Аавуудынхаа тухай цувралын төгсгөлийн хэсгийг хүргэж байна.
 
Миний аав
 
Хойд эцэг Дэжидийн Гантөмөр 1956 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа хотод Увс аймгийн Давст сумын харъяат ард Дэжидийн 5-р хүү болон мэндэлжээ. 1964 онд Зүүнхараа хотын арван жилийн сургуульд элсэн орж 8-р анги дүүргээд 1972 онд Циркийн дунд сургуульд орж суралцжээ. 1976 онд тус сургуулийг циркийн жүжигчин /акробатчин/ мэргэжлээр төгсөж Улсын циркт жүжигчнээр ажилллаж байгаад гэмтлийн улмаас циркээс гарч группт орсон юм. Улмаар Сэлэнгэ аймгийн Залуучуудын эвлэлийн хорооны дарга, Түлш Эрчим Хүчний Яамны авто баазад тоо бүртгэгчээр ажиллаж байгаад 1983 онд Жолооны сургуульд суралцан жолооч болжээ. Улаанбаатар хотын намын хороо, Засгийн газрын үйлчилгээний авто бааз, Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газар, Багануур дүүргийн ЗТДГ, МОНЭЛ групп, такси үйлчилгээний “Зэндмэнэ” хоршоо зэрэг газар жолоочоор ажиллаж байсан. 1993 оноос хойш тодорхой эрхэлсэн ажилгүй болж үр хүүхдээ тэжээхийн тулд хувиараа такси үйлчилгээнд явах, БНСУ-д хараар ажиллах зэргээр амжиргаагаа залгуулж байлаа. Аав минь 2012 оны намар хорт хавдар өвчний улмаас насан эцэслэсэн.
 
Өгүүлэх нь:
 
Шалгалтын хүн
 
Худалдааны 6-р контор Хан-Уул дүүргийн 29-р дэлгүүрт ээж худалдагчаар ажиллаж байсан цаг. Худалдагч нар сар сараар ээлжилж мах, гурил будаа, ширхэгийн бараа зарна, эсвэл кассанд сууна. Ээжийн мах зарах ээлжтэй сар эхлэв. Махны худалдагч аль болох л мах ясыг нь тэнцүүлж зарахыг хичээнэ, тэгээд тэгээд хамгийн хэл амтай ажил. Хамт ажилладаг хүмүүс гуяыг нь авчих гээд гуйна. Тэр бүхний гуйлтыг биелүүлбэл огт гуягүй мах зарж амьтны хараал идэх хэрэг гарна. “Худалдагч аа, гуяа гаргаачээ, тэр араар орохоо болиоч, наанаасаа гараачээ...” гээд л орилолдоон тасрахгүй. Махан дээр зогсохоос халширмаар. Оочир дугаар нь өглөө дэлгүүр онгойхоос л эхэлнэ. Яг мах ирмэгц “би өглөө төдөн цагт ирсэн, би байсан, чи байгаагүй...” гээд л бөөн хэл ам. Гайгүйхэн мах тавиулчих гэж өдөржин уйгагүй зогссон хөгшид хүүхдийг харсаар байгаад өрөвдсөн ээж гайгүйхэн махтай тавиад өгөхийг хичээнэ. “Тэр дугуй цагаан охин л гайгүйхэн юм тавиад өгдөг юм” гээд хөгшид ээжид ам сайтай. Баярласан хөгшид маргааш нь ээжид цай, шөл бариад майжигнан ирэх нь олонтаа. Тэр нь баярласан сэтгэлээ илэрхийлэхээс гадна, дараа бас дахин яс багатай гайгүйхэн мах авчих гэсэн давхар санаа ч агуулдаг байсан биз.
Ажил тараад хамт явдаг найз бүсгүй нь нэгэн удаа ээжид аминчлан хэлжээ: 
-Должион, хараад байхад чи дандаа ямар ч хэрэггүй хүмүүст тус болох юм. Махны худалдагч чинь их том боломж шүү дээ. Чи тэр хэнийг хар! Дандаа эрх мэдэлтэй дарга цэрэгт цул гуя тавьж өгсөөр байгаад байрны оочироо хүртэл урагшлуулаад одоо байрны найраа хийх гэж байна. Чиний байрны оочир түүний өмнө байсан биз дээ? Гэтэл чи амьдралд ямар ч нэмэргүй хөгшчүүл гуйхаар л гуяны махаа өгөх юм. Эрхлэгч чамайг бусдаас илүү махан дээр хуваарилж байна. Чи ийм боломжийг ерөөсөө ашиглахгүй юм гэхэд нь ээж:
-Яахав дээ хө, хөгшчүүлд тусалж байвал надад эс ч үр хүүхдэд буян нь ирнэ гээд өөрт нь байж ч болох тэр боломж ерөөсөө өөрийнх нь байгаагүй мэт огтын харуусалгүй инээмсэглэжээ. 
-Хн... гээд найз нь “надад ийм боломж байсан ч болоосой!” гэх шиг харамсал, бас ээжийн “тэнэг”-ийг гайхсан хачирхал зэрэгцсэн нүдээр ээж рүү харжээ.
Мах зарахаар хуваарилагдсан нэг тийм бужигнаантай долоо хоногийн эхэн. Ээж өглөөнөөс эхлээд махаа жинлэж хүлээж авах, цавчигч олж жижиглүүлэх гээд л түмэн завгүй өдөр эхэлжээ. Өглөөнөөс эхлээд арай намдуухан байсан оочир жижиглэсэн махыг зарахаар лангуунд өрж эхэлмэгц л бужигнаж эхэллээ дээ. Бие биеэ шахаж, “Би ч энд байсан, тэр гэрчилнэ!” “Гэртээ харьж цай уугаад ирсэн”, “Чи өглөөнөөс хойш харагдаагүй л хүн байна даа”... гэх зэргээр маргаан тасрахгүй, зодолдохоос наагуур юм ч эхэллээ. Гэтэл нөгөө найз ирээд хэн нэгний нүд хариулж байгаад ээжийн чихэнд “За Должион, тун болгоомжтой байгаарай! Тэнд өглөөнөөс хойш дарга бололтой нэг хүн чамайг маш их анзаарч байна. Шалгалтын хүн байж болзошгүй шүү!” гэж шивнэчихээд яваад өгөв.
 
Өглөөнөөс хойш бужигнаад анзаараагүй ээж эргэн тойрноо шалгавал нээрээ бужигнасан оочироос нэлээд зайтай дэлгүүрийн цонхны наана, паар налаад драпан пальто, шляпан малгайтай, дипломат хар цүнх барьсан, нүдний шилтэй, чухал царайтай нэг дарга яг ээж рүү хараад зогсож байв. Яг шалгалт!
 
Дотор нь палхийгээд явчихаж. Шалгалт ирсэн талаар амжиж бусаддаа дуулгаад малгай халадаа нэг засч аваад хэрүүл уруултай махны худалдаа руугаа шумбаад орчихлоо. Угаас мах нь хэмжээтэй юм болохоор тэр бужигнаан нээг их удахгүй. Мах дуусна, нэг хэсэг нь хараал жатгаа урсгасаар гарна, зарим нь “лангуун доор чинь үлдээ л биз дээ, түүнээсээ л дээ” гэсэн горьдлогын харцаа таслахгүй харсаар л байна. Махгүй үлдсэн хүмүүсийн хардлага, хараал ерөөлийг чихгүй, хэлгүй мэт тэвчиж дуусгаад, лангуугаа цэвэрлэж байж сая ээжийн ажил дуусна.
Сэхээ авч харвал нөгөө дарга алга. “Хөөрхий дөө, гайтай шалгалтаас болоод урд байрны нөгөө Янжин гуайн захисан махыг нь тавьж чадсангүй дээ. Өвгөн нь муудаа юм байх даа, өнөөдөр ирсэнгүй. Шалгалт шүүлэг ирчихээд байхад яаж ч эмээд мах тавих вэ дээ. За яахав, маргааш яаж ийгээд жаахан гуяны мах тавьчихнаа” гэж бодсоор ажлаасаа гарлаа. Гэтэл нөгөө ШАЛГАЛТ маргааш, бас нөгөөдөр! 
 
“Янжин гуайд жаахан мах авч тавьж ч чадсангүй. Энэ ямар дуусдаггүй шалгалт вэ?! Энэ долоо хоногжингоо үргэлжлэх юм биш байгаа? Муу Янжин гуай, өвгөн хоёрт нь балга шөлний мах яаж авч үлдэх вэ, хөөрхий өвгөнөө орхичихоод өдөржин оочирлож чадахгүй дээ. Нэг өдөр оочирт зарчих хүн олдохгүй л байгаа юм байх даа...” Гэтэл ээжийн сэргэлэн найз хэлж байна: “Хүүе энэ чинь шалгалт биш, чамайг л харах гэж ирээд байгаа хүн биш үү?” гэж жуумалзчихаад яваад өгөв.
 
Харин ээж толгойноосоо шалгалтын айдас, Янжин гуайд гуяны мах авч үлдэх тухай зэрэгцсэн бодлоо салгаж чадсангүй. “Мах зарахаар халат нэг өдөр ч тэсэхгүй юмаа. Ямар ч байсан шалгалт дуустал өдөр бүхэн угаая даа. Гэрт малгай крахмалдчих жаахан крахмал бий байхаа...” гэж бодсоор автобусны буудал руу алхаж явтал нэг хүн ард ханиалгаж чимээ өглөө. Эргэж харвал нөгөө ШАЛГАЛТЫН ХҮН! Ээж айх гайхах зэрэгцэн “Яахаараа шалгалтын хүн араас дагадаг билээ? Би ямар алдаа гаргачихав, уг нь их л хичээсэн юмсан. Гаргасан байлаа ч эрхлэгчтэй ярьдаггүй юм байх даа? Арай нөгөө хэний хэлсэн... үгүй байлгүй дээ...” түмэн таамаг тархинд нь багталцахгүй чихэлдэн байхуйд Шалгалтын хүн инээмсэглэн: 
-Таныг дөхүүлж өгч болох уу? гэх нь тэр. Найзын хэлдэг үнэн болж таарлаа шүү! Ёоох, шалгалт биш байж! Янжин гуайд жаахан мах тавьчихдаг л байж. За за маргааш заавал тавинаа!
Дарга царайтай тэр залуу ээжтэй хамт автобус хүлээж, жижигхээн бүсгүйг автобусны чихэлдээнд олны хөлд даруулчихгүй хамгаалж явахдаа зөндөө л юм ярьж. Харин ээж “Яаж гэрээ мэдүүлэхгүй энэ залууг төөрүүлэх вээ... Төв номын сангаас хүн шингэрчихнэ. Ард кино театрын буудлаас буцаад чихнэ, тэгэхэд нь л амжиж бултъя...” гэж толгой нь сэнсэртэл ажиллаж явжээ. Яриа залууг гэнэ сэрэггүй байхад нь бултаад буучихав. Залуу:
-Голын хаалгаар бууяаа, хаалгаа онгойлгоочээ жолооч оо! Кондуктор:
-Түрүүний бууж байхгүй яасиймбээ, хүн ихтэй байхад! Ингээд Шалгалтын хүний эхний оролдлого бүтэлгүйтэв.
“За гайгүй дээ, хаана амьдардгийг чинь чиний оролцоогүй мэдчихэж дөнгөнө өө!” Түлш Эрчим Хүчний Яамны авто баазад тоо бүртгэгчийн ажилтай мөнөөх залуу маргааш өглөө нь нягтлан дээрээ давхиж орлоо. Тэр нь миний ээжийн том эгч Л.Мажигсүрэн л дээ. Бид “Агаа” гэж авгайлна. Агаа хамт ажилладаг сайхан сэтгэлтэй сайн залууг дүүтэйгээ танилцуулбал зүгээр санагдаж “хор найруулсан” тул ээжийн амьдарч байгаа газрыг заалгахад тийм ч төвөгтэй байсангүй. Ээжийн ажилладаг дэлгүүрийг Агаа зааж өгч “шалгалт”-аар явуулж л дээ.
 
“Хүний гурван хүүхдэд эцэг болж чадах болов уу?!”
 
Амралтын өдөр ээж хоёр дүү бид гурвыг паркаар зугаалуулахаар Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн арын 33-р байранд амьдардаг эмээгийнхээс гарч явахад мөнөөх залуу зам тосоод хүлээж байжээ. Ээж “Би гурвын гурван хүүхэдтэй шүү дээ!” гэдгээ эхнээс нь анхааруулж, эртхэн холдохыг сануулсан ч аав гурвын гурван дэрсхэн хөөрхөн хүүхдүүд бүүр ч сайхан санагдаж улам л сэтгэл татагдаж байгаагаа хэлсэн гэдэг. Тэр өдөр танихгүй ах биднийг паркаар тоглуулж ханатал сайхан зугаацуулсан билээ.
 
Амьдралдаа алдаж, бас ч гэж хаширсан ээж минь боловсон, уншсан дуулсан нь их, сонирхолтой сайхан яриатай, ээжид минь ухаангүй дурласан, хамгийн гол нь гурван хүүхдэд нь эцэг нь болж чадахаа тангараглах залууд итгэж бас чадахгүй л байлаа. Залуу бүсгүйн сэтгэлийг татахаас илүү “Гурван хүүхдэд минь эцэг болж чадах уу!” гэсэн шалгуур л хамгийн гол, үндсэн шугам байснаас тэр.
 
“Зөв л хүн бололтой, бор дарс хүртэхгүй юм, Хургаа шиг хий хардаж, тархи толгойгүй балбаж, хутга шөвгөндөө хүрч хэвтэрт ортол зодож нүддэг хүн таарвал ч харин одоо амьд үлдэхгүй байх шүү. За, муу ёртой дэмий юм бодох юм, түй түй. Хэдэн сайхан хүүхдээ байхад ийм дэмий юм боддог би бас тэнэг хүн шүү. Тийм хүн ч арай биш бололтой... Сайхан үгийг хэн ч хэлж чадна. Хэлсэн үг шигээ байдаггүйг үзэж одоо ханасан биш үү! Гэхдээ... энэ хорвоо муу хүмүүсээр дүүрчихээгүй байлтай. Хүн бүхэн адилгүй л байж таарна. Үгүй тэгээд энэ хүн маань миний гурван хүүхдийг зөвшөөрлөө гэхэд ар гэр, ах дүү нь хүлээн зөвшөөрөхгүй л байх даа. Хэн л гурвын гурван хүүхэдтэй хүнтэй хүүгээ суулгая гэж бодохов дээ. За, энэ хүн л хүүхдүүдэд минь эцэг болж чадаж байвал эцэг эх нь намайг хүлээн зөвшөөрөх эсэх ч ёстой яамай байнаа, ямар эцэг эхтэй нь суух гэж байгаа биш. Настай хүмүүсийн сэтгэлийг яваандаа зөөлрүүлж бололгүй л яав гэж, тэр надаас л хамаарна... Хэт хаширлаад хүний сайныг үргээчихвэл бас дэмий юм даа... Хүн танина гэдэг чинь явж явж хамгийн хэцүү ажил биш үү? Хүний дотрыг уудлаад мөн чанарыг нь нэгд нэггүй харчихаж болдог ч болоосой доо!...
Ээжийн зөв байлаа. Шинэхэн хадам ээж, эгч, ах нар нь, тэдний эхнэрүүд ээжийг хүн байна чинээ тоож харсангүй. Аавын ах дүү нар нэг дороо цуглаж хоол унд болж, найрлаж цэнгэх дуртай хүмүүс. Аав минь эхнэрээ гурван хүүхэдтэй нь дагуулаад очино. Бэрүүдээ нэг нэгээр нь тэнгэрт тултал магтан байн байн татаж үнсэх хадам ээж нь ээж рүү эгцэлж ч харахгүй. Угийн ажилсаг ээж аяга таваг шүүрч авч угаахаас эхлээд юухан хээхэн хийж тоогдох гэх боловч түүнийг ч үл тоон, тэгэх л ёстой мэт аашилцгаана. Хүүхдүүд нь ч хүүхдүүдтэй нь тоглохгүй. Гэвч тэвчих ёстой! Ерөнхийдөө чинээлэгдүү, хангалуун тансаг хэрэглээтэй тэдний дэргэд хэсэгтээ шоовдорлогдсон ч ээж тэвчсэн. Заримдаа тэндээс гармагцаа ээж минь асгаруулан уйлж байдагсан. Мэдээж ээжийн зөөлөн зан, тэвчээр, ажилч хичээнгүй чанар удаандаа танигдаж хадмуудаа зөөлрүүлснээр энэ бүх зовлон зэрэглээ мэт замхарч одсон билээ.
 
Буджавын Уянга Гантөмөрийн Уянга болов.
 
Аав ээжийг гурван хүүхэдтэй нь нагац эмээгийнхээс шууд хөтлөөд гарлаа. Одоогийн бичил хороолол байгаа газар, 28-р сургуулийн харалдаа гудамжны захын хашаанд, нэг шавар байшинд шинэ гэрээ төвхнүүлэв. Тэнд ёстой ханхай байшин л байсан санагдана. Ор, ширээ, сандал, мах гурилын мод, элдүүр, аяга, халбага... гээд айл гэр болоход хэрэг болдог бүхнийг энд тэндээс цуглуулж Гантөмөрийнх гэдэг айл өрхөө татлаа. Борогхон ч гэсэн оромжиндоо халуун ам бүлээрээ сэтгэл хангалуун хооллож суусан анхны орой аав ээжид: “Хөгшөөн, хүүхдүүдийнхээ гэрчилгээг солиулж би нэрээрээ овоглоё. Тун удахгүй эхнээсээ сургуульд орно. Хүний өмнө нүүр улайх будлиангүй, бүтэн нэртэй байг дээ, хүүхдүүд минь” гэхэд ээжийн хоолойд нэг юм тороод нулимс гарчих гээд үг дуугарч чадаагүй гэдэг. Энэ хүнтэй суухаас өмнө гэрт гадаагүй хөөцөлдөх ажлыг өөрөө л зохицуулдаг байсан ээж ачаа хуваалцах хань ижилтэй байхын сайхныг анх удаа бүтэн мэдэрсэн гэдэг. Үүнээс хойш ээж иймэрхүү ажил хөөцөлдөж үзсэнгүй өтөлжээ. Аавыг бурхан болсны дараа ямар муу зан сурснаа мэдэж ихэд балмагдсан юм. Хотод амьдарч байсан хирнээ л юу хаана байдгийг олж чадахаа байсан, нэг ч албан газрыг олж чадахгүй, бүр автобусны чиглэл ч мэдэхгүй болчихсон байснаа мэдэж “Үгүй энэ чинь би өөрийн гар хөлтэй л байсан байлтай. Муу өвгөн минь автобусанд суулгаж үзээгүй, намайг ийм болтол эрхлүүлж хөл газар хүргээгүй байсийм байна шүү дээ” гээд аавыг улам бүр үгүйлж уйлж байсийм.
 
Маргааш нь аав бичиг баримтуудаа цуглуулаад гарчээ. Ингээд Буджавын Уянга Гантөмөрийн Уянга боллоо. Энэ нэр одоо сургуульд ороход дэвтрийн хавтсан дээр, ангийн журнал дээр бичигдэнэ. Сурагчийн хувийн хэрэг, иргэний үнэмлэх, сургуулийн аттестат дээр бичигдэнэ. Сайн, муу аль ч үйл хийсэн охины нь нэрний өмнө дурдагдана. Хожим төрийн түшээгийн нэрийн хуудсанд дурайж, үхэхэд чулуунд сийлүүлж үлдэх салшгүй овог минь ийнхүү Гантөмөр боллоо.
 
Хойд аавын хатуу гар
 
Ээж минь ханьтай байхын халамж хайрыг мэдэрч сэтгэл амарсан ч амьдрал энэ чигээрээ ийм байна гэсэн үг хараахан биш байлаа. Том болж байгаа хүүхдүүд шинэхэн ааваа “Аав” гэж дуудаж сурахаас эхлээд асуудал тулгарав. Эрхлүүлнэ гэдгийг огт мэддэггүй, эерүү зөөлөн үг ч хэлдэггүй хатуу хөтүү, харц ширүүн "ах"-ыг аав гэж дуудаж сурах ямар хүнд бэрх даваа байсныг үзсэн хүн л мэднэ дээ. Ээжийгээ бодохын эрхэнд "аав" гэж дуудсан ч чанга ширүүн дуутай, алганы амтыг ч хайр найргүй үзүүлчихдэг хүнийг зүрх маань "аав" гэж дуудаж сурахгүй мөн ч их удсансан. Жаахан гэлтгүй ажил даалган хийлгэнэ, огт зүгээр суулгахгүй. Хийсэн ажлыг нэгбүрчлэн шалгаж голоод дахин дахин хийлгэнэ. Уураа хүрвэл зодох энүүхэнд. Өнгийн бүрээстэй гурван давхар зэс утсыг нийлүүлэн цагаан утсаар бүрж сүлжсэн цахилгааны утас байдаг байв даа. Нүдэнд хүйтэн тэр зодуурын хэрэгсэл аавын гарын дор бэлэн байдаг байв. Түүнийг хэд нугалан гуя, хонгонд гүвдрүү гартал ороолгоно, сандал өргүүлж буланд зогсооно гээд есөн шидийн шийтгэл нь хүүхдүүд бидэнд хатуудаж байх шиг л тухайн үедээ санагддаг байсан. Одоо бодоход хатуу чанд шаардлага нь ажил хийж, үг дааж сургаж дээ. Өмнөх бичиглэлийн эхэнд дурдсан сахал үсэндээ баригдсан аав минь ирж намайг намайг удаан гэгч үнэрлээд гарч явдаг тэр өдөр энэ л үест тохиосон билээ.
 
Би найман нас хүрч сургуульд орох боллоо. Ээж бага дүүг төрүүлээд эмнэлэгт байсан тул 9-р сарын нэгний өглөө миний үсийг самнаж өгөх хүн байсангүй. Аав орой ажлаасаа ирээд намайг дагуулан тээр арын гудамжны айлд очиж эзэгтэйгээр нь үс самнуулаад өглөө болтол сэгсийлгэхгүйн тулд гараа дэрлүүлэн хонож билээ. 
 
 
Би сурагч болж ээж дүү хоёр эмнэлгээс гарч ирлээ. Ээж 45 хоноод ажилдаа орлоо. Аав ээж өдөржин ажилтай, оройдоо л гэрийн бараа харна. Дөнгөж сургуульд орсон айлын том охин би хичээлээсээ ирээд гэрээ цэвэрлэж, хоёр арвын бидоноор эсрэг талын өгсүүр гудамжнаас ус зөөж 80 литрийн усны саваа дүүргэнэ. Хорин литр ус 8 настай охинд бас л чанга шүү дээ. Хоёр талаараа цалгиулсаар өвөл бол өмдний хоёр тал мөстчихнө. Гэртээ усаа юүлээд мөсөө хайлахаас нь өмнө гарсан нь дээр. Хайлчихвал дахиад гарахад хайрна. Өмдний хоёр талын мөсийг үрж том томоор нь унагаах зугаатай санагддагсан. Хоёр арвын бидоноор ус зөөсөөр 80 литрийн боошигийг дүүргэхэд “Овоо доо, миний охин” гэж хэлсэн нь ховор. Харин түүний оронд “Хамаг уг цалгиулж асгаад иржээ, асгахгүй аваад ирж чадахгүй байна уу? Наад талоныг чинь мөнгөөр авдгиймштээ!” гэж зэмлэх нь элбэг. Түлээ хагалан, нүүрсээ оруулж гал түлнэ. Хий хоосон гал түлж нүүрс түлээ барахгүйн тулд цайгаа чанаж, хоолоо хийхийн зэрэгцээ оройн угаалганд зориулж ус халаана. Найман настай охин энэ бүхнийг хийж хэдийн заншсан байлаа.
Миний хийдэг ажил дээр дүү харах, даавуу угаах, гэрийн даалгавар хийх нэмэгдлээ. Гэрийн ажлаа амжуулсны дараа гэрийн даалгавар хийнэ. Орой аавд шалгуулна. Ямар нэг өө сэв л харвал шууд дахин эхнээс нь хийлгэхдээ хажуудаа шугам заавал байлгана. Нэг л зураас буруу татвал улаан ором гартал шугамдана. Энэ бүхэн даан ч гомдмоор санагддаг байж билээ. Хэдий гомдмоор байсан ч алгын чинээхэн охин эрхэлж орилж чарлан уйлж үзсэнгүй, эхэр татан мэгшиж уйлахдаа надад захирагдалгүй урсан гарах нулимсыг дэвтэртээ дусаахгүй гэж их л хичээдэгсэн.
 
Найман настай “гэрийн эзэгтэй”
 
Аав жолооны сургууль төгсөж даргын жолооч хийх болов. Дарга хаашаа аав тийшээ болж, бид байн байн ийш тийш нүүх болов. Хотын МАХН-ын хорооны дарга Хоролдаваагийн жолооч хийж байсан аавыг Багануур дүүргийн засаг даргын жолоочоор хуваарилж бид тийш нүүлээ. Нэгдүгээр ангид дөнгөж ороод байсан би Багануур дүүргийн 64-р сургуульд шилжиж очлоо. Их найрагч Д.Нацагдоржийн төрсөн газар Гүн Галуутай нуур мэлтэгнэн харагдах их талд орос ах нарын сүндэрлүүлж эхэлсэн Багануурын анхны хороололд бид байранд орлоо. 
 
Бага дүү Отгонбаяр маань их л өвдөмтгий хүүхэд байв. Төрөөд хэдхэн сартайдаа нугасны ус авахуулаад удаагүй байтал бид Багануурт ирсэн хэрэг л дээ. Гэтэл тэнд агаар таарсангүй, бага дүү байн байн өвдөж эмнэлгээс салахаа болив. Аав даргаа дагаад хот руу, эсвэл хөдөө хонон өнжин явах нь элбэг. Нэгдүгээр ангийн охин би тэр гэрийн эзэгтэй болж хоёр дүүтэйгээ үлдэнэ.
 
Аав даргатайгаа хот руу явсан нэг тийм өдөр ээжийг эргэх хүн байсангүй. Би ээжийгээ эргэхээр шийдлээ. Ухаан орсон цагаасаа эмээдээ тусалж, цагаан сарын бууз банш хийлцэж өссөний хэргээ гарган хоол хийж ээж дүү хоёроо эргэхээр шийдлээ. Эмнэлэгт хүн эргэхэд бууз л хийдэг биз дээ? Сайхан цай төвөггүй чаначихав. Гурилаа зуурч, махаа татаад сонгиноо хэрчээд хийчихлээ. Энэ бүхэн надад огтхон ч төвөгтэй биш. Буузанд туслах үүрэг гүйцэтгэж байснаас хэзээ ч ерөнхий тогооч байгаагүй тул давсыг нь тааруулах амаргүй байв. Хажуугийн айлынхаа хаалгыг тогшоод хаалга тайлсан эгчид “Эгчээ, ээж эмнэлэгт дүүг аваад хэвтчихсэн, аав хот явсан. Би ээжийгээ эргэх гэсэн юм, та буузны давс тааруулаад өгөөч” Хөршийн эгч өхөөрдөн гэрт орж ирээд ангайн гайхаж билээ: “Хөөх, чи чинь ганцаараа энэ бүхнийг хийчихэж байгаа юм уу? Хэзээ сурсан юм бэ?...” хөршийн эгч нүдэндээ нулимстай ханцуй шамлан надад туслах ажилд орлоо. Буузны давс тааруулж, энэ бүхнийг хэзээ хэрхэн хийж сурсныг асууж надтай элдвийг ярилцан бууз чимхэлцээд миний чанасан цайнаас ууж харамгүй магтав. Хэзээ ч магтуулж үзээгүй шахам надад магтаал гэгч ямар урамтай сайхан зүйл болохыг хөршийн эгч анх амсуулж билээ. Халуун саванд цай юүлэхээр нуруу хүрэхгүй тул плитканы өмнө явган сандал тавихад тэр эгч сандарч бас цай юүлж өгсөн. 
Хоол цайгаа торонд хийж аваад хоёр дүүгээ дагуулаад баруун тийш эмнэлгийн зүг алхчихлаа.
 
-Отгонбаярын сахиурт эргэлт ирлээ, гараарай! Ээж өөрийгөө гэж бодсонгүй. Ганаа хот явсан. Энд хамаатан садан, найз нөхөд байхгүй, өөр Отгонбаярыг хэлж байгаа нь ойлгомжтой. Асрагч дахиад ирж байна: “Отгонбаярын сахиур Должин гараачээ, эргэлт ирчихээд дуудаад байна”
-Намайг эргэх хүн байхгүй дээ, хүн андуураагүй байгаа?
-Хэн мэдэх вэ, гарч үз! Битгий дахин дахин дуудуулаад бай! Ээж хотоос, тэр холоос намайг эргэхээр ирнэ гэж баймгүй юмаа гэж тааж ядан гайхсан ээж тортой юм барьчихсан хоёр дүү бид гурвыг хараад хоолой нь зангирч нулимс нь урсаж билээ. Палатандаа орж хамт байсан хүмүүстэйгээ хоол цайгаа хувааж идэж уучихаад хөлс нь гарч улаа бутарсан ээж минь гарч ирэхдээ тор дүүрэн амттан хийж авчирсан нь хоол цайны амт шимтийг магтаж биднийг өхөөрдсөн тэр хавийн хүмүүсийн хишиг байлаа. Ээж минь энэ түүхийг ярих болгондоо одоо ч нүдэнд нь нулимс торж хоолой нь зангирдаг.
 
Миний бие дааж хийсэн буузыг ээж, бас хүмүүс магтсанд урамшсан би аавдаа хоол хийж өгч магтуулахаар шийдлээ. Гэвч давсыг нь тааруулж чадах эсэхтээ итгэлгүй байсан тул цөөхөн бууз хийлээ. Хэрэв хүн идэхээргүй юм болчихвол аав “юу ч хийж чадахгүй байж мах гурил үрлээ” гэж загнах нь бараг ойлгомжтой тул ердөө хоёрхон жигнүүр бууз хийв. Амжилттай боллоо, хачин сайхан амттай бууз. Аавдаа оруулж өглөө, юм ярьсангүй идчихээд “Дахиад байна уу?” гэж байна. Аавын хувьд энэ л хангалттай магтаал байлаа. 
 
-Байхгүй ээ аав аа, муухай болчихож магадгүй гээд цөөхнийг хийсэн...
-Нэг юм хийсэн санаатай юм бол олигтойхон хийчихэд яадаг юм, хоёрын хооронд ходоодны мухар дүүргэхгүй юм хийгээд... За даа, энэ ч магтаал л гэсэн үг дээ :-)
Охиныхоо анхны хоолыг магтаж урамшуулах болов уу гэсэн тэгсэнгүй, харин үүний төлөө ээж аавыг зэмлэж миний толгойг илж үнссэн билээ.
Шинэ аав өөрийн хүүхдээ хараад бидэнд ааш гаргаж эхэлсэн ч юм биш, ерөөсөө л уг хүн нь наанаа их ууртай, ширүүн хүн байсан юм шүү. Хатуу хөтүү үгийг хайр найргүй хэлнэ. Тэр үедээ гомддог байсан ч одоо бодохнээ, хүн хамгийн хатуу үгийг эцэг эхээсээ сонсож сурвал амьдралд гараад баргийн хатуу хөтүүд тордоггүй болдог биш үү гэж бодогдох. Харь элгийн хүмүүсийг аав охин, аав хүү болгох гэж тэвчээрийн дээдийг үзүүлэхдээ үзүүлж, аргаа барахдаа барж, биднээс нууж уйлахдаа уйлж байсан ээжийнхээ зовлонг том охин би ойлгохгүй бол өөр хэн ойлгох билээ дээ. Ганц бид ч зовсон юм биш, хүний хүүхдээр хүн хийх гэж, ажил сургах гэж аашаа барж, муугаар үзэгдэж байгаа тэр хүн ч бас цөхрөлөө бардаг л байсан байж таарна. Харин ч аавынхаа хүчээр ажил сурч бусдын дор орохооргүй болсон бизээ.
 
Угаалгын машинд итгэх хүртэл...
 
Ээж минь угаалгын машинд ерөөсөө ч итгэдэггүй байсан юм, тэр нь одоо ч хэвээрээ. Холбосон хоёр элдүүрийн хооронд угаасан юмаа хийж гараар эргүүлж мушгидаг угаалгын машин байдаг байв даа. Ээж эхний хоёр гурван угаалгыг заавал гараараа хийж, угаалгын машинаар зөвхөн зайлах, мушгих үйлдлийг гүйцэтгүүлдэг байлаа. Энэ заншил нь одоо ч хэвээрээ. Мөн л ээжийн багадаа сурсан ёсоор манай 6 ам бүлийн дөрвөн улирлын хувцас, орны цагаан хэрэгсэл, бүтээлэг гээд бүх зүйлсийг ээж угаалгын машинд найдалгүй гараар угааж заншсан байв. Тэгээд бүр тунгалаг ус гартал нь зайлах дүрэмтэй. Сэлбэ голын усыг мөн ч их зөөсөн дөө. Заримдаа аав ээжийг ажилдаа явсан хойно, усыг зөөхөөсөө төвөгшөөгөөд угаах юмаа хамж аваад гол руу явна. Тэртэй тэргүй голын эргээр эгнэж суугаад угаасан хувцсаа голд зайлж байгаа, машинаа голын урсгалд зогсоож байгаад угааж байгаа хүмүүс эргээр дүүрэн байхад ээж л ганцаараа гэртээ усаа зөөж угаахыг шаардана. Голд угаахаар очсон үедээ бохир усаа голын далан өгсөж байж жалганд асгах боловч ус бохирдуулахаа юман чинээ бодохгүй байгаа тэднийг хараад сэтгэл өвдөж гол дээр угаалга хийхээ больсон билээ. Заримдаа уурандаа хэлж орхих боловч мэдээж олигтой үг тэднээс дуулахгүй. Би тэдний нэг байхыг зүгээр л хүсээгүй юм. Түүний оронд Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ард байдаг эмээгийндээ амралтын өдөр бүхнээр дүүрэн дүүрэн цүнхтэй угаах юмаа чихэж очоод угаадаг болсон.
 
Эмээ дийлэнхдээ л сайхан шар будаатай цайгаа чанаад “Ишшш, миний муу охины гар нь бүүр эвдэрч гүйцлээ” гээд хошуу цорвойлгон эвийлдэгсэн. Хааяахан эмээ минь таагүйхэн угтана. Ядаж ганц амралтын өдөр тайван амраахгүй, амралтын өдөр бүхэн /нэг ч долоо хоног алгасахгүй шүү дээ!/ хиртэй бүхнээ чирч ирээд гэрийг нь угаалгын газар шиг болгож байгаад явах яаж таатай байхав дээ.
 
Тэгэхээр нь эмээгээ аргадах гэж бас гэрийг нь цэмбийлгэнэ. Эмээ минь дороо л тайвширч аанай л хошуугаа цорвойлгон охиноо эрхлүүлнэ. Эмээ минь миний хамгийн дотнын хүн байж дээ. Дүнсэн тамхи ороож татсаар байгаад эрхий, долоовор хурууны нь үзүүр шарлачихсан байдаг эмээ минь ганц нэг ширхэг амттан заавал хадгалсан байна. Би тамхины үнэрт огтоос дургүй, үнэр авахаар л огичих гээд байдаг мөртлөө ганцхан эмээгээс минь л үнэртэх дүнсэн тамхины үнэрт огих нь байтугай бүр тааламжтай, уулзахгүй удвал санаж үгүйлдэг байсан нь сонин.
Эмээ минь бас сайхан сайхан үүх түүх ярьж өгнө. Бага насныхаа тухай, нутгийнхаа тухай, ээжийн тухай ярих нь яг л кино үзэж байгаа мэт. 
Эмээ нүдээ жаатайлгаж ирээд яриагаа эхлэх нь яг л тэр цаг үедээ явж оччихоод харж байгаагаа надад биш өөртөө ярьж байна уу гэмээр байдагсан. Ямар ч сул үггүй, зүйр үг, алиа хошин хэллэгээр хачирлаж ирээд ам ангайтал ярьдагсан. Эмээгийн яриаг тасламгүй, дуусахад нь харамсмаар байдаг байж билээ. 
-Эмээ дахиад өөр нэг түүх яриад өг л дөө” гэж шална. -Эмээгийнх нь мэдэх жаахан юм ер нь л барагдаад байна шүү” гэхэд нь 
-Тэгвэл нөгөө ахтайгаа хонь хариулдаг байснаа, эсвэл ноос хяргадаг түүхээ дахиад яриад өгчих л дөө...гэнэ. -Одоо ажлаа хий, цаг нар чинь хэцүүдлээ. Тэгээд л хүний ам руу орчих шахаад хамгаа мартчих юм. Бүсгүй хүн чинь ийм үгэнд дурламтай байж болдоггүй юм! гээд босоод явчихна. Намайг урвайж хоцрохоор “Эмээ нь сүүлд ярьж өгнөө. Миний хүү юмаа угаачихаад эртхэн харихгүй бол цаад гэрийнхэн чинь хэцүүдэхгүй юу” гээд дух үнэрлэнэ.
 
Жийрэгтэй гар
 
Би гарнаасаа маш их ичдэг байв. Гараар угаасаар байгаад шилжилтийн насанд хүрэхэд миний гар бусад охидынхоос өөр болохыг мэдэрч эхлэв. Бүдүүн бугуй, битүү эвэртэй том алга, бахим бүдүүн хуруунууд. Гараар бүх зүйлээ угаадгаас л болсон хэрэг. Том том цагаан хэрэгсэл, том хувцсуудыг аль болох цөөн усаар зайлах гэж усгүй болтол мушгисаар гар эвэршиж гүйцсэн байв. “Ингэж мушгиж яах нь вээ, наад даавуу чинь урагдлаа. Гол нь наад гар чинь эвэршиж гүйцлээ” гэж эмээгийнхээ үглэхийг огт тоодоггүй байж. Юм угаахаар гар гоё болдог гэсэн ээжийнхнээ үгэнд үнэмшсэн байв. Эвэршиж хатуурсан гар баргийн юмыг мэдрэхгүй. Улайдсан гал дээрээс ширмэн тогоо дүүрэн хоолыг аваад тавихын зуур жийргэвч хэрэглэдэггүй байсан юм. Яг тэгээд тавьсан хоолыг өөр газар тавих гэж байж жийрэггүй халуун тогоо барьж аваад дүү минь нэг баларч билээ. Халуун хоол асгаж гараа түлж бөөн юм болоход “Чи жийрэглэхэд яадаг байнаа” гэсэн аав ээжийн халаглалд дүү “Эгч зүгээр л жийрэггүй аваад тавьчихаар нь би зүгээр гэж бодсон” гэж байж билээ. Эгчийн гар өөрөө байнгын жийрэгтэй болчихсоныг дүү минь яаж мэдэх вэ дээ.
 
Мөнгөн аяга шиг гарнаас чинь 
Мөнхийн усыг амсахсан...
 
Гартай холбоотой нэгэн хөгжилтэй явдал санаанаас гардаггүй юм. Оюутан байхад ангийн маань нэг хөвгүүн намайг кинонд урилаа. Тэр манай ангийн ажил хийдэг цорын ганц оюутан байв. Тэр залууд нь ч болоогүй юм, үнэндээ кинотеатрт орж үзээгүй их л удсан байсан тул кино үзмээр санагдаад зөвшөөрчихөв. Ангийн залуу хуушуураар дайлж, “Ард” кинотеатрын “Бинго”-д тоглуулав. Түрүүлж ороод суудлаа эзэлж, кино эхлэхийг хүлээнгээ элдвийн л юм ярьж байсан. Тэр мэдээллийн агентлагт мэдээ бичдэг арван хурууны бичээчийн ажил хийдэг байсан юм. Юм шивнэ гэж ч үзүүлээд өгдөг залуу л даа. Гар нь үзэгдэж харагдахгүй, уншиж байхад зэрэгцээд л шивж дуусна. Автомат машин шиг л. Компьютерт арван хуруугаар шивж байхыг нь харах урамтай. Яг тэгээд ажлаа хийж байхыг нь хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай хараад “Дүү хүүгийн гар ч төгөлдөр хуур тоглож баймаар гар байна даа” гэж хэлжээ. Ангийн хөвгүүн кино эхлэхийн өмнө тэр түүхээ гайхуулан ярив. Хүн гараа элдвээр магтаад байхад дуугүй суугаад байлтай нь биш, боловсон ёсыг бодож би ч хариуд нь гарыг нь магтлаа. Их дуртай байноо. /Яг үнэндээ эр хүний нялцгай зөөлөн гар надад хэзээ ч таалагддаггүй, тэр тусмаа тийм гараар гар бүтэн атгахгүй сулхан барьж мэндлэх агзасхиймээр хүйтэн байдаг/
Удалгүй миний гарны тухай яриа руу гулсав. Тэр далимдуулаад миний гарыг барих гэхэд нь би ичээд гараа угз татан авч “миний гар ч мод шиг л дээ, чинийх шиг биш...” гэв. Тэр шүүрэн авч алга барьж үзсэнээ “Нээрээ тийм юм байна” гэдэг байгаа. Тэр худлаа хэлээгүй юм, үнэхээр хэний ч толгойд тийм л бодол орж ирнэ. Гагц тэр залуугийн ам л бодлоос нь түрүүлчихсэн хэрэг. Кино үзмээргүй болов. Гэхдээ би түүний мэдрэмжгүй тэнэг яриаг сонсох гэж биш кино л үзэх гэсэн зорилготой байсан тул юу ч бодолгүй киногоо үзээд баярласнаа илэрхийлээд ганцаараа кинотеатрын гаднаас явж одсон юм.
Нэгэн удаа Хуягаа бид хоёр аанай л ангидаа үлдэж Хуягаа гэрээсээ авчирсэн шинэ нойтон өрөм торгууд гамбираа, би варианы шилэнд илүүчлэн хийж авчирсан хоолоо гаргаад элдвийн яриа дэлгэн суухдаа би тэр болзооны тухай сонин болгон хуучиллаа. /Бид хоёр бас нэг анги. Манай курс ердөө хоёрхон хөвгүүнтэй байсны нэг нь бичээч залуу, нөгөө нь хожмын миний хань А.Баатархуяг байсан юм/. 
 
Хөгжил, хөөр болгон ярьсан тэр түүхийг Хуягаа сонсож сууснаа миний гарт ч хүрэлгүйгээр: 
-Надад бол ч “Мөнгөн аяга шиг гараас чинь Мөнхийн усыг уухсан” гэсэн мөр л бодогдож байна” гэж огт наргиангүй хэлсэн юм. Миний мод шиг гарыг анх удаа тэнгэрт тултал магтсан нь тэр байлаа. Мод шиг гар хэдхэн хоногийн дараа өөрчлөгдөөгүй нь лав, ангийн хөвгүүнээс ялгаатай нь манай Хуягаагийн толгой сэнсэртэл ажиллаад “хүүхний талбар”-т ялалт байгуулах зөв үгийг цагийг нь олж хэлсэн нь тэр байв.
 
Гарынхаа бодат байдлыг мэдэх би сүрхий уярч сүйд болоогүй ч баргийн зүйлд үг алддаггүй, ухаалаг, дөлгөөн залуу надад зүгээргүй байгааг анх удаа олж харж билээ.
Хожим бид гэр бүл болж айлын хашаа хөлслөн тусдаа гарлаа. Хуягаа маань сурахынхаа хажуугаар ажил хийж олсон мөнгөөрөө хамгийн түрүүнд надад угаалгын машин авч өгч билээ. Би дургүй байлаа. 
-Хоюулаа мөнгөө хурааж орон гэртэй болохоо бодъё. Угаалга зэрэгт найз нь түүртэхгүй. Байртай болж усанд санаа зовохгүй болсон хойноо л угаалгын машин авъя. Маш их ус орно, гэр хороололд зохимжтой биш...
-Зүгээр. Ус зөөх нь миний ажил. Чиний ажил биш тул илүү юманд бүү санаа зов!
-....Угаалгын машин бас хувцасны хир бүтэн арилгана гэж байхгүй шүү дээ, дутуу л угаана...
-Их хир болголгүй л угаачихаж байя!
-Байн байн угаагаад байвал амархан элэгдэнэ шүү дээ...
-Элэгдвэл дахиад л авчихна!
 
Миний хичээл зүтгэл ямар ч амжилтгүй болж, саналыг минь огт харгалзахгүйгээр Хуягаа надад хамгийн түрүүнд угаалгын машин авч өгсөн юм. Энэ бол, Хуягаа надад шууд хэлээгүй л болохоос миний гарны тухайд дээрх залуугийн хэлсэнтэй адилхан зүйлийг бодсон гэсэн үг. Намайг гараар юм угаахыг хань минь огт зөвшөөрдөггүй байсан. Зарим өдөр эрт ирвэл өөрөө ч машинаа залгаад юм хумаа угаачихна. Гагц хувцсаа ангилж машинд хийх тал дээр одоо ч сайн суралцаагүй. Яваандаа миний гарын эвэр арилчихсан. Юм угаасны дараа гарынхаа алганы зөөлөрсөн эврийг үйлийн хайчаар хайчилж нимгэлэх нь их л зугаатай ажил байдагсан. Алга дүүрэн ийм эврийг алга болно гэж би огт төсөөлөөгүй, насан туршдаа л ийм эвэртэй гартай боллоо доо гэж боддог байсан нь тийм биш байсан. Хэдэн жил хайчаар нимгэлээд арилаагүй эвэр хайранд нялхраад арилсан юм даа...
 
Хадам хүргэний хооронд худал ярьсаар...
 
Аав минь эхэндээ Хуягаад төдий л сайнгүй. Магадгүй юм юмны дөртэй болгосон ганц охиноо дориухан айлд өгнө гэж бодсон нь “эсрэгээр эргэсэнд” дотроо таагүй ч байсан юм бил үү. Хань ижил хүний амьдралд ямар чухлыг байнга сануулж үглэдэг байсан аавд жирийн уурхайчны хагас өнчин хүү төсөөллөөс нь ангид байсан бололтой. Хуягаа ч бие даасан, зовлон жаргал үзсэн, тэр бүр хүнтэй дотносдоггүй, үг дуу дэндүү цөөн, айлд хүргэн орж байгаа хүний дуулгавартай зан түүнд байсангүй. Энэ нь аав ээжид сайхан санагдаагүй хэрэг л дээ. 
 
Хадам хүргэнийг ойртуулах нөр их ажилд ухаан зарах шаардлагатай боллоо. Цалингаа буухаар юухан хээхэн авч аав ээж рүү очоод “Хуягаагийн цалин бууж гэнээ, та хоёрт энийг явууллаа” гэчихнэ. Ажлаа тараад аавынд хоол идэх гээд очихдоо, “Дөнгөж сая найзуудтайгаа хооллочихлоо. Хоолоо аваад явчихъя” гээд нөхөртөө өгөхдөө “Аав ээж хоёр чамайг дуртай юм гээд үүнийг өгүүллээ” гэх жишээтэй. Олон ч удаа худлаа ярьж элдвийг хоёр тийшээ зөөсөн дөө. 
 
Улаан цайм буруутай байсан ч хамаагүй, нэгийг нь нөгөөгөөс тас өмөөрч огт хир халдаахгүй. “Миний аав ээж хоёр юу ч гэж хэлж, бүр буруу юм хэлж байсан ч тэр нь бидний л төлөө. Авахыг нь аваад, хаяхыг нь хаяна, тэвчихийг нь тэвчинэ. Ер нь хоюулаа ах дүүгээс болж муудахгүй гэдэг зарчимтай байя” гэнэ. Аав ээжийнхээ өмнө ханьдаа бол хир халдаахгүй, дандаа сайн сайхан чанарыг нь ярьж, дэгжээсээр бүүр сүүлдээ харин би тэр хоёрын охин биш Хуягаа хүү нь юм шиг л болж хувирсан даа. Одоо манай гэрийнхэн, дүү нар бүгд л Хуягааг хүндлэн хайрлаж, том ахаа гэж үзэн үгийг нь сонсоно.
 
Аав минь амьд ахуйдаа сайхан хоол хийж, хүргэнтэйгээ ганц юм дундаа тавьчихаад түүх, уран зохиол, улстөр ярьж суух дуртай байж билээ. “Та нар Хуягаа ахыгаа хар. Юм уншиж, мэдсэн, боловсорсон хүн хичнээн сайхан...!” гээд л хүүхдүүддээ сургаж байдагсан.
 
Миний аав эмч хүн байв
 
Аав минь номд дуртай, дэлхийн болон Монголынхоо сонгодгуудыг бүгдийг нь уншсан, найз нөхдөө ном уншдаг уншдаггүйгээр нь эрэмбэлж нөхөрлөдөг хүн байсан. Шинэ гарсан номыг хамгийн түрүүнд авч уншдаг. Хоол идэж байхдаа ном уншихыг бидэнд тас хориглодог байсан хирнээ хоолны ширээний ард дандаа л номтой сууж байдаг хүн байлаа. Номд дуртайгаас гадна орос, хятад хэлийг бие даан сурч гадарладаг болсон байв. Зүүнхараад амьдардаг байхдаа нэгэн хятад өвгөнд ногоо тарьж хураахад нь тусалж бага сага мөнгө олдог байхдаа тэр өвгөнөөс зүү тавих эрдмийг сурсан ховор авъяастай хүн байлаа. 
Тал цус харваад өрөөсөн тал нь мэдээгүй болоод унжчихсан, хэл нь татсан, хөх нь хавдаж идээлсэн гээд үй олон хүн манайхыг зорьж сураглаж ирдэг байв. Аав дээд тал нь 7 удаа л зүү тавина. Судсыг нь барьж үзээд эдгээж чадах эсэхээ шууд хэлнэ. Чадахгүй бол чадахгүй гэж хэлээд л явуулчихна. Би аавынхаа “Би барахгүй нь” гэж хэлээд хүн буцааж байсныг бараг санадаггүй юм. Голдуу л “Та яг миний хэлснээр байж чадвал хоюулаа төд хоногийн дараа бүрэн эдгэрнэ!” гэж маш итгэлтэй хэлдэгсэн. Тэгж эдгэрсэн хүмүүс ирэх тоолондоо бидэнд компот, чихэр гээд тэр үедээ л ховор есөн шидийн амттан авчирна. Ааваар зүү тавиулах хүмүүсийн ирэх өдрийг бид тэсэн ядан хүлээдэгсэн.
 
Тэр мэт хэдхээн хүний дараа л манайхыг хүмүүс амраахаа больж эхэлнэ. Тэгмэгц аав залхаж эхэлнэ. Сүүлд 90-ээд оноос хойш бүүр олон хүмүүс зорьж ирдэг болсон. Хүмүүс жаахан олшроод ирэхээр л утсаа солих юм уу, аль нэг тийшээ нүүх тухай ярьж эхэлнэ.
 
Нэгэнтээ би аавд “Аав аа, та яагаад хүмүүс олон болохоор зугатаад байгаа юм бэ? Таны энэ авъяас чадвар тань л манай амьжиргааг дээшлүүлэх том боломж юм биш үү? Халтуур хийснээс хамаагүй дээр шүү дээ. Эмчлүүлж байгаа хүндээ ч, бидэнд ч хэрэгтэй...” гэтэл аав санаа алдаад “Миний хүүхдүүд яаж ойлгохов дээ... Ямар нэг алдаа гарвал аавд нь эмчлэх эрх мэрх гэж юу ч алга. Зүгээр л хар аргаар сурсан хүн шүү дээ, аав нь. Тэгээд ч хүн эмчилнэ гэдэг маш хүнд ажил. Аав нь маш их ядрах юм. Үүнийг хийхийн тулд өөрийгөө бас хамгаалах ёстой. Аав нь тэрийг нь сураагүй юм байна, үнэндээ зүү тавьсны дараа үхтлээ ядарчихаад байна” гэж билээ.
Нээрээ л аав минь хүнд зүү тавьж байхдаа эхлээд хүнээ хоол цайгаар дайлж, сайн ярилцана. Тэгээд биднийг өрөөнөөс гаргаад, зурагт радио бүгдийг унтрааж байгаад нэг ч чимээ гаргалгүй, өөрөө ч бараг ярилгүй их нямбай хийдэг байсан. Зүү тавиулж байгаа хүнийг ч яг тэр үедээ ярихыг хориглодог байсныг санадаг юм. Өвчтөнтэйгээ давхар бясалгаж , хамаг бие сэтгэлээрээ л тэр өвчинтэй тэмцэж байх шиг санагддагсан. Олон ч хүн миний аавын буянаар өвчин зовлонгоос салсан даа.
 
Төрсний дараа горьдож хөх хавдана гэж мөн ч аюултай эд байдаг даа. Аавыг байхад би түүнд санаа зовж байсангүй. Цээжний голд, хоёр чигчий хурууны үзүүрт, хоёр чамархай дээр зүү тавиад л өргөс авсан мэт зүгээр болчихно. 2-3 удаа л тавина. Харин зүү тавьсны нь дараа хавдсан хөхний сүү татарна. Тэгмэгц бас л сүү оруулдаг зүү гэж тавина. 
Аавд нэг нимгэхээн моотуу цаасан дээр хятад ханзаар бичсэн, голдуу хүний биеийн зурагтай нимгэн ном байдаг байв. Гараар хүрэх бүү хэл ширүүхэн харвал бутарчихмаар тэр номыг саяхан болтол хадгалж байснаа хэрэглэж чаддаг хүн нь хэрэглэг гээд “Монг Эм” эмнэлгийн ерөнхий эмч, З.Мэндсайхан ахад өгчихсөн. З.Мэндсайхан эмчээс гадна хүүхдүүд нь сүрхий эрдэмтэй, их сайн эмч нар юм билээ.
Уран зохиолын номоос гадна “Атлас акупунктурных зон” гэдэг орос хэлээр бичсэн зузаан ном, “Анагаах ухааны дөрвөн үндэс” бас бус дорнын уламжлалт анагаах ухааны хэд хэдэн ном манай гэрийн ширээний ном байсан. Оройн хоолны дараа түүнийгээ бариад л суучихдаг байсансан. Манайхаар эмч нар маш их ирдэг байсан. Хожим намайг 8-р ангид байхад, 1991 онд аавыг хэдэн эмч нар зориуд дагуулаад Польш явж билээ. Польшид сар шахам болоод ирэхдээ аав бидэндээ л маш их мөнгөтэй ирсэн бөгөөд охин дүү бид хоёт жинсэн банзал, Мики Маусны зурагтай эрээн мяраан цамц авчирч өгсөн. Бид хоёр ч ангидаа байхгүй ганган охид болж хэдэн жил түүгээрээ гоёж билээ.
 
Польшоос ирсний дараа манай гэрт нэг их чухал яриа өрнөсөн нь гэр бүлээрээ тэнд шилжин суурьших тухай яриа байв. Аав тэнд байхдаа олон жил сахарын өвчнөөр шаналсан хүний эхнэрийг эмчилжээ. Тэр хүн аавд Польшид ажиллах боломжоор хангаж, гэр бүлээрээ тэнд амьдрахыг санал болгожээ. Аавтай хамт явсан бусад эмч найз нар нь тийм л боломж хайж очсон байж. Энэ боломж гагц аавд л тийм хурдан олдсон бөгөөд гагц аав л ийм боломжоос татгалзсан юм даа. Бүүр сүүлд юмны учрыг ухаардаг болсон хойноо ааваас яагаад ийм “тэнэг” шийдвэр гаргасныг нь асуухад “Аав нь албан ёсны эмч хүн биш шүү дээ. Ийм юм чинь заавал нэгэн цагт асуудалд орж л таарна. Гэхдээ ч аавынх нь найз нар эмчлэх эрх олоод өгье, Польшид ч хамтарч эмнэлэг нээгээд ажиллая” гэсэн л дээ гээд цаанаа л нэг харуусалтай байх шиг хариулдаг байсан юм.
Ийм л сайхан аав нартай хүн дээ, би. Охиноо өөрөөрөө овоглож чадаагүй миний аав, ээжийг минь аймаар зоддог байсан 2 дүүгийн минь "аав", хатуу ширүүн хойд эцэг маань намайг эр хүнд буруу сэтгэлтэй болгож дөнгөөгүй ээ, харин ч жинхэнэ эр хүнийг таних ухаан суух боломж олгосон шиг.
 
Буджав аавын минь уян зөөлөн, хүнлэг, ер бусын гэгээлэг чанар Уянгыг дотроос нь бүтээж, Д.Гантөмөр аавын минь хатуу чанга, зарчимч, тууштай чанар мөнөөх дотоод Уянгатай сүлэлдэн, заримдаа зөрчилдөн өнөөдрийн Уянгыг бий болгосон бололтой. Хүний дээд, сайн ханьдаа хайрлуулан эрхэлж, авдрын хоёр арслан шиг хоёр сайхан дүүдээ эгчирхэж, бурхны бэлэг даан ч сайхан хоёр хүүгээ шүтэж-сайхан эрчүүдийн хайранд хөлбөрч л явна.
 
Үнэндээ би хувь хүнийхээ хувьд мөрөөдөл дотроо амьдарч яваа азтай эмэгтэй. Надад одоо байгаагаас минь илүү юу ч хэрэггүй. Тиймээс ч хүүхдүүдийнхээ мөрөөдлийг бүтээх үйлсэд өөрийгөө зориулсан жирийн л нэг монгол ээж.
 
Биеэр нь дүүрэн тархсан хорт хавдартай, үг дуугарах тэнхэлгүй зовж хэвтэхдээ аав минь охин нь УИХ-ын гишүүн болсон мэдээг сонсоод өмөлзөн уйлж байсансан.
 
 
Арай тэнхлүүхэн эмнэлэгт хэвтэж байхдаа охиндоо “Аав нь хүүхдүүддээ тийм ч сайн аав байж чадаагүй л байхаа даа...” гээд мөн л хоолой нь зангирч ирсэн. Ааваас түрүүлж нулимс гарчих гээд байсан тул “Яалаа гэж дээ, та сайн аав байсан. Ээж танаас өөр хүнтэй таарсан бол яагаа ч билээ. Харин ч бид азтай хүүхдүүд шүү. Бидний өдий зэрэгтэй яваа нь таны л ач шүү дээ” гэсэн ядмагхан хэдэн үг хэлээд аавыгаа уруу татчихгүй санаатай хүчээр инээмсэглэсэн.
3-р ангийн охиноороо цагаан цамцаа дахин дахин угаалгаж, хийсэн хоолыг нь голж, яг л том хүн шиг чанд хатуу сургасныхаа учрыг охиндоо тайлбарлаж чадсангүй дээ гэж шаналах шаардлагагүй ээ, аав аа. Таныхаа ачаар үг дааж, хатууг хатуу чинээнд тоолгүй давах, эрээс дутуугүй тэнхээтэй болсийм билээ, охин нь. 
Эцэг эхийн хуралд сууж, трико, тууз худалдан авч, миний сургалтын төлбөрийг олох гэж такси барьж, анхны зээгээ хараад нулимс дуслуулан эмнэлгийн шатан дээр зогссон тэр гайхамшигт эр хүн бол миний аав.
Өнөөдөр хоёр сайхан аав минь дэргэд алга, гэхдээ хүүхдүүдийн тань зүрх сэтгэлд хэзээ ч хуучиршгүй мөнхөөрөө байна. Эгэл жирийн сайхан ийм эр хүн-жинхэнэ аавуудын удмыг таслахгүй, нэрийг сэвтээхгүй авч явахыг хичээж явнаа, хүүхдүүд тань!
 
Гантөмөрийн УЯНГА
 
 
 
Нөгөө "шалгалтын хүн" ээжийг эргүүлж байх үест аавын ажилладаг Эрчим хүчний яамныхан Хандгайтын зуслан руу зугаалгаар явах үеэр аав биднийг авч явсныг санаж байна. Энэ өдөр олс татаж чаргаар гулгаж их л хөгжилтэй сайхан байсан
 
 
Ээж худалдагч хийж байх үе
 
 
Дөрөв таван настай Уянга. Энэ л үедээ гурав дахь аавтайгаа таарч дээ.
 
 
 
Аав Багануур дүүргийн дарга Хоролдаваагийн жолооч хийж байх үе. Даргатайгаа аль нэг тийш явж байхдаа энэ зургийг авахуулжээ.
 
 
Аав ээжээс нэг насаар дүү. Дөнгөж хорин тав зургаахан настай залуу л гурван хүүхэдтэй бүсгүйг эхнэрээ болгож байжээ. Одоо бодоход хүүхдээрээ байсан байна шүү дээ, хайрламаар
 
 
 
Циркчин аавын хөдөөгийн аялан тоглолтын үеийн зураг.
 
 
 
Тоглолтын дараа
 
 
Циркийн сургуулийн төгсөгчид 30 жилийнхээ ойгоор дахин хамт олноороо манежнаа гарсан тоглолтод аав минь оролцож их л сэтгэл нь хөдөлж байж билээ.
 
 
 
 
Аав минь нэг өдөр халамцуухан ирээд, "Алив хүүхдүүдээ хувцсаа өмсөөрэй, хэдүүлээ Сүхбаатарын талбай орж зургаа авахуулъя" гээд талбай дээр машинтайгаа гарч зургаа авахуулж билээ. Энэ бол Монголд анх шинээрээ орж ирсэн 10 Эксел машины нэг. Улаанбаатарт түүнээс гоё машингүй байлаа шүү дээ. Гоё машинтай зургаа авахуулах гэсэн хэрэг л дээ. Мэдээж цагдаа дор нь хүрч ирээд торголгүй хаачихав.
 
 
 
Циркийн сургуулийн нэг ангийнхан. Аавын ангийн алиалагч, гавъяат жүжигчин Батсүх, МУГЖ тагтаа тоглуулагч Цогцэцэг нарын хамт авахуулсан төгсөлтийн зураг байдагсан, би олдоггүй. Ангийнханд нь зураг байвал хуваалцаарай.
 
 
Аав зээ хүүгийнхээ төрсөн өдрөөр
 
 
 
Аав минь бурхан болсны дараа жил. Дүү шинэ байранд орж биднийг гэртээ урьсан энэ өдөр аавгүй анхны том цугларалт байсан юм.