sonin.mn
Нийгмийн халдварт өвчин сүрьеэгийн талаар баахан шуугив. Энэ хүрээнд жилд 4000 хүнд сүрьеэ өвчин илэрдэг. Түүний 400 гаруй нь сургуулийн хүүхэд байдаг гэсэн статистик тоо гарч ирлээ. Тандан судалгааны явцад Ерөнхий Боловсролын Бүрэн Дунд Сургууль (ЕББДС)-ийн зарим нь сүрьеэгийн голомттой (Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль) болох нь тогтоогдлоо. Тэнд бүр сүрьеэгээр өвчилсөн багш хөдөө (Увс аймаг)-нөөс шилжин ирж ажилд орохдоо өөрийнхөө эмнэлгийн хуудасны оронд дүүгийнхийгээ үзүүлж орсон (Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ингэж мэдэгдсэн) байжээ.
 
Тэндээс дэгдсэн сүрьеэгийн голомт Нийслэлийн төдийгүй улсын бүх сургуулийг сүрьеэгийн голомттой мэт сэтгэгдлийг нийгэмд нялзааж орхив. Багш хүн сүрьеэ өвчнөөр өвдсөн нь буруутай юм биш ээ. Харин өвчнөө нуусанд гол шалтгаан нь байгаа юм.
 
Үйл явдлыг өнгөн талаас нь харахад нэг хүний алдаа мэт боловч, эргүүлээд харахаар нийгмийн өмнө хариуцлага хүлээсэн төрийн албан хаагч нарын гаргасан алдаа болж хувирлаа. Ажилд ороход тал тохой татдаг. Түүгээр зогсохгүй гар (авлига авдаг болсон) хардаг болсонтой салшгүй холбоотой. Яалт ч байхгүй сүрьеэ нийгмийн халдварт өвчин юм болохоор эмч нар илрүүллээ. Сүрьеэ олон зүйлийн халхавч болоод бусад нь илэрсэнгүй (авлига, албан тушаал ашигласан хэрэг), дарагдаад өнгөрлөө. Харин эрүүл мэндийн салбарын нүүр царайг нийтийн өмнө ил болгосон гэж хэлж болно. Ямартаа ч дэд сайд (Л.Бямбасүрэн) нь олон нийтэд, дэлхийн гурван хүн тутмын нэг нь сүрьеэтэй гэх мэдээллийг өгч байх вэ дээ. Дэд сайдын хийсэн мэдээлэл, “Сүрьеэ бол нийгмийн халдвар өвчин мөн” гэсэн уг өвчний мэргэжлийн тодорхойлолтой тохирохгүй байгаа юм. Гэхдээ дэд сайд бол Засгийн газрын хуралдаанаар томилогддог улс төрийн албан тушаал гэж ойлгож болно. 
 
Улстөрчийн хувьд “амиа” аврах гэж бодит байдлаас бага зэрэг хазайсан мэдээлэл хийсэн гэж ойлгож болох юм. Гэхдээ мэргэжил (эмч)-ийн хүн бол ийм мэдээлэл хийж болохгүй. Бодит байдалтай тохирохгүй мэдээлэл хийх нь гэмт үйлдэл биш байж болно.
 
Харин мэргэжлийн эмч хүн ийм мэдээлэл хийсэн бол ёс зүйтэй нь холбон авч үзэх боломжтой. Гэхдээ мэргэжлийн ёс зүй мартагдсан нийгэмд байж болох зүйл гэж үзвэл үзэх юм. Үгүй бол тэр биз. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл (улстөрч) Эрүүл мэндийн сайд салбарын бодлого тодорхойлно. Харин төрийн захиргааны төв байгууллага (ЭМЯ) салбарын бодлогыг боловсруулна.
 
Бодлого боловсруулалт дээр яамны мэргэжилтнүүдийн ур чадварыг авч үзэх хэрэгтэй болно. Гэтэл яамны ажилтан төрийн захиргааны жинхэнэ албан хаагч гэдэг ангилалд орно, хуулиар хамгаалагдана. Гэтэл тэнд салбарын шалгарсан мэргэжилтнүүд очдог гэвэл бодит байдалд огт нийцэхгүй. Магадгүй аргатай, зальтай нь өндөр албан тушаалтны суга (цүнхчингүүд)-нд хавчуулагдан (мөнгөөр) яаманд очиж орон тоог бөглөсөн байх магадлалтай.
 
АТГ-аас “ЭМЯ авлигад өртөмтгий байгууллага хэмээн олон нийт нэрлэсэн байдаг” гэж мэдээлсэн удаатай. Олон нийтээс ийм үнэлгээ авч байгаа ЭМЯ-наас бодитоор боловсруулсон бодлого гарах нь эргэлзээтэй. Салбарын бодлого боловсруулах гол цөм нь уг нь эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, эрдэмтэд байх ёстой юм. Онцгойлон хэлбэл тус салбарын акулууд ширээ тойрон сууж, болох болохгүйгээ ярьж боловсруулах хэрэгтэй. Гэтэл манайд ийм зүйл байхгүй. Ганцхан эрүүл мэндийн салбар ч биш бүх салбарт ийм дүр төрх ажиглагддаг. Яагаад вэ гэхээр эрдэмтэд эзгүй арал дээр орхигдсон. Дээр нь судалгаа шинжилгээ санхүүжилтгүй болсонтой холбоотой гэж ойлгож болно.
Сүрьеэ бол нийгмийн халдварт өвчний хувьд түүнтэй тэмцэх ёстой. Энэ байр сууринаас үүрэг хүлээсэн хүний хувьд сайд Д.Сарангэрэл бодлого тодорхойлох оролдлого хийлээ. Гэтэл нийгмийн халдварт өвчинд олон нийт эмзэг ханддаг юм байна. Нийгмийн эмзэг цэг дээр дарсан тул эсэргүүцэлтэй тулгарлаа. Улстөрчийн хувь (сайд)-д нийгмийн эсэргүүцэлтэй тулгарна гэдэг нь өөртөө хасах оноо цуглуулдаг сул талтай юм байна. Хэрэв ЭМЯ-ны бодлогын боловсруулалт чамбай, зөв эрэмбэлэгдсэн байсан бол сүрьеэтэй тэмцэнэ гэж хэлснийхээ төлөө сайд олон нийтэд ороогдох учиргүй. Нийгмийн эсэргүүцлийг илааршуулах (олон нийтийн сүрьеэ дээр төвлөрсөн анхаарлыг сарниулах)-ын тулд дараагийн алхамыг хийлээ. Түүнийг хөндлөнгөөс харахад бас л алдаа. Тэр нь “тэмбүү”. Гэтэл энэ нь бүр сүрьеэгээсээ дор юм боллоо. Монгол дахь энэ халдварт өвчний талаарх мэдээлэл хил хязгаар давж, дэлхий даяар цацагдах хэмжээнд хүрлээ гэж мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна. Энэ бол сүрьеэгийн дэгдэлтийг хязгаарлах гэсэн сайдын оролдлогоос давж гарсан, олон нийтийн эсэргүүцлийн хил хязгаарыг бүр тэлэв бололтой. Гэхдээ энэ бол сайд Д.Сарангэрэлийн алдаа биш. Тэр энэ салбарын бодлогыг илүү тодорхой болгох гэсэн сайн санааны оролдлого байсан. Ийм зөв санаа хувь улстөрчийн рэйтингэд эсрэгээр нөлөөлж байгаа нь харамсалтай.
 
Гэхдээ гарсан алдаа сайдынх гэхээс илүүтэй салбарынх, нарийвчлан хэлбэл ЭМЯ-ны сайдын өмнө ажил хариуцсан дэд сайд, Төрийн нарийн бичгийн, хэлтэс, газрын дарга мэргэжилтнүүдийн гаргасан алдаа. Энэ нь тэдэнд ажил, мэргэжилдээ хандах хандлагаа өөрчлөх шинэ үетэйгээ хөл нийлүүлэн алхах том сануулга өглөө. ЭМЯ-ны ажлын арга барилын хувьд ”00” заасан гэдэг нь үнэн бололтой. 
 
Монголд хувийн эмнэлгүүдийг түшиглэн түрэн орж ирж байгаа шинэ техник, технологи, эмчилгээний арга барил (яамны хэлтэс, газрын дарга, мэргэжилтнүүд)-д саад болдог. Хааж боодог гэх юм билээ. Тэр үнэн (өөрсдөө мэдэхгүй) биз. Сайд улс төрчийн хувьд өөрийнхөө нэр хүндийг өсгөх гхэн бол сүрьеэгээс өөр өвчний талаар байр суурь олон нийтийн өмнө илэрхийлэх байсан болов уу? Сүрьеэгийн араас хэцүү нэртэй халдварт өвчин нэрлэгдлээ. Халдварт өвчний талаар (мөнгө угаах хэрэгсэл болгон) их ярьдаг. Гэвч халдваргүй өвчнөөр хамгийн олон хүн нас бардаг гэнэ.
 
Б.Болорчимэг