sonin.mn
 
Төв аймгийн уугуул, Гандантэгчэнлин хийдийн Жүддацангийн тэргүүн лам, хэл бичгийн ухааны доктор Намсрайжавын Бизъяатай ярилцсанаа толилуулж байна.
 
-Хоёул яриагаа нэлээн дээрээс, аав ээжийн нутаг усны амьдралаас эхэлвэл ямар байна?
 
-Бололгүй яахав. Манайх Төв аймгийн Бүрэн сумын уугуул. Өвөл зунгүй урсаж оргилж байдаг өнөөх Талын булаг рашаанаараа угааж, ундаалж өссөн улс. Аав С.Намсрайжав, ээж А.Авирмэд хоёр маань жирийн малчид, одоо ч нутаг усандаа амар амгалан аж төрж байна. Аав маань ажилсаг, ямарч ажлыг босон суун амжуулдаг нутаг усандаа нэртэй хүн. “Бажига” Намсрайжав гэвэл нутаг орныхон мэднэ. Яаруу сандруу юмыг “бажига алдлаа” гэж ярьдаг даа. Аав минь алив юмыг түргэн шуурхай хийж амжуулдаг болохоор нь хүмүүс “Бажига Намсрайжав” гээд нэрлэчихгүй юу.
 
-Танайхыг удам угсаагаараа “ламынхан”гэдэг юм билээ. Энэ тухайгаа сонирхуулна уу?
 
-Аав ээж хоёр минь тал талаасаа л ламын удам угсаа, шүтлэгтэй хүмүүс. Ээжийн талд Дамдинсэрээтэр, аавын талд Лувсанцэрэн гэж Богдын хүрээний том гавьж нар байсан гэдэг. Хоёулаа цаазлагдсан. Бас ээжийн талын, бидний бол нагац ах юм дааС.Агваан гэж лам баригдаж тавигдаж явсаар нутагтаа ирээд, жирийн иргэний амьдралаар амьдарч байсан. Энэ хүн их соёлтой, эрдэм ухаанд гэгээрсэн хүн байсан учир нутгийн олон ядуу айл эднийхийг хүрээлэн малыг нь маллаж ойр дотно амьдардаг байсан юм билээ. Ингэж Агвааны буян хишгийг хүртэж явсан арваад хот айлын нэг нь манайх. Ардын уран зохиолч Д.Цоодол гуайн аав Дөнгөтийнхөн энэ хүрээ хотод багтаж байсан даа. Нутаг усандаа “Номхон Агваан” хэмээн хүндлэгдсэн энэ хүн нутгийнхаа ядууст хишиг өглөг тараасан сайхан хүн байсан юм.
 
-Аав, ээж чинь хэр зэрэг шүтлэгтэй хүмүүс вэ?
 
-Том лам нарын удам угсаа болохоороо шүтлэгтэй. Ээж минь, бүр дээр үеэс л, орой болгон баринтигтай “Алтангэрэл” судар тэврээд амны уншлагаа уншиж гэрээ эргэдэгбайсан. Одоо хэрнээ орхиогүй. Аав минь төрийн хар хүн боловч, их уншлагатай, мөргөж залбирч л суудаг хүн дээ.
 
-Олон гавьж мяндагтны хойч үе, та чинь яаж яваад лам болчихдог билээ?
 
-Их л сонин учрал болсон. Би сумандаа 8 жил, Төв аймгийн Өндөр-ширээт суманд 10 дугаар анги төгсөөд тэр үеийн ЗХУ-ын Узбекийн техникийн их сургуульд орж суралцан контактын шугам сүлжээний инженер технологич мэргэжлээр төгсгөж байгаа юм. Төгсч ирээд Аж үйлдвэрийн яаманд очсон чинь Багануурын уурхайд инженерээр хуваариллаа. Тэндэхийн боловсон хүчин намайг түр хүлээж бай гэлээ.
 
-Энэ чинь хэдий үе билээ?
 
-1990 он. Ардчилал, зах зээл гээд ид бужигнаж байсан үе. Хэд хоног хүлээж байснаа хотод ороод ирлээ. Толгойтод Н.Нямсүрэн эгчийндээ байж байтал нэг өдөр эгч маань сонин мэдээ дуулгалаа. Төв аймгийн Манзуширийн хийдийг сэргээх лам нар Улаанбаатарт ирж, шинийн 15-нд Гандан хийдийн ламаас сахил хүртэх гэж байна гэнэ. Энэ үг сэтгэлд их дотно санагдсан. Би өөрөө бага залуугийн шүтлэгтэй, хааяа лам болчих юмсан ч гэж бодогдоно. Тэгээд бодлоо шүү.Нутгийнхаа хийдийг сэргээлцээд лам болчихвол сайхан юм бишүү, гэж. Тэгтэл Гандан хийдэд манай Бүрэн сумын Чадраабал ламын сураг сонсож байснаа саналаа. Энэ хүн уул нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Мишиг гүний хүү. Тэгээд Гандан хүрч очин Чадраабал ламыг сурагласаар оллоо. “Лам болдог юмуу” гэж явна гэсэн чинь гайхан удаан ширтэж билээ. Тэр үед чинь, тухайлбал 1990-ээд оны үед залуу лам бараг байгаагүй, лам нарыг бэлтгэдэг сургууль ном ч хатуу хяналтад өндөр шалгуур хангасан цөөн хэдэн лам нарыг эс тооцвол байгаагүй. Тэгээд л гайхсан байх. Надаас ямар сургууль төгссөн гэж асуухаар нь ЗХУ-д техникийн их сургууль төгссөн гэсэн чинь бүр гайхчихсан. Сорьж сонжиж явна гэж бодсон байх. Нэлээн ярилцаж учир зүйгээ олсоны дараа, ламтан миний саналыг дэмжсэн. Удам угсаандаа сайн лам нартай, аав ээж нь шүтлэгтэй, би ч хэдэн тарни цээжилчихсэн, үнэхээр дур сонирхолдоо хөтлөгдөж яваа залуу байна гэж ойлгоод Чадраабал ламтан, Манзушир хийдийн лам нартай хамт сахил хүртэхийг зөвшөөрсөн.
 
-Сахил хүртэхэд юу хэрэгтэй байдаг гэнэ? Бэлдэв үү?
 
-Лам болоход эхлээд гэнэн сахил хүртээж байсан юм. Чадраабал ламтан шинийн 15-ны наана бэлдэх бүх зүйлийг хэлж, би бичиж тэмдэглэж авлаа. Тэгээд эгчдээ очиж хэлсэн чинь дэмжсэн. Үсээ авахуулж, номын хувцас өмсөнө. Их ажил байлаа. Эгч маань явж тэр үед ховор байсан хэдэн метр хүрэн жигүүнэ олж ирээд лам захтай хүрэн дээл, орхимж хийлээ. Гандангийн даамал Жамаа гуайгаас донгог авлаа. Надтай хамт лам болох гэж байгаа Б.Эрдэнэбат гэж андтай хоёул шөнөжин сууж үсээ авлаа. Даахгүй, хуучин муу орос машинаар үс авна гэдэг ч бэрх юм билээ. Тэгээд л үүр гийх үеэр Гандангийн цорж лам Осор гуайгаас сахил хүртэж, лам болсон доо.
 
-Шашны ном үзэж эхлэх үү?
 
-Тэгэлгүй яахав.Сахил хүртэхээсээ өмнө нь эхлээд төвөд номын 30 үсэг, 4 эгшиг, угтвар дагавар, дахин дагавар, зүүлт, толгойт үсэг зэрэг 123 үсэг цээжлэж, маани мэгзэмийг ч уншиж өнгө шүүдээ.
 
-Хүмүүс, тэр дундаа таньдаг хүмүүс, үе тэнгийнхэн яаж хандах юм?
 
-1990-ээд оны үед залуу лам нар бараг байгаагүй. Толгойтын автобусанд суугаад эгчийн рүүгээ явахад, хүмүүс их шохоорхож, зарим нь ирээд орхимжноос имэрч үзнэ, зарим настан нь ирж мөргөнө. Адис авах гэнэ. Их хөглүүлсээн. Ганданд гурав хоног хуралд хурж, ном үзээд л Манзушир хийд рүүгээ явсан.
 
-Төв аймгийн Манзуширийн хийдийг та нар сэргээжээ дээ?
 
-Тэгсэн. Найман ханатай модон гэр дээр нэмж хэдэн цагаан гэр бариад ном хурж их буян үйлдсэн. Нутгийн ардууд Манзуширийн хийд минь сэргэлээ гээд хандив тусламж үзүүлж, төдхөн л их хөлийн газар болсон. Аймгийн төвд сүм дуган барьж өргөжсөн. Гол удирдсан хүмүүс нь Ц.Намжил, Л,Цэрэнпунцаг багш нар маань байлаа. Хамба Найдан, гэсгүй Сэдэд, Унзад Данзан, човомбо Содном, дуганч Шагдарсүрэн гуай нарын удирдлагаар хоёр жил шавьлан суугаад Улаанбаатар хот руугаа шилжиж ирсэн.
 
-Гандантэгчэнлин хийддээ эргээд ирэв үү?
 
-Үгүй дээ. Чадраабал багш маань Зүүн хүрээ хийдийг сэргээхээр болж бидний залуу лам нарыг дэргэдээ авсан. Зүүн хүрээ буюу Дашчойлин хийд маань эртний уламжлалтай том хийд байснаа их хэлмэгдүүлэлтийн үед устгагдаад, хоосон гурван дуган нь үлдсэн байлаа. Голын дуган нь Вангай аймгийнх, нөгөө нь Эрхэмээ аймгийнх, гурав дахь нь Богдын хатан “Эх дагиных” гэж байлаа. Ингэж Зүүнхүрээ хийдээ Чадраабал багш ламын удирдлагаар засч тохижуулаад 1990 оны наймдугаар сард хурал номоо хурж эхэлсэн. Энд Нархажид бурханыг тахих, Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошууныхан лам нар ирж хурдаг уламжлалтай байсан юм билээ. Тэр ёс жаягаа ч алдаагүй. Тэгж байтал одоогийн энэ хамба лам Ч.Дамбажав гуай хүрч ирээд 20-30 хүүхэд залуучууд аван хийдээ өргөжүүлж яг л хуучин ёс жаягаараа хурал ном хурдаг бурхан шашны том төв болсон юм. Гэхдээ Зүүн хүрээндээ бас л удаагүй. Манай хийд өргөжихийн хэрээр гадаад харилцаа нэлээд хөгжлөө. Жилийн дараа Гүнбүм хийдэд найман лам явуулж суралцуулахаар шалгалт авсан чинь би тэнцчихлээ. Ингээд л үе тэнгийн хэдэн нөхдийн хамт Гүнбүм хийдийг зорьсон доо.
 
-Тэр чинь шашны дээд сургууль уу?
 
-Шашны сургууль. Тэгэхдээ олон зэрэг дэвтэй. Олон янзын дацанд тус бүрийн хичээл сургалт, хурал ном хурна. Биднийг дөрвөн дацанд хоёр хоёроор нь сургасан л даа. Хоёр нь үндэсний номд боловсруулагч Жүд дацанд, хоёр нь гүн ухааны Чойрын дацанд, бас хоёр нь анагаах ухааны Манба дацанд, нөгөө хоёр нь тарнийн үндэсний Дуйнхорын дацанд хуваарьлагдан суралцаж байсан юм. Сүрэнрагчаа бид хоёр Жүдийн дацанд нь хуваарьлагдсан. Сүрэнрагчаа маань одоо Зүүн-хүрээ Дашчойлин хийдийн ловон лам байгаа. Жүдийн дацанд суралцагчид бусдаасаа арай ондоо. Эхлээд Чойрын дацанд хэдэн сар сууж ном үзээд, шалгалт өгч тэнцвэл Жүдийн дацанд суралцах эрх олж авна. Бид шалгалтаа өгч тэнцээд жүдийн дацанд таван жил хуралд хурж, суралцан ном үзсэн. Нууц тарнийн гүн ухаанд суралцдаг дацан л даа.
 
-Та, Нууц тарнийн ухааныг судлаад, төгс боловсорчихож байгаа нь энэ үү?
 
-Үгүй ээ. Жүдийн дацанд 15-16 жил ном үзэж нууц тарнийн гүн ухааны төгс төгөлдөр мэдлэгтэй болдог. Ер нь 60 нас хүртлээ энэ эрдэм ухаанд суралцаж төгс боловсроно гэдэг юм.
 
-Та чинь тэгэхээр суралцах ёстой сургууль номоо дутуу орхичихоод ирсэн хүн болж байна аа даа?
 
-Энэ бас учир шалтгаан бий. Таван жил болоод виз сунгах учиртай. Ирж очих, визний асуудлыг гол зохицуулдаг хүн маань тусхийдийн хамба лам Ажа гэгээн. Миний визний хугацаа дуусах үеэр Ажа гэгээн маань АНУ-руу гараад явчихсан. Тухайн үед хятадын зүгээс удаан хугацаагаар виз сунгахыг татгалзсан хариу өгсөн. Ингээд л арга буюу нутаг буцах болсондоо. Тэгэхдээ, Жүдийн номоо дутуу хаячихаж байгаа юм биш. Бүх үзэх ном судраа нутагтаа ирээд бие даагаад сурчихаж болно. Программ (хөтөлбөр)-т ном судраа бичүүлж аваад, заавал мэдвэл зохих ном судраа тэндээсээ аваад ирж байгаа юм. Ирсэн хойноо багш нартайгаа байнга холбоотой, ирж очдог, уулзаж учирдаг байлаа. Нууц тарнийн гүн ухаанд холбогдох л судар номыг уншиж судалсан даа.
 
-Ирээд Зүүн-хүрээндээ ажилласан уу?
 
-Тэгсэн. Хичээл номыг нь үзээд ирэхээр Монголд Жүд дацан зайлшгүй шаардлагатай юм байна гэж бодсон. Ингээд Гандантэгчэнлин хийдийн их хамба лам Д.Чойжамц гуайдаа хандан энэ саналаа тавьсан. Хамба маань миний саналыг зөвшөөрч, Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгчдын шийдвэр гарган, Жүдийн дацан байгуулж билээ. Би энэ дацангийн тэргүүнээр томилогдоод одоо хүртэл ажиллаж байна.
 
-Гандангийн хашаанд “Жүдийн дацан” гэсэн хаягтай хоёр гэр байсан шиг санагдах юм?
 
-Эхлээд ч орон байрны хувьд хүндхэн байсан л даа. Жижиг дуганд анхныхаа галыг асааж билээ. Нууц тарнийн гүн ухааны сургалтанд элсэлт авах зар тараагаад, ажлын хэсэг байгуулсан юм. Энд 13-15 насны 300 гаруй хүүхэд бүртгүүлж билээ. Гандан хийдийн Да лам Х.Баатар удирдаад түвшин тогтоож шалгалт авахад 21 хүүхэд тэнцсэн. Тэдэндээ сахил хүртээгээд нээлтээ хийж байгаа нь энэ. Лам нар уриа дуудлагаа хэлээд, харанга дэлдэж, гандангийн чогчэн хуралтай нэг хашаанд байсан учир шинийн 15-ны дүйцсэн хурлын уриа дун татаж, ганди дэлдэн бүрээ бишгүүрээ үлээн сүртэй нээсэн л дээ. Ингэж Монгол Улс Гандан хийдийнхээ харъяанд Жүдийн дацантай болсон юм. Таны хэлээд байгаа хоёр гэр чинь дараагийн үе. Бид Жүдийн дацан барих газраа товлож аваад тэндээ гэр дуганд хурал номоо үргэлжлүүлж, дуганаа барих бэлтгэл ажлаа хангаж байсан юм.
 
-Жүдийн дацан барихад Далай ламыг их тусласан гэдэг?
 
-Тийм шүү. 2000 онд Далай багш Монголд морилохдоо Жүдийн дацангийн ажил үйлсийг өндөр үнэлээд дацангийн шав тавьж өгсөн юм. Бас туслах багш ирүүлж, Энэтхэгийн Жүмэ дацанд нууц тарнийн гүн ухааны чиглэлээр суралцах 8 хүүхдийг явуулж өгч билээ. Далай багшийнхаа ач тусыг мартахын аргагүй.
 
-Жүдийн дацан нээлтээ хийсэн, том сайхан дугантай болсон. Энэ тухайгаа сонирхуулах уу?
 
-Хөрөнгө мөнгөний асуудлаас болж хэдэн жил хойшлогдоод 2015 онд Жүд дацан маань ашиглалтад орсон. Одоо гучаад ламтай, хурал номоо хурж байна. Энэтхэгт арав гаруй хүүхэд суралцаж байгаа. Жүд дацангийн тэргүүнээс гадна гэсгүй, их бага унзад, дуганч, човомбо, бичээч, нярав, үйлчлэгч, тогооч, харуул зэрэг нэлээд хэдэн орон тоотой, олон сайхан уншлагатай ламтай, айлын зэрэгтэй айл болоод байна даа.
 
-Та саяхан МУИС-д хэлбичгийн ухааны докторын зэрэг хамгааллаа гэсэн. Энэ тухайгаа тодруулах уу?
 
-Тиймээ. “Нууцын хураангуйн үндэс” хэмээх хөлгөн судрын монгол орчуулгын харьцуулсан судалгаа” сэдвээр улсын их сургуульд хэлбичгийн ухааны докторын зэрэг хамгааллаа. Бурхан багшийн айлдсан “Сандуйн жүд” буюу “Нууцын хураангуйн үндэс” хэмээх хөлгөн судрыг монгол орчуулагч нар монгол хэлнийхээ арвин баялаг үгийн сан, ур чадвараар хэрхэн орчуулсныг гадаад улс орнуудын эрдэмтэн мэргэдийн орчуулгатай харьцуулан судалж, нэг сэдэвт зохиол бичсэн юм. Нууц тарнийн гүн ухаан гэдэг чинь бурхан багшийн номлолын дотоод сэтгэлийг судлах ухаан юм. Энэ хөлгөн судрыг XV-XVI зуунд Шагдар-Эрдэнэ хонжин, XVII зуунд Манжийн Энх-Амгалан хааны зарлигаар олон хүний хөлс хүчээр Бээжинд модон бараар хэвлэсэн монгол Ганжуурын хоёр өөр орчуулга байдаг. Мөн олон арван төвөд барын Ганжуурт буй”Сандуйн жүд”-ийн үг үсгүүдийг харьцуулан тулгаж судалгаандаа оруулсан. Санскрит, төвөд, орос, хятад, англи хэл дээр хэвлэгдсэн судалгааны бүтээл, орчуулгуудыг харьцуулан судалсан гэж болно.
 
-Эрдэнэ Хонжингийн монгол орчуулгад XIII зууны үеийн буюу нууц товчооны үг хэллэг яагаад уламжилж ирсэн юм бэ?
 
-Аливаа ард түмэн бичгийн хэл болон ярианы хэл гэж хоёр зүйл илэрхийлэл байдаг. Үүнийг аман болон бичгийн хэлний уламжлал ч гэж хэлдэг. Бичгийг хэлний уламжлалыг нь тухайн цаг үедээ хэлний эрхэт буюу бичиг номын хүмүүс нь уламжлан тээж авч явдаг ёстой. Тийм учраас XV-XVI сонгодог бичгийн хэлний өмнө үеийн дурсгалуудад энэ уламжилсаар дамжиж ирсэн. Тухайлбал: Монголыг гүн ухаантан, дуун хөрвүүлэгч Билгийндалай (шийравжамц) бээр “Их манал” хөлгөн судрыг орчуулан, төгсгөлийнхөө үгэнд хэлэхдээ хуучин үгсийг шүүн байж орчуулав хэмээн өгүүлсэн байдаг.
 
-Төвөд барын судрууд хоорондоо хэр ялгаа зөрүүтэй байдаг вэ?
 
-Ганжуурын төвөд барын хэвлэмэл эхүүдийн зарим үг нь ялгаатай ч утга адилхан юм. Аливаа хүрээ хийдүүд ном бүтээхдээ эртний барын орчуулгыг олон дахин нягтлан шүүсний эцэст барын хэвээ сийлээд хэвлэдэг байсан ч орчуулах эрдмийн онцлогоос хамааран үндсэн утга санаа адил боловч ялгаа бүхий эх буй болдог байж.
 
-Яагаад санскрит хэлний зарим үгийг монгол хэлний үг мэт бичиж заншсан бэ?
 
-Монгол оронд бурханы шашин анх дэлгэрч эхэлсэн үед бурханы ном сургаал хийгээд гүн ухааны нэр томьёог орчуулахдаа эртний Согд, Уйгарын уламжлалыг дагаж шууд санскрит үг авч хэрэглэж байсан бол XVII зууны үе болж ирэхэд энэ байдал өөрчлөгдөж, монголоор орчуулах болсон байдаг.
 
-Бурхан багшийн айлдсан нууц тарнийн гүн ухаан гээд байгаа шүүдээ. Яагаад нууц гэсэн юм бэ?
 
-Бурхан багш, хүний дотоод сэтгэлийн ил далд бүх чанарыг номлосон. Мэдээж, хүн төрөлхтний сайн сайхны төлөө л зориулсан номнол. Энэ дотор маш нарийн зүйл олон бий. Санаа муутнуудад түүнийг олзлуулахгүйн тулд “Нууц тарни” гэсэн юм.
 
-Та одоо ямар бүтээл туурвил дээрээ ажиллаж байна?
 
-Би нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Нууц тарнийн гүн ухаан гэдэг маань Монголд их дээрээс уламжлалтай, хөгжиж байсан юм шүүдээ. 1739 онд II Богд Лувсандамбийдомэ 16 насандаа Жүд дацанг буй болгохоор санаачилж, “Судар дандарт суралцах” нэртэй шашны сургууль хичээллүүлж байсан. 1740 онд одоогийн энэ хүүхдийн урлан бүтээх төв байгаа газарт том дуган барьсан. Ингэж нууц тарнийн ухаан хүчтэй хөгжиж байсныг 1938-1939онд устгасан байгаа юм. Тэгээд 60 жилийн дараа Жүдийн дацан байгуулагдан ажиллаж эхлэсэн нь ганц миний гавъяа бус, олон зуун лам хуварга, эрдэмтэн мэргэд, сүсэгтэн олны минь гавъяа юм даа. Энэ агуу их ухаанд өчүүхэн боловч хувь нэмрээ оруулахаар миний бие чадан ядан зүтгэж байна. Тасарсан хурлуудыг нөхөж, монголын онцлогтой нарийн зан үйлийг дэлгэрүүлэх, мөн өдөр бүр хурал номоо хурж байна. Хажуугаар нь Богд Зонховын зохиосон “Сандуйн жүд”-ийн тайлбарыг төвөд хэлнээс, бас Сэрдэг гэгээний зохиосон “Хавсарсан дөрвөн тайлбар” зэргийг төвөд хэлнээс орчуулан тайлбар хийж шавь нартаа гарын авлага болгож байна. Бусад судалгааны өгүүллүүд бичих, орон нутагт лекц унших зэргээр ажил ихтэй л байх юм. Багш ламтан Н.Бизъяад сүсэгтэн олноос ирүүлсэн олон захидал хүндэтгэлийн нэгийг дор сийрүүлж ярилцлагаа жаргаая. “Эрхэм хамба лам, доктор багш Н.Бизъяа танаа. Манай “Хөх сувдын орон” Хатгал хотноо зорин ирж “108 өрхийг хишгийн уутаа зөв болгох” аяны үйлд номын их өглөг хишиг хайрласан буянт үйлст тань талархал илэрхийлж “Хүндэтгэл” хадгалуулав. Сайны үр үргэлжид дэлгэрэх болтугай. Хатгал. Эмэгтэйчүүдийн зөвлөл” гэжээ.
 
Г.ЖАМЬЯН
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин