sonin.mn
“Хааны эрэлд-2019” энхийг дэмжих олон улсын сургуулийн удирдагч, ЗХЖШ-ын АУГ-ын хэлтсийн дарга, хурандаа Ч.Цогтжаргал
 
Энэ жилийн сургуулийн онцлог юу вэ? 
 
-“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчин 17 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд илүү өргөн цар хүрээнд буюу 35 орны 1500 орчим цэргийн алба хаагчийг хамруулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. 
Энэ удаагийн сургуулиар анх удаа усан эргүүлийн сургалт Зэвсэгт хүчний 234 дүгээр анги болон “Багабаян” энхийн төлөө цогцолбор төвийн материаллаг баазыг түшиглэн явагдана. Мөн оролцогч орнуудын салаанд ҮБХИС-ийн 12 сонсогч хөтөч, орчуулагчаар томилогдон ажиллах юм. Энэ нь цаашдаа Зэвсэгт хүчний ирээдүйн офицеруудыг өргөнөөр оролцуулах боломжийг нээсэн шинэ алхам болно. 
 
Шинээр нэмэгдэж байгаа хичээлийн цэгүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
 
-Иргэдийн үймээнийг хянах, зохицуулах сургалт болон байр зүйн сургалтын цэгүүд шинээр нэмэгдэж байна. Иргэдийн үймээнийг хянах, зохицуулах сургалтаар иргэдийн үймээн, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн нөхцөлд түүнийг хэрхэн хянах үндсэн тактик, арга хэлбэрүүд болон хүч хэрэглэх дүрмийг хэрэглэх, хэлэлцээ хийх аргуудаас сургана. Байр зүйн сургалт хөдөлгөөн үйлдэх үед газрын зураг унших, газар орныг судлах, азимутаар явах онолын мэдлэгийг бататгах, дадлага чадварыг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Эдгээр цэгийг анх удаа зохион байгуулах учраас хичээлийн цэгийн байруудыг төхөөрөмжлөх, багш нараа бэлтгэх гэх мэт ажил ихтэй л байна. 
 
Энэ жил оролцогч орнуудын хүрээ тэлсэн гэж байна. Энэ тухай тодруулахгүй юу?
 
-Израиль, Руанда, Бенин, Замби, Йордан, Молдав зэрэг улсаас анх удаа ажиглагч, сургагч багш, оролцогчийн хувиар оролцож байна. Дээр дурдсан орнуудаас Израиль улс өөрсдийн зардлаар оролцож байгаа нь энэхүү сургуулийн ач холбогдол хэрхэн өргөжиж байгаагийн нэгэн илрэл гэж харж болохоор байна. Бенин, Руанда болон Замби зэрэг Африкийн улсуудаас төлөөлөгчид оролцож байгаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд тэднээс суралцах, туршлагаа солилцох боломжийг бидэнд олгож байна. 
 
Сургуулийг зохион байгуулахтай холбоотой бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөн шүү дээ. Энэ талаар? 
 
-Энэхүү олон улсын сургуулийг амжилттай зохион байгуулахад хүн нэг бүрийн хүчин чармайлтаас авахуулаад Зэвсэгт хүчний ангиудын хамтын ажиллагаа ихээхэн шаардлагатай болох нь бэлтгэл ажлыг хангах явцад харагдаж байна. Энэ жил Зэвсэгт хүчний маань хувьд анх удаа “Аравт” олон улсын морин уралдааныг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа нь “Хааны эрэлд-2019” сургуультай цаг хугацааны хувьд давхцаж байна. Мэдээж бид энэхүү сургуулийг аюулгүй байдал, эрсдэлгүй зохион байгуулахад бүх хүч чадлаа дайчлан, цэргийн хамтын ажиллагааг энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагаар бэхжүүлэхэд чиглүүлэн ажиллах болно. Таны асуусанчлан сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил хийсэн. Тухайлбал, ажиллагааны удирдлагын төв болон хурлын байрыг шинээр барьж, төхөөрөмжилсөн, тусгай хүчин, иргэдийн үймээнийг хянах, зохицуулах сургалт болон байр зүйн сургалтын цэгүүдийг шинээр байгуулсан, цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийг иж бүрнээр нь дэлгэсэн зэрэг бүтээн байгуулалтын хэд хэдэн ажлууд өрнөлөө. Энэхүү сургуульд улс, эх орноо төлөөлөн ирсэн гадаадын цэргийн алба хаагчид болон “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” хөтөлбөрийн хамт олонд амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 
 
 
Ахлах дэслэгч Э.Очхүү
Эх сурвалж: "Соёмбо" сонин