sonin.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг болон бусад албаны хүмүүс өнөөдөр нийслэлийн зарим бүсээр явж Үндэсний урлагийн их театр болон музейн цогцолбор шинээр барих боломжтой газруудыг судаллаа.
Тодруулбал, Засгийн газраас гаргасан Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Улаанбаатар хотод Үндэсний урлагийн их театрыг байгуулах ажлыг эрчимтэйгээр эхлүүлж байна. Зураг төслийнх нь ажилд ойрын хугацаанд орно. Үүнээс өмнө газрын байршлыг тодорхойлох ажлыг өнөөдөр хийлээ.
 
Энэ ажлын хүрээнд Хотын захирагч С.Амарсайхан өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр
 
 
“Үндэсний их театрыг соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор барих асуудлыг судалж байна. Өнөөдөр хэд хэдэн байршилд газар үзлээ. Нөгөөх нь байгалийн болон археологийн музейг хаана барих вэ гэдэг чухал асуудал болоод байна. Барьж байгуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаа бид ирээдүйн хот төлөвлөлтөндөө уялдуулж, сайн тооцож хийх нь зүйтэй гэж нийслэлийн зүгээс үзэж байна.
 
 
Хаана байвал илүү иргэд, гадаад, дотоодын жуулчдад тохиромжтой байх, нөгөө талаас аялал жуулчлал хөгжих боломжийг нэмэгдүүлэх үүднээс газрыг сонгох нь зүйтэй. Нэг газар очоод бүх музейгээ үзэх боломжийг бүрдүүлэх цогцолборыг барихаар зорьж байна” гэв.
 
Мөн зарим АНН-үүд 20, 30 га газар авчихаад дуудлага худалдааныхаа үнийг төлөөгүй байж энэ газраасаа буцаагаад хүүхдийн сургууль, цэцэрлэгийн газар өгөхгүй асуудал үүсгээд байна. Тэгэхээр бид цаашид сургууль, цэцэрлэгийнхээ газрыг гаргаж авна. Хүүхдүүдийнхээ сурч боловсрох боломжийг бүрдүүлнэ. Газраа чөлөөлж өгөхгүй байсан ч хуулийн хүрээнд асуудлыг шийдэж газраа гаргаж авна гэдгээ Хотын захирагч хатуу анхаарууллаа.
Өнөөдрийн судалсан газруудыг Засгийн газар болон Ерөнхий сайдад танилцуулаад эцсийн байдлаар шинэ театр болон музей барих газрыг эцэслэн тогтооно гэдгийг албаны хүн хэллээ.