sonin.mn
УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэх гол хууль нь Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт. Дөрвөн парламент дамжин ярьсан “Эцэг” хуулийн өөрчлөлтийг хийснээр Монгол Улсад тулгамдаад буй тогтолцооны гажуудлыг засах ёстой гэдэгт гишүүд санал нэгдсэн. Ингэснээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн эхний хувилбарыг УИХ-ын 67 гишүүн дэмжиж гарын үсэг зураад байна. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэг гарч, хоёр жилийн өмнөөс төслийг боловсруулан, өнгөрсөн хугацаанд улс төрийн нам, эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсч, иргэд олон нийтээс санал асуулга авсан. Олон удаагийн эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд ерөнхийдөө хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхэд бэлэн болсон. Хаврын чуулганы эхэнд УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, Улсын  Дээд шүүх, засаглалыг хараат бус болгох, ард иргэдийн хүсэн хүлээж, шүүмжилж буй олон асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан учир ул суурьтай хандаж, олон жилийн судалгаа, олон талын оролцоотой боловсруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүх талаас нь сайтар нягтлан, хэлэлцэн батлахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлэг даваа гарагийн хуралдаанаараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар дахин эцэслэн хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар санал нэгдсэн гэдгийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан мэдэгдсэн.
Үүнээс харахад ямартай ч энэ хаврын чуулганаар тус хуулийн төслийг хэлэлцэх нь тодорхой болсон. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэхийн тулд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзах, Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, Улсын төсөв батлахдаа Засгийн газрын зөвшөөрөөгүй бусад зардлыг хэлэлцүүлгийн шатанд нэмэхгүй байх, шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулах чиглэлээр шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгох зэрэг олон чухал өөрчлөлтийг хийхээр тусгасан. Гишүүдийн зүгээс тогтолцооны шинэчлэлийг хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Харин зарим гишүүний зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог УИХ тогтоох заалтыг тусгасныг шүүмжилж байгаа юм. Хэдийгээр УИХ-д албан ёсоор өргөн бариагүй ч УИХ-ын гишүүдийн гарт төсөл хэлбэрээр хүрсэн. Тиймээс одоогийн төсөлд ямар байр суурьтай байгаа талаар зарим гишүүнээс тодрууллаа.
 
Үндсэн хуульд дөрвөн чиглэлээр өөрчлөлт оруулна Я.Содбаатар:
 
-Ажлын хэсэг Үндсэн хуульд дөрвөн багц чиглэлээр өөрчлөлт оруулах нь зөв гэсэн дүгнэлтэд хүрсэн. Нэгдүгээрт, УИХ-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт өөрчлөлтийг оруулна. Ялангуяа УИХ-ын гишүүнээр хэдэн настай хүнийг сонгох вэ, УИХ-ын гишүүний хариуцлагыг хэрхэн дээшлүүлэх вэ, мөн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл, УИХ-ын хяналтыг яаж сайжруулах вэ гэдэгт түлхүү анхаарлаа хандуулсан. Тухайлбал, УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзахаар тусгасан. Тухайлбал, төсөв хэлэлцэх үед УИХ-ын гишүүд заавал Засгийн газартай зөвшилцөж байж санал оруулдаг байх, УИХ-ыг боловсронгуй болгох чиглэлд анхаарч байна. Үүний дотор Үндсэн хуульд оруулсан дордуулсан долоон өөрчлөлтийн зургааг нь эргэж авч үзнэ. Хоёрдугаарт, гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой өөрчлөлт оруулна. Ялангуяа, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг, сайд нартаа хариуцлага тооцдог, Ерөнхий сайд нь Засгийн газраа эмхлэн байгуулахдаа давуу эрхтэй, эргээд хариуцлагаа үүрдэг байх хэлбэрийг тусгаж өгсөн. Гуравдугаарт, шүүх эрх мэдлийн хараат бус байдалтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан. Шүүх эрх мэдэлд Ерөнхийлөгчийн оролцоог хязгаарлах, шүүгчийн томилгоог ШЕЗ-д шилжүүлэхээр ярьж байна. Сүүлийн үед ард иргэдийн зүгээс шүүх эрх мэдэлтэй холбоотой шүүмжлэл их гарах болсон. Тиймээс шүүхийн хараат бусаар ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлэхээр тусгасан. 
 
Сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоохыг дэмжихгүй Ц.Даваасүрэн:
 
-Үндсэн хуулийн өөрлөлтөд ингэж хандаж болохгүй. Гуя дагаж хүзүү гэдэг шиг Үндсэн хуулийн өөрчлөлтөд сонгуулийн тогтолцоог сонгууль бүрт хуулиар тогтоож байна гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн хамгийн гол зарчим нь ард түмэн төрийн эрхийг барина гэж байдаг шүү дээ. Ард түмэн УИХ-ын гишүүнээ сонгоно, түүгээрээ дамжуулж төр барина. Хэрвээ одоогийн явж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд буй дээрх агуулгыг баталбал сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэсэн заалтад пропорциональ буюу намаар дамжуулж УИХ-ын гишүүнээ сонгодог тогтолцоо руу орно гэсэн үг. Тиймээс үүнийг олон нийт, УИХ-ын гишүүд ч дэмжихгүй байх гэж бодож байна. Үндсэн хуулийн өөрлөлт гэж яриад байгаа хамгийн гол зүйлд ийм заалт яваа. Өөрөөр хэлбэл, ард түмний сонгох эрхийг нам руу шилжүүлж авах гэж байна гэсэн үг. УИХ-ын гишүүнийг ард түмэн биш, нам сонгодог байдал руу орно. Хэдийгээр төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхлээгүй ч төсөлд ингэж тусгасныг би хувьдаа дэмжихгүй
 
Системийн тогтолцоонд шинэчлэл хийх цаг үе нь мөн Ж.Бат-Эрдэнэ:
 
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, би гарын үсгээ зурсан. Гэхдээ нийгэмтэйгээ зөвлөлдөх буюу олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар өөрчлөлт оруулах нь зөв. Ингэхгүйгээр шууд батлах нь дараа дараагийн сонгуулиар бүрдэх намд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үгүйсгэх байдал бий болох вий гэдэгт санаа зовниж байна. Мөн Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулийг яаралтай хэлэлцэх шаардлага байна. Эдгээр хуулийн төслийг хэлэлцсэнээр системийн зөв ажиллах босгуудаа бий болгоно. Нийгэмд ч хүлээлт бий болсон. Системийн тогтолцооны гажуудлын алдааг нэг дор бүгдийг нь засч залруулахад мэдээж учир дутагдалтай. Цаг хугацааны явцад төгөлдөржиж, сайжирч байдаг ийм зүйл. Одоо шинэчлэл хийх цаг үе нь мөн үү гэвэл мөн. Манай нам шинэчлэлийн том алхмыг эхлүүлэх хэрэгтэй гэдгийг би өмнө нь бүлгийн хурал дээр ч хэлж байсан. Ерөнхийлөгч ч бас дараа нь шинэчлэлийн талаар хэлж байсан. Өнөөдөр нийгэм өөрөө шинэчлэлийг хүсч байна. Түүнээс биш хэн нэг ухаантай нь яриад байгаа зүйл биш. Нийгэм хөгжиж, боловсорч, энэ хэрээр сонгогчдын мэдлэг боловсрол нэмэгдэж байна. Нийгмийн хаана, юу нь болохгүй байгааг өөрчилье гэдэг давлагаа гарч ирж байна. Үүнтэй уялдуулан бид хуулийн талаасаа болон бусад алхмыг хийгээд явах нь зөв. Гэхдээ үүний цаана хараат бус шүүхийн шийдвэр, хяналтын систем, эрх мэдэл нэг гарт төвлөрөхгүй байх зэрэг ардчиллын үндсэн системээ эвдээд байж болохгүй. Ингэснээр ард иргэдэд буцаад дуу хоолойгоо хүргэх эрх нь хүндрэлтэй болох ардчиллын том cистем боогдох аюултай
 
Энэ өөрчлөлтөөр засаглалын хэлбэрээ нэг тийш болгох хэрэгтэй Х.Нямбаатар:
 
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог УИХ тогтоох эрхийг олж авахаар ярьж байна. Миний хувьд одоогийн өөрчлөлтийг реформын шинжтэй биш гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийг ахалж байгаа Д.Лүндээжанцан дарга болон бусад хүн “Огцом өөрчлөлт хийх цаг нь биш” гэдэг байр суурьтай хандаж байна. Бид тоглоомынхоо дүрмийг тогтох ёстой юм. Парламентын эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай байх эсэхээ энэ өөрчлөлтөөр шийдэх ёстой. Хувь хүнийхээ хувьд би дээрх асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой гэж боддог. Өнөөдрийн засаглалтай байгаа тохиолдолд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр одоогийн байгаа сонгуулийн системийг өөрчлөхөд маш төвөгтэй. Учир нь, нэг хэсэг нь жагсаалтад бичигдэнэ гэнэ, мөн тойрогт очиж өрсөлдөх сонирхолтой хүмүүс ч байна. Эргээд яг адилхан эрх мэдэлтэй УИХ-ын гишүүд байгаа хэрнээ хүлээх үүрэг хариуцлагын хувьд ондоо болчихно. Нэг нь тойроггүй, сонгуульд өрсөлддөггүй, намын жагсаалтад бичигдчихдэг байх жишээтэй. Хэрэв бид цаашдаа парламентын засаглалтай явъя гэж бодож байгаа бол хоёр танхимтай болох, эсвэл одоогийн парламентыг өргөтгөх ёстой. Тэгэхгүй бол 20 хүний лоббигоор хууль баталдаг асуудал гарах болно Хоёр танхимтай байгаад, нэг нь том тойргийн системээр, нөгөөх нь орон нутгийн төлөөллийн заримыг хангасан байдлаар явах хэрэгтэй.
 
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин