sonin.mn
Баянзүрх дүүргийн иргэд төрийн үйлчилгээгээ авч чадахгүй, дүүргийн үйл ажиллагаа нь гацаанд орсон, АН-ынхны явуулгаар улстөржсөн хэсэг бүлэг этгээдүүд суулт зарласан байдалтай хэд хонов. 
 
Үндсэндээ Баянзүрх дүүргийн иргэдийн төрийн үйлчилгээ авах асуудалд онцгой заналхийлэл болсон энэ улстөржилтийг  хүчээр ч болтугай таслан зогсоохгүй бол хэдэн жил дамнасан асуудал болж хурцадсаар байна. АН-ынхан энэ дүүрэгт олонхи болохын тулд анхнаасаа хууль зөрчин сонгуульд оролцсон байдаг. Энэ үйл явц нь илэрч, хууль шүүхийн байгууллагуудаас хүртэл шийдвэр гарч тус дүүрэгт ИТХ-ын нөхөн сонгууль явагдсан. ИТХ ын нөхөн сонгуульд 10-р хороо 56,8% 19-р хороо 53,8%-ийн ирцтэй буюу хүчин төгөлдөр болсон юм. Үүнээс МАН-аас 10-р тойрогт нэр дэвшсэн Г.Доржпалам 55,2%-ийн санал, 19-р тойрогт нэр дэвшсэн Б.Галхүү 52,7%-ийн санал авч ялалт байгуулсан. Гэвч АН нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ хуулийн хугацаанд өгч оролцоогүй атлаа бие даагчдыг дэвшүүлэн ялагдал хүлээснээ үл зөвшөөрөн ийнхүү үймээн самуун үүсгэсээр байгаа билээ. 
 
Дүүргийн ЗДТГ-ын байранд ИТХ-ын хуралдааныг хийх гэсэн боловч АН-ын  төлөөлгчид МАН-ын төлөөлөгчдийг төр захиргааны байранд нэвтрүүлэхгүй хүч түрэн дайрч, хурал хийх бололцоо олгоогүй  учир Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордонд хийгдэв. 
Төрийн үйлчилгээ авах дүүргийн иргэдийн эрх ашиг хохирсон, төрийн ажил явуулах нөхцөл байдлыг хаасан энэ улстөржилтийг одоо хүчээр ч болтугай таслан зогсоох арга хэмжээг яаралтай авахыг дээд шатны байгууллагууд анхааралдаа авах цаг нэгэнт болсон бололтой.