sonin.mn
Хуулиараа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн арван таван гишүүнийг зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай, ингэхдээ тэдний дөрвийг нь Ерөнхийлөгчөөс, долоог нь Улсын Их Хурлаас, дөрвийг нь Засгийн газраас нэр дэвшүүлж томилдог. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д “Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид; эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Улсын Их Хуралд; эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газарт тус тус санал болгоно” гэж заасан.
 
Нэр дэвшигчдийн талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, нийгмийн бодлогын зөвлөх Г.Уянга, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Дэмбэрэлийн Өлзийбаатар, Засгийн газраас Наваанпэрэнлэйн Жанцан, Улсын Их Хурлаас Сүхбаатарын Алтанцэцэг, Ванжилын Бат-Эрдэнэ, Доржсүрэнгийн Батсүх нарыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар тус тус нэрийг нь дэвшүүлжээ.
 
Нэр дэвшигч Д.Өлзийбаатар нь 1960 онд Улаанбаатар хотод төрсөн, төрийн шагналт, түүхийн ухааны доктор. Тэрбээр Баянхонгор аймагт түүхийн багш, Улсын төв архивд архивч, Цагаатгалын комисст судлаач, Архивын ерөнхий газрын дарга, дэд дарга, ШУА-ийн Түүхийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 2016 оноос МУИС-ийн ШУС-ийн түүхийн тэнхимийн багш, судлаачаар ажиллаж байв.
 
Нэр дэвшигч Н.Жанцан нь 1948 онд Сүхбаатар аймагт төрсөн, хууль зүйн докторын зэрэгтэй, Цэргийн дээд сургууль, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Улсын прокурорын газарт хэлтсийн дарга, МАХН-ын төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 1990-1992 онд  Улсын бага хурлын гишүүн, 1992-2018 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч даргаар тус тус ажиллаж байв. 
 
Нэр дэвшигч С.Алтанцэцэг нь ОХУ-ын Ждановын нэрэмжит сургуульд бакалавр, Берлиний Гумбольдын их сургууль, АНУ-ын Сеатле хотын их сургуульд магистр хамгаалсан. МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" агентлагт сурвалжлагч, редактор, ОХУ-д суугаа тусгай сурвалжлагч, МОНЦМЭ агентлагт гадаад сурталчилгааны ерөнхий редактор, ерөнхий захирал, МСНЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. 
 
Нэр дэвшигч В.Бат-Эрдэнэ нь Эрхүүгийн Улсын их сургуулийг сэтгүүлч, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулий эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн. Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны нэгдүгээр орлогч дарга, Монголын радиогийн дарга, радиогийн “Хурд” агентлагийн захирал, “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны албаны захирал зэрэг алба хашиж байсан. 
 
Нэр дэвшигч Д.Батсүх нь МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг дүүргэсэн Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хуульч-өмгөөлөгч юм.
 
 
Нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. 
 
Гишүүдийн зүгээс МҮОНРТ-ийг улс төрөөс ангид байлгахыг анхааруулахын зэрэгцээ хөтөлбөрийн агуулга, нийтлэлийн бодлогыг нийгмийг соён гэгээрүүлэх, ёс суртахууныг зөв төлөвшүүлэх, эх оронч, нэгдмэл үзэлтэй, эх түүх, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг залуу, хойч үеийг бий болгоход чиглүүлэх, цаашдаа нэвтрүүлгийн чанарыг дээшлүүлэх, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай гэж байлаа. 
Мөн  МҮОНРТ-д ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах, боловсон хүчний мэргэжил мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэж байлаа. 
Ингээд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдох нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Д.Өлзийбаатарыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.1 хувь, Н.Жанцанг 72.9, С.Алтанцэцэгийг 72.3, В.Бат-Эрдэнийг 76.6, Д.Батсүхийг  70.2 хувь нь  дэмжив.  Мөн бүрэн эрхийн хугацаа дууссан тул МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх тогтоолын төслийг баталлаа гэж  гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.