sonin.mn
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний статистикийн хороо аймгийн Статистикийн хэлтэстэй хамтран “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-г 2017 онд орон даяар зохион байгуулж, үр дүнгийн тайланг нэгтгэн гаргаж, олон нийтэд тарааж мэдээлэл хийлээ.
Энэхүү сургалтыг зохион байгуулснаар “Жендэрт суурилсан хүчирхийлэл” үндэсний судалгааны үр дүнг аймгийн бодлого төлөвлөгч, боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгч нарт танилцуулж, цаашид хамтран ажиллах, бодлогын зөвлөмж боловсруулахад оршиж байгаа юм.
Сургалтад аймгийн төв Эрдэнэбулган сумын баг, сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтнууд, ГБХЗХГ, ЦГ, ЭМГ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн 60 гаруй хүн хамрагдсан.
 
Уг судалгаанд улсын хэмжээнд нийт 7380 өрхийн 7319 эмэгтэй, аймгийн хэмжээнд 16 сумын 20 багаас  500 өрх хамрагдсан ба хүчирхийлэлд 25-44 насны үр хүүхдээ төрүүлж, өсгөх идэр насны эмэгтэйчүүд өртөж байгаа нь харагдаж байна.
 
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан “Өнөөдрийн энэхүү сургалтад оролцож байгаа та бүхэн эмэгтэйчүүдийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр, тухайлбал: албан байгуулага дээрээ судалгааны үр дүнг танилцуулах, сургалт зохион байгуулах зэрэг дорвитой ажлуудыг зохион байгуулж, үр дүнд хүргэнэ гэдэгт итгэж байна. Мөн судалгааны үр дүнг харахад Төв суурин газар буюу аймгийн төвд эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь их байна. Аймгийн удирдлагууд бид ч гэсэн бодлого шийдвэр гаргахдаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүчирхийллийг бууруулах тал дээр анхаарч ажиллах болно” гэв.
 
Б.Гэрэлт-Од
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг