sonin.mn
УИХ-ын даргын захирамжаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийг 2018 оны гуравдугаар сард байгуулсан билээ. Уг ажлын хэсгийг Д.Тэрбишдагвыг удирдаж, уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар багтсан юм.
 
Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтээ 2019 оны 5-р сард УИХ-ын гишүүдэд танилцуулаад буй. Гэвч УИХ-ын нэр бүхий 64 гишүүн 2019 оны 6 сарын 6-нд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьж, улмаар хэлэлцэж эхэлснээс уг ажил цалгардаж мэдэх нөхцөл байдал үүсээд байгаа билээ.
 
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэгт үүрэг даалгавар өгчээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа нь энэхүү Ажлын хэсгийн үйл ажиллагаа болон асуудлыг хэлэлцэх, шийдвэр гаргах үйл явцыг хойшлуулах шалтгаан болох ёсгүй гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.
 
П.Энхмандах