sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нарын албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Киргиз улсын “Конгресс-Холл” ордны Их танхимд болж өндөрлөлөө.
Баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар сэтгүүлчдэд товч мэдээлэл өгөв.
Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков “…Албан ёсны хэлэлцээгээр худалдаа, эдийн засаг, соёлын чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллахаар боллоо. Үүнд, Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комиссын 3-р хуралдаан зохих үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Мөн бид бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлын талаар хэлэлцэж, уг асуудлыг хөгжүүлэх үндэс суурийг тавилаа. Хамгийн гол нь харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхол Киргиз улс, Монгол Улс хоёуланд минь бий. Ноён Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалд Киргизийн тал сэтгэл хангалуун байгаа. Бидний хэлэлцээр хоёр орны харилцаанд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна” гэлээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “…Яриа хэлэлцээр найрсаг, илэн далангүй, ажил хэрэгч уур амьсгалд боллоо. Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков бид хоёр Монгол, Киргизийн харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол, спорт гээд өргөн хүрээтэй салбарт тэлж, өргөжүүлэхийн сацуу олон улс, бүс нутгийн тавцанд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар ярилцлаа.
 
Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд хоёр талын хүчин чармайлтаар амжилттай хөгжиж, ардчиллын үнэт зүйлсийг бататгах, нийгэм эдийн засгийн хөгжлийг хангахад чиглэсэн сургамж туршлагаасаа бид харилцан суралцаж ирсэн. Цаашид ч эдийн засаг, цахим технологи зэрэг салбарын туршлагаасаа хуваалцаж хамтдаа хөгжих болно.
Энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэх зорилгоор Цэргийн салбарт хамтран ажиллах тухай, Терроризмтой тэмцэх салбарт хамтран ажиллах тухай Засгийн газрын хоорондын хэлэлцээрүүд, Хамтын ажиллагааны тухай хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын протокол, боловсрол, аялал жуулчлал, оюуны өмч, архив, эрдэм шинжилгээний зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгууллаа. Эдгээр чиглэлийн хамтын ажиллагаанд бодит ахиц гарна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Мөн айлчлалын үеэр Киргиз улсад Монгол Улсын Элчин сайдын яамыг нээж байгаа нь Монгол Улс Киргиз улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл хэмээн талууд бататган хэлэв.