МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан гэсэн үндэслэлээр МАН-ын гишүүн, УИХ-ын  нэр бүхий хоёр гишүүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.
 
Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Оюутолгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ болон Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө Оюутолгой компанийн удирдлагад явуулсан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн “Хөөн хэлэлцэх хугацаа”-г тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан тул ийм шийдвэр гаргаж буй аж.
 
Мөн ЖДҮ-д нэр холбогдсон МАН-ын бүлгийн гишүүдэд улс төрийн хариуцлага тооцож энэ тухайгаа, зургадугаар сарын 15-ны дотор МАН-ын Хяналтын ерөнхий хороо, Бага хуралд танилцуулахыг УИХ дахь бүлэгтээ үүрэг болгожээ. Хяналтын хорооны шийдвэрийг өнөөдрөөс МАН-ын холбогдох бүтцийн байгууллагуудад хүргүүлэхээр болсон байна.
Энэ шийдвэрийн дагуу Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нар нар УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвших боломжгүй болж буй юм.
 
Э.Мягмар