sonin.mn
“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” /EST2019/ сэдэвт олон улсын хоёрдугаар бага хурал боллоо. Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, судлаач, эрдэмтэн, бодлого тодорхойлогч нарыг нэгэн талбарт цуглуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн тус бага хурал хүний сөрөг үйл ажиллагаа, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг үр дагавруудыг бууруулах гарц, шийдэл олох зорилготой юм.
 
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгээс зохион байгуулсан тус бага хуралд БНХАУ, ОХУ, Япон, Герман, БНСУ, Энэтхэг, Канад, Буриад, ӨМОЗО болон Монгол улсын эрдэмтэн судлаач, багш нар оролцохоос гадна БСШУСЯ, БОАЖЯ, ШУА-ийн удирдлага, ажилтан олон улсын байгууллагын төлөөлөл бүхий 200 гаруй эрдэмтэн судлаачид оролцов.
 
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр хэлсэн үгэндээ “Хүрээлэн буй орчинд тулгарч байгаа аливаа асуудал, бэрхшээлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэж, түүнд зарцуулах хөрөнгө, санхүүжилтийн хэмжээг тасралтгүй нэмэгдүүлэн, мэдлэгт суурилсан эдийн засгийг амжилттай хөгжүүлэх шаардлага улс орон бүрт тулгамдаж эхэллээ. Манай эрдэмтэн, судлаачид ч инновацлаг шийдэлтэйгээр мэдлэгээ баялаг болгох, тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх, дэлхийн түвшний судалгааг эрхлэхийг эрмэлзэж байна” гэлээ.
Энэ жил байгалийн шинжлэх ухаанаас гадна нийгэм эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлыг хөндсөн судалгааг хэлэлцүүллээ. Түүнчлэн олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд ололт, амжилт, туршлагаасаа хуваалцах, мэдлэгээ харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд эхлүүлэх нөхцөлийг бий болгож байгаагаар онцлог юм.