sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн хуралд оролцож байр сууриа илэрхийлэхээр болжээ. 
 
Тус зөвлөл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багт өнгөрсөн долоо хоногт зарчмын саналаа хүргүүлээд байв. Гэвч МАН-ын бүлгээс найман саналыг хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлжээ. АН-ын зөвлөлөөс зарим байр сууриа хамгаалж үлдэхийн тулд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийн өнөөдрийн хуралдаанд оролцохоор болсон талаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэв. 
 
Тэрбээр, “МАН-ын бүлгээс гишүүдийн тоог 99 болгох саналыг дэмжсэн байна. Ингэхдээ сонгуулийн тогтолцоог хуучин можаритор хэлбэрээр явуулахаар шийдвэрлэснийг хүлээн авах боломжгүй юм. Манай зөвлөл Ерөнхийлөгчийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа. Үүнээс УИХ-ын гишүүн 108 байх бөгөөд 50 хувийг нь орон нутгийн төлөөллөөс, үлдсэн хэсгийг нь профорциональ буюу намын жагсаалтаар сонгох тогтолцоо нь зүйтэй гэдэгт санал нэгдээд байна. Мөн 50 мянган хүний гарын үсгээр улс төрийн нам байгуулна гэсэн саналыг зарчмын хувьд дэмжинэ. Ингэхдээ, Монгол Улсын хүн амын нэг хувьтай тэнцэх хүний гарын үсэг гэж өөрчлөх саналтай байгаа.  Мөн орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангаж, эрх мэдлийг нь өгөхгүйгээр хөгжлийн тухай бодлого орхигдоно. Дээрээс нь манай зөвлөлөөс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ард нийтийн санал асуулгаар батлуулах нь зүйтэй гэсэн зарчмын байр суурь хэвээрээ байгааг мэдэгдэж байна. Хэрэв гурав дугаар хэлэлцүүлгийн өмнө төслийг УИХ-аар батална гэсэн шийдвэр гаргавал АН хэлэлцүүлэгт оролцохгүй” хэмээв. 
 
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, “АН анх Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлэгт оролцохгүй гэсэн байр суурьтай байсан ч Ерөнхийлөгч төсөл, санал өргөн барьснаар түүнийг судалж, дэмжиж ажиллахад санал нэгдсэн. МАН-ын бүлэг хуралдаад, 76 үндсэн гишүүнээс гадна 23 гишүүн нэмж, 99 гишүүнтэй байх зохицуулалтыг тусгахаар болж байна. Гэвч тогтолцоо нь яамр байх, Үндсэн хуульд хэрхэн тусгах талаар тодорхойгүй, сонгуультай холбоотой салбар хуулиар зохицуулахаар төлөвлөжээ.Ерөнхийлөгчийн саналд парламент 108 гишүүн байх бөгөөд 54 гишүүн нь аймаг орон нутгаас сонгогдох бол 54 нь намын жагсаалтаар оруулж ирэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл, 54 хүн нь улс орны нийтлэг эрх ашгийн бодлого боловсруулж ажиллана. Харин нөгөө 54 нь сонгогдсон тойргийнхоо эрх ашгийг улс орны нийтлэг эрх ашигтай уялдуулах юм. Энэ бүтэц маань Монгол Улсын нэгдмэл бодлогыг хангах боломжийг бүрдүүлнэ гэсэн үндсэн дээр орж ирсэн гэж харж байна. Ерөнхийлөгчийн энэ санал үндэслэл, тооцоо, судалгаатай байгаа учраас дэмжиж ажиллана” гэв. 
 
УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “Орон нутгийн эдийн засгийн бодлого, зохицуулалттай холбоотой байр сууриа Үндсэн хуульд тусгахаар санал гаргасан. Мөн төсвийг батлахдаа, орлогоос хамаарч зардлаа нэмдэг байх санал тусгасан. Засгийн газрын өрийн дээд хэмжээг хязгаарлах ч санал байгаа.  Бидний зарчмын саналыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгахгүй бол АН-ын зөвлөл хэлэлцүүлэгт оролцохгүй” хэмээв.