаа ойлголцохгүй, өмчөө булаалдах биш нийгмийнхээ төлөө хамтарч ажиллах хэрэгтэй байна. Манай банк үүсгэн байгуулагдсан цагаасаа улсынхаа эдийн засгийн том жижиг бүхий л томоохон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлж ирсэн.
 
-Ямар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулах ажил хийв?
 
Санхүүжилтийн хэдэн жишээг хэлмээр байна. МИАТ компани анхныхаа “Боинг” онгоцыг худалдаж авахаар захиалгаа хийсэн. Яг цагаа тулаад авах болоход мөнгө байгаагүй. Тухайн үед Зам тээвэр, хөгжлийн яамны сайд, Монгол банкны захирал, Хөгжлийн банкны захирал бүгд нийлээд хаанаас мөнгө гаргах уу, гэдэг асуудалтай тулгарсан. Хөгжлийн банканд мөнгө байгаагүй учраас намайг дуудсан. Тэгээд энэ ажлыг яаралтай санхүүжүүлэх хэрэгтэй, үндсэндээ улсад мөнгө алга гэсэн. Өнөөдөр улсад мөнгө байхгүй гэж юу байсан юм гэж байгаа ч цагаа тулахаар байдаггүй л байхгүй юу. Тэгээд л 80 сая доллар гаргаад ёслол төгөлдөр “Боинг” онгоцоо хүлээн авч байсан. Дараа нь Америкийн экспорт, импортын банкны зээлээр дахин санхүүжүүлээд улирал болгоны төлбөрөө төлөх болоход бас л мөнгө байхгүй болсон. Дахиад Худалдаа, хөгжлийн банк улирал бүрийн төлбөрөө төлөхөд нь санхүүжүүлж явсан. Илүү том жишээ ч байна. Монголын төмөр зам компанид 250 сая долларын шинэчлэл хийхээр Орос, Монголын тал санал нийлсэн. 
 
 
Бонд гээд ярих юм бол сүүлийн 2015 оны 500 сая долларын бондыг маш хүнд нөхцөлд гаргасан. Тухайн үедээ засгийн газрын дотооддоо гаргасан нийт үнэт цаасны 60 хувийг Худалдаа, хөгжлийн банк худалдан авч улсын төсвийн 60 хувийг бүрдүүлж байсан гэж ойлгож болно. Өрийн тааз хуулиар тогтоосон хэмжээнээс давсан, гадаад зах зээлд түүхийн эдийн ханш уначихсан учраас засгийн газар өөрөө бонд гаргах боломжгүй. 
 
 
Үндсэндээ энүүгээр 2015 онд Монгол улсын импорт, экспортын зөрүү, валютын нөөцийг бид гаргаж байсан.
 
-Тэгвэл мөнгө босгоод, зээлээд, хамтраад Эрдэнэт гэдэг их айлын хувийг авчихсантай холбоотой олон асуудал яригдаж байна. Тухайлбал Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуай Худалдаа, хөгжлийн банкны хувьчлал анхнаасаа асуудалтай байсан гэж яриад байна?
 
Би банкныхаа үүх түүхийг сайн мэднэ. Тэр үед би гадаадад магистрын зэрэг хамгаалахаар явсан байсан. Гэхдээ тухайн үед манай банкийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаггүй, банк санхүүгийн байгууллага удирдаж, хөрөнгө оруулж үзээгүй компанид хувьчилсан байсан. Нөгөө компани нь банкийг яаж удирдахаа мэдэхгүй учраас хаа байсан Голландын “ING” банкны тэтгэвэртээ гарсан хүмүүсээс техникийн туслалцаа нэрийдлээр зөвлөх үйлчилгээ аваад ажилласан. Энэ нь банкны үйл ажиллагааг доройтуулсан байсан. Ийм нөхцөлд л Эрдэнэтээс ялгаагүй Монголынхоо хамгийн том банкийг гаднынханд хувьчилсан байсныг мөнгө төлөөд эргүүлж Монголдоо авчирсан асуудал. Тэрнээс биш ерөнхийлөгч асан Н.Энхбаярын яриад байгаа шиг Төрийн банкийг луйвардаад эсвэл хувьчлаад авчихсан юм шиг яриад байгаа нь худлаа. Хамгийн том банкны үйл ажиллагааг маш хүнд байдалд оруулчихсан байсанг өнөөдөр зөв ажиллуулаад улсынхаа эдийн засагт хамгийн том хувь нэмэр оруулаад явж байна.
 
-2016 оны сонгуулийн үеэр энэ үйл явдал болсон. Цаг үе нь тэгж таарав уу?
 
Энэ төрлийн хэлцэл яаж болдог, ямар үйл явдал болдог талаар мэдэхгүй хүмүүс ингэж хардах нь аргагүй ээ. Бид нар бол санхүүгийн зөвлөгөө, санхүүгийн зуучлал, санхүүжилтээр тусалсан учраас юу болсныг мэдэж байгаа. Яригдаад байгаа шиг тийм айхтар юм болоогүй. Олон улсын хэмжээнд энэ төрлийн хэлцэл яаж хийгддэг тэр журмаар маш богино хугацаанд Монгол, Орос, Англи, Америк мэргэжилтнүүд мэргэжлийн түвшинд ажилласан. 
 
-Худалдаа, хөгжлийн банк олон улс төрч хувьцаа эзэмшээд, таныг дуудаж уулзаад, үүрэг чиглэл өгдөг тухай яриа үнэн юм уу?
 
Банкны систем, банкны сектор бол ил тод салбар. Гадна дотнын байгууллагууд бизнес харилцаа тогтоох, манай банканд хөрөнгө оруулахын тулд бүх зүйлийг шалгаад хамтарч ажилладаг учраас энэ яриа худлаа. Үеийн үед Худалдаа, хөгжлийн банк сайд дарга нартай ажил хэргийн холбоотой байж, том төслүүдийг санхүүжүүлж байсан. Энэ улсад болж байгаа зөв зүйтэй, ирээдүйд ач холбогдол бүхий ажил юу л байна бид тэрэнд оролцож байсан. Би ч хувиараа олон яам, хөрөнгийн биржид орон тооны бус зөвлөх хийж байсан, гэхдээ олгогдсон эрх мэдэл, зөвшөөрөл хуулийн дагуу л ажиллаж байсан.
 
-Монголчууд олон жилийн турш хөрөнгийн бирж, үнэт цаасны зах зээлийн хөгжүүлэх тухай ярьдаг. Уг нь ашигтай боловч энэ ажил урагшилдаггүй. Энэ хөрөнгийн зах зээлийг яаж хөгжүүлэх вэ?
 
Хөрөнгийн зах зээл бол нэрнээсээ ойлгомжтой. Хаана хөрөнгө оруулах боломж, сонирхол байна тийшээ л мөнгө урсаж байдаг. Мэдээллийн эрин зуун, хөрөнгийн зах зээл өдрөөс өдөрт хөгжиж улам дижитал болж байна. Ийм үед хөрөнгө оруулах боломж хаа сайгүй байгаа. Дэлхийд эрх зүйн орчин сайтай, худалдаа , хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж нь тодорхой болчихсон улс орнууд зөндөө байна. Дэлхийн аль ч улсын компани, аль ч бирж дээр очоод хөрөнгө оруулалт хийх, татах боломжтой. Тэгэхээр зөвхөн Монголд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлээд, дэлхийн санхүүгийн төв болгоно гээд том яриад байх хэрэггүй. Монголд хөрөнгө оруулах сонирхолтой компаниуд байгаа ч боломж нь алга. Валютын ханшийн хамгаалалт, нийгэм, улс төрийн тогтвортой байдал, хууль эрх зүйн орчин байна уу, өгөөж өгөх хөрөнгө нь байна уу гэдэг чухал. 2008 оны хямралаас өмнө дэлхийн хөрөнгө оруулагчид уул уурхай руу шуурч Монгол олны анхааралд байсан. Одоо бол уул уурхайн салбар гаднаас хөрөнгө оруулалт татах чадвар муу болчихсон учраас хөрөнгийн зах зээлээ хөгжүүлнэ гэж ярих хэцүү. 
 
-Саяхан нэг бизнесментэй ярилцахад Монголын эдийн засгийн байдал тун бүрхэг байна гэж ярьсан. Гэтэл зарим хэсэг нь эдийн засаг сэргэж байна гэж үзээд байгаа. Таныхаар эдийн засаг сэргэж байна уу? Ирээдүйн дүр зургийг юу гэж харж байна вэ?
 
Тоогоор ярих юм бол эдийн засаг өсөлттэй байгаа. Өсөлт юунаас харагдаж байна гэхээр сүүлийн жилүүдэд банкууд зээлээ хаачихсан байсан бол зээл олгож эхэлсэн. Ингээд хөдөлгөөнд ороод эхлэхээр эдийн засаг сайжирна гэхдээ харамсалтай нь манай эдийн засгийн нөхцөл байдал сайжраад эсвэл том төслүүд бий болж, өмнөх төслүүд үр өгөөжөө өгч эхлээд эдийн засаг өсөөгүй. Үндсэндээ хэрэглээ буюу ард түмэн орон сууц, бараа бүтээгдэхүүний зээл авч хэрэглээний худалдан авалтаас үүдсэн өсөлт. Тэрнээс биш гол аж үйлдвэрлэл, гадаад худалдаа, үндэсний үйлдвэрлэл дээр олигтой өсөлт гараагүй.
 
-Гадны банк орж ирэх тал дээр ямар байр суурьтай байна? Ингэж байж л банкуудын өрсөлдөөн нэмэгдэж, зээлийн хүү буурна гэж үзээд байна.
 
Монголд улсад орж ирэх гээд энд л салбараа байгуулахгүй бол болохгүй нь гээд байгаа гадны банк алга. Харин ч Монголд бизнес явуулах, салбараа байгуулах нь битгий хэл өөрийнхөө банкны дансаар мөнгийг нь гуйвуулах ч эрсдэлтэй гэж үзэж байгаа. Өнөөдөр гарч байгаа банк байгаагаас орж ирэх хүсэлтэй банк мэдэхгүй л юм байна. Дэлхийн “HSBC”, “Citibank”, “Deutsche Bank”, “Standard Chartered” гээд том банкууд Монголын бүх банкны дансыг хаагаад гараад явлаа. Бодлогоор ч юм уу, хөрш зэргэлдээ улс учраас ч юм уу тодорхой бодлогоор орж ирэх сонирхолтой хэдэн банк бий л дээ. Тэднийг ямар түвшинд оруулж ирэх вэ, дотоодын банкуудтай яаж өрсөлдүүлэх вэ гэх мэтчилэн шийдэх зүйлс бий. Яаж бид дэлхийн нэг, хоёр, гуравт ордог банкуудтай өрсөлдөх вэ? Нийлээд ч тэдэнд хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр эсэргүүцээд бид нартай өрсөлдөх гээд байна гэж есөн шидийн тайлбар хийх нь ичмээр.
 
-Саяны болсон үйл явдал Худалдаа, хөгжлийн банкны үйл ажиллагаанд яаж нөлөөлөв?
 
Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын хувьд миний хамгийн их санаа зовж байсан асуудал бол энэ. Банкны нэр хүнд, харилцагчдын итгэл, хамтрагчид маань яаж хүлээж авах бол санаа зовсон. Гэтэл эдгээр хүмүүс Монголын нийгмийг мэддэг, манай банканд итгэдэг юм байна. Олон улсын хөрөнгө оруулагчид сандарч мөнгөө татах болов уу гэж бодтол харин ч дэмжихээ илэрхийлсэн. Монголын хамгийн том компаниуд дэмжиж, хамтран ажиллаж байна. 
 
Ярилцсанд баярлалаа.