sonin.mn
Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын анхдугаар Бодлогын зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан байна.
 
Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Хятадын талаас БНХАУ-ын ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Сүнь Вэйдун нар тэргүүлэн оролцжээ.
 
 Зөвлөлдөх уулзалтаар монгол, хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, олон улс болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон байна.
 
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хятадын талын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн найрсаг харилцаа нь Иж бүрэн Стратегийн түншлэлийн хүрээнд бүх талаар өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэж, энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх талаар санал солилцжээ.
 
Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын энэхүү анхдугаар Бодлогын зөвлөлдөх уулзалт нь найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж өнгөрсөн бөгөөд дараагийн зөвлөлдөх уулзалтыг Бээжин хотноо зохион байгуулахаар талууд тохиролцсон тухай Гадаад Харилцааны Яам мэдээллээ.