Нэг. ЯМАР ХУУЛЬ БАЙНА, ТИЙМ Л ТӨР БАЙНА
 
“Ямар ард түмэн байна, тийм л төр байна” гэдэг үг бий. Энэ үгийг эшлэх хандлага сүүлийн үед нэлээн түгээмэл болжээ. Улс орны амьдралд ужгирсан шударга бус байдал, эрх мэдэлтнүүдийн увайгүй үйлдэл төрийн нүүр царай, сонголтын үр дүн болж харагдаад байгаа учраас хүмүүс энэ үгийг дурдаад байгаа юм, Арга ч үгүй биз. Тэд аргаа барахдаа л энэ үгийг эшлэн хэлж байгаа байлгүй. Нэг талаасаа энэ үгийг үнэн бодит байдлаас төдийлэн зөрөхгүй гээд хэлчихэд буруудахгүй байх.
Учир нь өнөөдөр манай улсад төрийн дээд эрхийг УИХ буюу парламент барьж байгаа. УИХ-ын гишүүд бол олон нийтийн зүгээс төрийн эрх барих үйл ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулахаар сонгосон элч төлөөлөгчид. Тийм болохоор ард түмэн сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан төрийн эрхээ барьж байгаа нь энэ. Нэг ёсондоо манай ард түмэн төр засгаа удирдах хүмүүсийг өөрсдөө сонгон бүрдүүлж байгаа учраас төр засгаас хийгдэж буй бүхий л үйл ажиллагаа ард түмний сонголтын шууд үр дүн гэж хэлж болно. Товчхондоо бидний төр засаг бидний сонголтын үр дүнд л бий болж байгаа нь гарцаагүй үнэн юм. Тиймээс өөрсдийнхөө сонголтод гомдоллоод, гоншигноод байх шаардлагагүй мэт.
 
Төр гээч хийсвэрлэг хэрнээ бодит механизм зөвхөн сонголтоор биш, үйлдлээр оршин тогтнодог. Төрийн үйлдэл бол олон нийтийн сонголтоос ч илүү төрийн “жинхэнэ” нүүр царай нь юм, Энэ бол асуудлын нөгөө тал. Төрийн жинхэнэ нүүр царай болсон үйлдлийг зөвхөн хуулиар л тогтоодог. Үүнээс улбаалан “ямар хууль байна, тийм л төр байна” гэсэн гаргалгаа зүй ёсоор бий болдог билээ. 
 
Ингээд үзэхээр аливаа улс орны Үндсэн хууль бол нийгэм, төр, засгийнхаа бүхий л үйлдэл, үйл ажиллагааны үндсэн чиглүүлэгч болдог. Ямар Үндсэн хуультай байна, тийм л төр улс байна гэж үзэж ч болно. Тиймээс улс орнууд Үндсэн хуульдаа төр, засгийнхаа хэв маяг, хэм хэмжээ, үйл ажиллагааг үндсэнд нь тодорхойлон тусгасан байдаг бөгөөд нийгмийн бусад харилцааг зохицуулах хууль тогтоомжууд нь Үндсэн хуультайгаа нягт уялдаатай байхыг хуульчлан тогтоосон байдаг. Ингэхэд манай Үндсэн хууль төр засгийнхаа хэм хэмжээ, үйлдэл, үйл ажиллагааг хэрхэн зохицуулахаар хуульчлагдсан юм бол? Өнөөгийн нийгмийн амьдрал, Үндсэн хууль хоёрын хооронд ямар уялдаа холбоо байна вэ?
 
Хоёр. ХУУЛЬ БУРХАН БИШ, ГЭХДЭЭ ХУУЛИАС САЙН ЗОХИЦУУЛАГЧ БАЙХГҮЙ
 
1992 онд манай улс ардчилсан, шинэ Үндсэн хуулийг батлан гаргасан. Энэхүү Үндсэн хуулийн зарим зүйл заалт төрийн үйл ажиллагааг тогтвортой тасралтгүй явуулахад садаа болж байна гэж үзэн 2000 онд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт хийсэн байдаг. Тухайлбал, 51 гишүүний саналаар дэмжигддэг хууль тогтоох босго үзүүлэлтийг багасгах, УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр ажиллах боломжийг нээх зэрэг зүйлс байсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн эцсийн зорилго нь УИХ-ын сонгуульд ялсан нам үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах, хууль тогтоогчдоос  Засгийн газарт ирэх дарамтыг багасгах зэрэг агуулга руу чиглэсэн байдаг. Арга ч үгүй юм. Тухайн үед “Ардчилсан холбоо" эвсэл УИХ-д 50 суудал авчихсан хэрнээ сөрөг хүчнийхээ бойкотод орчихоод байсан нь цаашдаа Үндсэн хуульд өөрчлөлт  хийхгүйгээр төр, засгийн үйл ажиллагаа хэвийн явагдахгүй юм байна гэсэн ойлголтыг бий болгосон билээ. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүдээс оруулж байхгүй бол хууль тогтоох байгууллагын өмнө гүйцэтгэх засаглал хүчин мөхөсдөх нөхцөл байдал үүсдэг юм байна гэсэн  ойлголт бий болсон. Үүний тодорхой жишээ М.Энхсайханы Засгийн газар юм. Энэ бүхэнтэй уялдуулан үзэх юм бол 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлт  зорилго, агуулгын хувьд буруу өөрчлөлт байгаагүй билээ. Харин ч төр, засгийн үйл ажиллагааг хэвийн байлгахад чиглэсэн байдаг. Товчхондоо хийх ёстой л өөрчлөлт байсан. Харамсалтай нь тэр нь амьдралд нийцсэн зөв өөрчлөлт болоогүй бөгөөд өнөөгийн засаглалын хямралын гол үндэс, парламент, Засгийн газрын эрх мэдэл холилдсон, хууль тогтоогчдын ашиг сонирхол гүйцэтгэх засаглалынхаа эрх мэдэл рүү байнга чиглэсэн гажуудсан хэв маяг үүсэх нөхцөлийг бүрдүүлчихсэн юм. Энэ байдлыг яаралтай засахгүй бол гажуудал улам л газар авна. Цаашдаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаг дах бололцоогүй улс төр, нийгмийн хямралыг үүсгэж ч мэднэ. Тэгэхлээр гажуудал газар авчихаагүй байгаа дээр нь Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийн, нэн тэргүүнд хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хоорондын зааг ялгааг тодорхой болгож гүйцэтгэх засаглалыг хуулийн  хүрээнд, хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулж, хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг нь нээж өгөх ёстой. Харин хууль тогтоогчдын зүгээс гүйцэтгэх засаглалд тавих хяналтын тогтолцоог илүү нээлттэй, бодитой болгох зайлшгүй шаардлагатай.
 
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд энэ санаа тусгагджээ. Энэ бол яалт ч үгүй дэвшилт өөрчлөлт болох магадлалтай. Ер нь зарим хүмүүс дасан зохицсон ямар нэгэн зүйлдээ өөрчлөлт орохыг хүлээн зөвшөөрдөггүй. 
 
Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор зарим нэг хүмүүс иймэрхүү байр суурь илэрхийлж байгаа нь ажиглагдаж байна. Тэр нь “Үндсэн хуульд гар хүрч болохгүй, Үндсэн хуульд өөрчлөлт хийхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн яриагаар илэрч байгаа.
Хууль бол итгэн биширдэг бурхан биш, бурханчлан шүтчихээд хараад суудаг зүйл бүр биш. Хууль бол нийгмийн харилцааны зохицуулагч. Тиймээс нийгэм, хүмүүсийн амьдралд гарч буй бодит нөхцөл байдалтай уялдан хууль өөрчлөгдөн шинэчлэгдэж байх шаардлагатай. Тэр өөрчлөлт нь харин явцуу биш, нийтлэг эрх ашгийн төлөө л хийгдэх ёстой. Германы суут сэтгэгч Фридрих Ницше “Бурхан үхсэн” гэж хэлсэн байдаг. Энэ үгээрээ Ницше бидний итгэж биширч, чиг баримжаагаа болгож явдаг бүх зүйл тодорхой цаг хугацааны дараа үүргээ биелүүлж чадахгүй болдог, тийм болохоор тогтсон ойлголтоо, итгэж байгаа зүйлсээ өөрөөр харах хэрэгтэй гэсэн санааг л гаргасан юм. Бидэнд нийгмээ илүү ардчилсан болгох, төр засгийнхаа үйл ажиллагааг илүү сайжруулахын тулд зарим нэг зүйлийг бурханчлан тахихаасаа татгалзах, өөрчлөн шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Үүний нэг нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг нь гарцаагүй.
 
Гурав. ХУУЛЬ БОЛ БИДНИЙ ОРШИХУЙ. ГЭХДЭЭ БИДНИЙ ХАМТЫН ОРШИХУЙ
 
Хууль бидний амьдралыг зохицуулдаг юм уу, эсвэл хэн нэгэн хүн бидний амьдралыг зохицуулдаг юм уу? Сүүлийн үед олон нийтийн дунд хэн нэгэн хүчирхэг хүн, сүрхий удирдагч, чанга гар бидний амьдралыг сайжруулна  гэсэн ойлголт газар авч байна.
 
Ардчилсан нийгэмд хүчирхэг хүн гээч нь бие хүний хөгжилтэй холбоотой яригдах зүйл болохоос биш, төрийн институттэй холбогдон яригдах зүйл байж таарахгүй. Учир нь бие хүний хөгжил бол эрдэм боловсрол, мэдлэг чадвар, авьяас билиг, зохион байгуулах ур чадвар, биеийн хөгжил, гүйлгээ ухаан зэрэг зүйлстэй холбоотой, хувь хүний чадварын асуудал юм.
 
Харин төрийн институт бол хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээгээр хэм хэмжээ нь тогтоогддог Тиймээс төрийн институтийн үйл ажиллагааны хүч чадал бие хүний хөгжилтэй хамааралгүйгээр хуульд тусгагдсан эрх хэмжээгээр хэмжигддэг. Нэг ёсондоо хэн нэгэн эрх мэдэлтэн хүчирхэг байна гэдэг хувь хүнийх нь хүчирхэг байдал гэхээс илүүтэй хуулиар олгогдсон эрх мэдэлтэй нь холбоотой асуудал юм. Бид хэн нэгэн эрх мэдэлтний гаргаж буй шийдвэрийг тухайн хүний үйлдэл гэж ойлгохоос илүүтэй хуульд тусгагдсан эрх үүрэгтэй нь холбож ойлгох ёстой. Хэрвээ тухайн эрх мэдэлтэн хуульд тусгагдаагүй, хууль зөрчсөн шийдвэр гаргавал тэр нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болоод хувирчихаж байгаа юм. Ингээд бодохоор улс орон нийгмийн амьдралыг хүн биш хууль л зохицуулж, чиглүүлдэг нь тодорхой болно. Төр, засгийн үйл ажиллагаа зөв байх тухай ойлголт хуультай л холбогддог. Хүчирхэг төрийн тухай ойлголт ч гэсэн хуультай л холбоотой. Төрийн засаглал бол хуулийн л засаглал юм. Тэгэхдээ аливаа улс үндэстний хуулийн засаглал Үндсэн хуультайгаа л холбогддог. Үндсэн хуульд ямар зохицуулалт байна, тэр хэв маяг нь нийгмийн амьдралыг бүхэлд нь зохицуулдаг. Нэг ёсондоо бид ямар Үндсэн хуулийн зохицуулалттай байна, тэр зохицуулалт нь төрийн зүгээс гарч буй бүхий л үйлдлийн үндсэн систем болон хувирдаг гэж үзэж болно.
Манай Үндсэн хуульд тусгагдсан хэд хэдэн зүйл заалт өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд хямрал бий болгосоор байгааг нуух хэрэггүй. Тухайлбал, гүйцэтгэх засагл алын дотоод үйл ажиллагаанд хууль тогтоогчид нь хэтэрхий нөлөө үзүүлдэг, улсын төсөв болон бусад эдийн засаг, санхүүгийн, түүгээр ч барахгүй улс төрийн томилгоонд хүртэл Их Хурлын гишүүд явцуу эрх ашгийн үүднээс шууд оролцдог олон сөрөг үзэгдлүүд бий. Үүнийг засч сайжруулахын тулд Үндсэн хуульдаа зайлшгүй өөрчлөлт хийх цаг үеийн шаардлага бий болчихоод байна. Цаг алдвал бүр хэцүү нөхцөл байдал үүснэ.
 
Ялангуяа парламентын засаглалаа боловсронгуй болгох, эрх баригч улс төрийй хүчнийг дэвшүүлсэн мөрийн хөтөлберөө хөндлөнгийн дарамт шахалтгүйгээр хэрэгжүүлэх боломжийг нээх, гүйцэтгэх засаглалтай хийх хариуцлагын тогтолцоог тодорхой болгох, Их Хурлын гишүүдэд хариуцлага тооцох механизм бүрдүүлэх зэрэг өөрчлөлтүүд хийх шаардлагатай байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд эдгээр зүйлүүд тусгагдсан нь сайшаалтай.
 
Гэхдээ үүнийг төслийн хэмжээнд яриад өнгөрөх биш, бодитойгоор хэрэгжүүлэх нь чухал юм. Яагаад гэвэл Үндсэн хууль бол манай улсын нийгмийн амьдралын хэв маягийн бүдүүвч, явах замын зураг юм. Бид нийгмийн амьдралын бүдүүвч зургаа ямархуу байдлаар зурна, тийм л хэв маягаар амьдарна, тийм л замыг туулна. Засаглалын тогтолцоонд байгаа Үндсэн хуулиас эхтэй гажуудлаа засахгүйгээр манай нийгэмд хөгжил дэвшил бий болохгүй. Орчин цагийн философич Жан Люк Нэнси “Бидний оршихуй бол бидний бусадтай хамт орших оршихуй юмп хэмээсэн байдаг. Нийгмийн амьдралын олон талт үзэгдлийг тусган томьёолсон энэхүү тодорхойлолтод улс үндэстний Үндсэн хууль нэн тэргүүнд хамааралтай билээ. Учир нь нийгмийн харилцааны хамтын оршихуйн хамгийн гол элемент бол хуульчлагдан тогтсон харилцааны хэв маяг юм. Энэ бүгдээс улбаалан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт зайлшгүй гэдгийг эцэст нь хэлэхийг хүсч байна. Чухамхүү ямар зүйл, заалтыг хэрхэн өөрчлөх нь төрийн түшээд, эрдэмтэн мэргэд, иргэд олон түмний хүсэл зориг, мэргэн ухаанаас хамаарах биз ээ.
 
 
 
Ц.БУЯНЗАЯА (МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч, яруу найрагч)