sonin.mn
Удахгүй Улаанбаатар-Налайхын замыг шинэчлэн барих нь. Монголын хамгийн сайн зам алдрыг хүртсэн энэ зам 58 жилийн түүхтэй. Энэ замыг барих үед би 1 дүгээр ангийн хүүхэд байв. Хүүхэд насны дурдатгалд зарим сонин содон зүйл их тод үлддэг. Ингээд би зам барих үед үзэж харснаа өгүүлэх гэсэн юм. Манай залууст сонин байх болов уу гэж санана…
1961 онд Налайхын замын Налайх хэсгийг хятадууд барьж байсныг би тод санаж байна. Одоогоор цэргийн ангийн урдуур, хуучнаар 1 дүгээр хорооны арын замаар машинууд тасралтгүй цувах болов. Энэ нь Туул голоос хайрга зөөж байсан хамар дээрээ хятад бичигтэй Зил самосвалууд байлаа. Тэр хайргаа зам барих хэсэг дагуу асгадаг байв.
Нэг удаа аав маань: “энэ хятадууд цэргийн хүмүүс байх аа” гэж байна. “Яаж байна ?” гэж ээжийг асуухад: “Замд эвдрээд зогссон машиндаа хэн ч туслахгүй, ажил тарсны дараа л ирж авах юм” гэж байж билээ. Одоо бодоход хятадуудын хөдөлмөр зохион байгуулалт гаргуун байжээ.
 
Машинаар асгасан хайрга шороогоо бульдозер, экскаватор, рейдерээр түрж тэгшлээд их нямбай индүүднэ. Техник нь нэг их олон биш, ердөө нэг нэг ширхэг байсан санагдана. Хүүхэд байхад зам тавьж буй машин, механизмууд хайрга шороо түрж, тэгшилж, замын далан гаргаж, индүүдэж байгааг харж өдөржин харж зогсдог байж билээ. Хүржигнээд л, түжигнээд л их гоё л доо. Энэ суурь тавих ажил нэлээд удсан юмсан… 
 
Хүүхэд бидэнд нэг таатай зүйл нэмэгдсэн нь хятад гуанз байлаа. Тэр нь 1 дүгээр хорооны архан талд нэг том асар байх, тэр нь гуанз. Бидний үеийн нусгайчууд тав арван задгай мөнгө авч очоод мантуу авч иддэг байв. Нэг мантуу 10 мөнгө, харин дээр нь 1 ш улаан чавга хатгасан мантуу 15 мөнгө. Том гэж жигтэйхэн, амт гэж янзтай. Ээждээ “өлсөж үхэх гэж байгаа юм шиг” гэж загнуулан загнуулан хятад мантуу авч иднэ. Гоё амттай юм чинь яах вэ дээ. Гэхдээ хятад гуанз нэг их удаагүй юм. Нүүдлийн гуанз байсан бололтой…
Зам цардах ажил бүр ч сонин. Эхлээд ууттай цемент авчирна, тэрнийхээ цаасыг хүрзээр хагалж, цемент зуурагч машинд хийнэ. Зуурмагаа түрдэг тэргэнцэрээр түрж суурь шороон дээрээ асгана. Үүний өмнө банзаар дөрвөлжин хүрээ хийнэ. Энэ ажилд алх, хөрөө, хадаас л орно. Одоо бодоход техникжилтийн түвшин нойл байж дээ. Цемент зуурагчаас өөр машин байдаггүй байлаа.
Цементээ банзан дөрвөлжин дотроо асгамагц хоёр хятад урт тэгш мод барин жигдлэн тараана. Харин энэ ажлыг нэг “том дарга” их сайн хянана. Яагаад ингэж дүгнэж байна гэхээр тэр “том дарга” бусдыгаа байнга загнана (хятад аялга хүүхдэд загнасан мэт санагдсан байж болох), бусад нь түүний үгнээс гарахгүй. Дараа нь цемент тогтоосон хүрээ модондоо хөндлөвч банз тавьж байгаад нийвий барьсан хятад түүн дээр гарч замаа нийвийгээр тэгшилнэ.
Энийг ярихаар залуучууд төдийгүй, миний үеийнхэн огт үнэмшдэггүй юм. “За, яршиг, замыг нийвийгээр тэгшилж барина гэж юу байсийм” гэхчлэн үгүйсгэнэ. Гэвч яах аргагүй, би хоёр нүдээрээ харсан юм чинь мэдэлгүй яахав…
Ингээд нөгөө “том дарга” зам дээрээ хөндлөн банз тавьж, тэрэн дээрээ тэгш ус тавиад ихэд нямбай харж шалгана. Тэгээд хятадаараа баахан заавар өгнө, ахиад л нийвийднэ…
Үүний дараа цементлэсэн дөрвөлжин хэсгийн дөрвөн талд 4 гадас зоож, түүн дээрээ цагаан тааран даавуу хөндийлөн татна. Одоо бодоход цементыг наранд хатаахгүй, салхинд хатаах гэсэн технологи байсан болов уу…
Улаанбаатар руу “туслах” замаар явахад баригдаж буй цагаан даавуугаар хучсан шинэ зам их тод харагддаг байж билээ. Хэсэг хугацааны дараа цагаан даавуугаа хуулахад зам бэлэн.
 
Манай Налайхынхан “аж ахуйч” гэж жигтэйхэн. Нэг хэсэг манай Налайхад цементны уутаар гэрийн бүрээс хийдэг “моод” ихэд дэлгэрсэн юм. Цементны уутыг сайхан задалж зүйж байгаад бүрээс хийхэд нэг хоёр жилдээ дажгүй. Харин норж муудаад удаан насгүй юм болно… 
 
Хятадууд замаас гадна хэд хэдэн автобусны сайхан буудал барьсан юм. Харин тэрийг бол манайхан тэр дор нь жорлон болгон хувиргасан юмдаг…
Сайхан замтай болсон боловч Улаанбаатар явахад зун бол гайгүй, харин өвөл бол их түвэгтэй. Өглөө эрт Налайхын авто бааз дээр очно. Жолооч нь ирж, автобусан доогуураа түмпэнд хийсэн цогшсон нүүрс тавина. Ингэж автобусаа гэсгээж байгаад жолооч, зорчигч нар бүгдээрээ нийлж хөлдүү автобусаа манивийлдаж гарна. Ингэж ингэж ямбий автобусаа асааж аваад Улаанбаатарын зүг дуутай хууртай, инээд наргиантай сайхан замаараа шидэж өгнө шүү дээ…
Тэр цагаас хойш Налайхынхаа замаар “үй түмэн” удаа явлаа. Одоо ч аргагүй муудсан байна лээ, аргагүй шүү дээ, 58 настай юм чинь…
Ууттай цемент зуурч, нийвий барьж тэгшлэн засмал зам барихыг нүдээрээ харсан гэрч нь би болон миний үеийнхэн юмдаг. Одоо замыг ингэж барь гэвэл шоолохоос гадна тэнэг мангараараа дуудуулна биз дээ…
Ямар ч гэсэн битум замаасаа цементэн зам илүү эдэлгээтэй гэдэгт би бат итгэдэг болсон…
Одоо өмнөхөөсөө илүү биш юмаа гэхэд дутахааргүй зам барих техник технологийн бүх боломж бүрджээ. Манай зам яагаад чанаргүй болдог вэ гэвэл сэтгэл дутсаных л гэж би хэлэх байна.
Манай Налайхын шинэ засмал зам өмнөх шигээ урт настай, удаан эдэлгээтэй байх болтугай гэж ерөөхийн далимд өмнөх сайн замынхаа тухай товч өгүүлэхэд ийм байна…
 
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: http://ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог http://ganaa.mn-ээс уншина уу?
 
2019 оны 04 дугаар сарын 10.