sonin.mn
Монголын төр өчигдөр “аймаар” хурдтай ажиллав.
ҮАБЗ-ийн уржигдрын хурлаар тохирсон ёсоор Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, бусад хуулийн төслийг өчигдөр УИХ-д өргөн мэдүүлжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн төслүүдийг хүлээн авмагц, УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 54 дүгээр захирамждаа нэмэлт оруулсан захирамжийг гаргажээ.
Учир нь уржигдарҮАБЗ-өөс “…Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Ерөнхийлөгчид даалгасан” тухай Н-09/08 дугаар бүхий зөвлөмжийг гаргасан тухай Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрын тайлбар мэдээлэлд дурдсан байна.
Тиймээс дээрх захирамжаар ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэмжээ.
Харин УИХ-ын даргын захирамж гарсан даруйд Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын ерөнхий сайдын айлчлалын хажуугаар амжуулан Засгийн газраа нэн яаралтай хаалттай хуралдуулж “Ерөнхийлөгчийн хууль”-ийг дэмжүүлээд, дараа нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг цуглуулж, “…Дэмжсэн” гэсэн шийдвэр гаргуулан Байнгын хороод руу оруулав.
Залгуулаад чуулганы хуралдаанаар хэлэлцэж шөнөдөө батлах нь тодорхой болчихлоо.
 
Энэ бол маш гайхалтай хурд юм. Гэхдээ “аймаар” хурд.
Товчхондоо, бүх шатны ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын ерөнхий прокурорын орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарыг ҮАБЗ шууд чөлөөлдөг болж байна гэсэн үг. Ингэхдээ чих нь зөөлөн байгаа ЦЕГ, ТЕГ-ын дарга нарыг хамруулаагүй байгаа нь бас нэг асуудал.
Энэ хууль гарснаар МАН-ын бүлгийн зарим гишүүний хэлсэнчлэн  “…Парламентын засаглалтай орон байж, төрийн гурван өндөрлөг нь АТГ-ын дарга, Улсын ерөнхий прокуророо томилоод сууж байх нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэнэ” гэдэг үнэн. Тийм зүйл болох нь тов тодорхой.
Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 т”…УИХ төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ”, 25.1.2-т ингэхдээ “…төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох” тухай заасан байдаг. Энэ шууд зөрчигдөнө. Өөрөөр хэлбэл, УИХ-ын бүрэн эрхэд догол үүсч байгаа юм.
 
Үндсэн хуулийн манаач гэгддэг, “иргэн” Д.Ламжав ч энэ тухай сонссон даруйдаа “…Хүнд зориулсан бас нэг хууль гарах уу. УИХ энэ мэтээр эрхээ шилжүүлээд байх уу” гэж дуугарна лээ. Энэ үнэн.
 
Эдгээр хуулийн өөрчлөлтийн хамгийн гол бай нь АТГ-ын дарга Х.Энхжаргал гэдэг тодорхой харагдаж байна. Уг нь УИХ-д Х.Энхжаргал байтугайг дуудаж авчраад ажил үүргийг нь тайлагнуулах эрх мэдэл бий. Ингэж УИХ-ын бүрэн эрхийг бусад руу шилжүүлж, нэг үгээр УИХ-ын хүчийг сулруулалгүйгээр шийдээд явж болох л байсан.
Гэхдээ Аюулгүйн зөвлөл ингэж АТГ-ын даргыг дуугаргалгүйгээр асуудлыг шийдэх нь зөв гэж үзсэн байна. Яг л С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүхдээ Б.Булганыг оруулалгүй шийдсэн шиг юм. Хэрвээ Б.Булган орсон бол шүүх хурлын шийдвэр, эрүүдэн шүүлгэсэн гээд байгаа хоёрын хувь заяа тэс өөрөөр эргэх байсан гэдэгтэй агаар нэг юм.
Нөгөөтэйгүүр ҮАБЗ-ийн зөвлөмжийг УИХ хүлээж авч болно, эсвэл буцаах ч эрхтэй. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон УИХ-ын эрх бөгөөд ард түмний төлөөлөл болох УИХ-ын 76 гишүүний бүрэн эрх юм.
Гэвч ингэж эрхээ хэрэгжүүлэх хүсэл сонирхол УИХ-ын гишүүдэд алга. Дэмжээд, кнопдоод дуусах нь тодорхой байна.
Тэгвэл энэ бүхний дараа юу болох вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Тун таагүй ирээдүй лав УИХ, түүгээр дамжин ард түмнийг хүлээж байна гэхэд хэтийдэхгүй.
 
Ер нь бол ҮАБЗ-ийг бүрдүүлж байгаа Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх гуравт л шүүгч, прокурор, АТГ-ын дарга “ёсолж” байхаар болж байна. Яг үнэндээ гуравхан хүнд таалагдана гэдэг 76 гишүүний шүүлтүүрээр орохоос хавьгүй хялбархан болж байгаа байх. Гэхдээ ингэж “нугалсны” хор хохирол нь Монгол төрийн чадамжид илүүтэй тусна. 
 
Мань гурав сууж байгаад л “…Найзууд аа, Өмнөговийн ерөнхий шүүгч болдоггүй ээ. Солиод үзэх үү”, нөгөө хоёр нь “…Тэгье ээ, хүн байна уу” гээд л болчихно гэсэн үг үү. Маш их магадлалтай эд.
 
ҮАБЗ гэх маш нууц хуралдаанаар юу ярьдгийг монголчууд хэзээ ч сонирхдоггүй. Сонсогддог ч үгүй. Харин ингээд томилгоо ярьдаг болох юм бол эмгэнэлтэй явдал их л болно доо.
 
1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш ҮАБЗ тав дахь тэргүүнийхээ нүүрийг үзэж байна. Харин бусад гишүүд нь арав, хорин удаа солигдсон. Энэ удаагийнх шиг дотроо маш “эв нэгдэл”-тэй ҮАБЗ-ийг монголчууд үзээгүй. Ерөнхийлөгч байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар ҮАБЗ-ийн бусад гишүүдтэйгээ хэзээ ч ийм их “эв нэгдэл”-тэй байсангүй.
ҮАБЗ-ийг бүрдүүлдэг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав тус тусдаа эрхтэй, үүрэгтэй байхаар Үндсэн хуульд суулгасан. Хэн нэгийнх нь эрх мэдлийг илтэд товойлголгүйгээр хийсэн нь 1992 оны Үндсэн хуулийн хамгийн гол зарчим ч байж мэднэ.
Харин 27 жилийн дараа ҮАБЗ-ийн гишүүд ийм их “эв нэгдэл” үүсгэчихээд халаа сэлгээний хууль оруулж ирдэг болно гэж тэр үеийн ланжгар хуульчид төсөөлөөгүй л биз.
Гэвч тийм цаг иржээ.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хувьд өмнө нь УИХ-ын дарга М.Энхболдыг ийм аргаар чөлөөлсөн. Өнөөдөр хууль шүүхийн байгууллагын дарга нарыг ингэж унагаадаг болж байна. Маргааш яах вэ?!
Гурван хүн хаалттай хаалганы цаана хуралдаж байгаад “…ҮАБЗ дээр ингэж шийдсэн”, тэгээд дуусаа. Ийм л тогтолцоо руу гулсаж байгаа хэрэг юм.
Энэ бүхний эцэст УИХ-ын 76 гишүүн гэдэг зүгээр л нэг утсан хүүхэлдэйнүүд болж дууслаа. Ядаж байхад бүгдээрээ хууль хяналтын байгууллага, нам, төрийн
тэргүүнүүдэд “бөлдөг”-дүүлчихсэн байдаг.
Өнгөрсөн зуунд ЗХУ-ын ДЯЯ-ны дэд сайд М.Ф.Фриновскийн Монголд байгуулсан “Тройка” загвар, монголчуудын “Гурвалын комисс” яаж баллалаа даа. Хоёрхон жил ажилласны балгийг Монголын төр хоёр зуун дамжуулж цагаатгаад бараагүй л байгаа.
Шуудхан хэлэхэд, Аюулгүйн зөвлөлийн гурвын ийм “эв нэгдэл” аюултай харагдаад эхэллээ. Цааш хэрхэн үргэлжлэхийг харъя.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин