sonin.mn
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс хоригдлыг өөр хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлж шалгахаар хорих ангиас авах зөвшөөрөл олгосон хэргүүдийн шийдвэрлэлтийн байдал, холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгоод хорих ангид нь буцаан хүргүүлэлгүй сулласан зөрчил гарсан эсэхийг судаллаа.  
 
Тус хэлтэс хоригдлыг хорих ангиас дуудлагаар авч, мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлэх зөвшөөрөл 2018 онд 79, 2019 оны эхний 2 сард 16, нийт 95 зөвшөөрөл олгосон байна.
 
Зөвшөөрөл олгосон нийт хэргээс шүүхээр шийдвэрлэгдэж хорих ял оногдуулсан 51, торгох ял оногдуулсан 1 хэрэг байгаа бол хэрэгсэхгүй болсон 2, шүүхэд шилжүүлсэн 16, прокурорын хяналтанд 2, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа 23 хэрэг байна.
 
Шалгалтаар Улсын Ерөнхий прокурорын А/64 дүгээр тушаалаар батлагдсан Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын зааварт заасан “Хорих байгууллагаас шилжүүлэн авсан хоригдолд холбогдох хэргийг шийдвэрлэсэн талаар хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын газар даруй танилцуулга ирүүлнэ.” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй хэд хэдэн зөрчил илэрснийг арилгах, дахин гаргахгүй байх талаар нэгж прокурорын газруудад үүрэг даалгавар өглөө.