sonin.mn
Зээлдэгчдийн холбооноос банкуудад зээлийн хүүг бууруулах шаардлага тавьж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Хаан банк, Худалдаа Хөгжлийн Банк, Голомт банкинд хүргүүлсэн шаардлага болон мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Шаардлага
 
Арилжааны банк нь хэдийгээр ашгийн төлөө зорилготой ч, зээлийн хүүгийн хэмжээг буулгаж, тодорхой хэмжээнд тогтоохгүй бол 5-10 жилийн дотор Монголд банк байхгүй болох магадлалтай.Үүний тод жишээ өндөр хүүтэй зээлээс болоод иргэд, аж ахуйн нэгж зээл авах нь жил ирэх тусам багасч байгаагаар тодорхой харагддаг.
Банкны татсан эх үүсвэрийн хүү нь зээлийн хүүний 60%-ийг, зээл, хадгаламжийн хүүний зөрүү нь үлдсэн 40%-ийг бүрдүүлдэг гэх бөгөөд хүүний зөрүүний дийлэнх хэсгийг банкны үйл ажиллагааны зардал, зээлийн эрсдэлийн зардал болон банкны ашигт үйл ажиллагаа бүрдүүлж байна.
Зардлын нэмэгдлээр зээлийн хүүг тогтоох арга Банкууд дотоод болон гадаад зах зээл дээрээс татсан эх үүсвэрийн өртгийг зээлийн хүүнд шингээж тооцдог. Зээлийн хүү өндөр байгаа нь санхүүгийшзах зээлд мөнгө хүүлж, хэт ашиг олдог олигополь тогтолцоо бүрдсэн.
 
Банкны эх үүсвэрийн зардал өндөр, эх үүсвэрийн төлөөх банкуудын өрсөлдөөн болон эрсдэл даах чадвараа сайжруулах гэсэн арга чарга нь нийт зээлдэгчдийн нуруун дээр ачаа болох ёсгүй.
 
Банкууд үндсэн ашгаа, хадгаламж болон зээлийн хүүний зөрүүнээс олдог хэдий ч, зээлийн хүү өндөр байх нь банкуудын зээлийн чанаргүйдлийг нэмэгдүүлж, ашигтай ажлыг бууруулдаг гэдгийг эрхэм банкны удирдлагууд та бүхэн биднээр заалгах юун.
Иймд арилжааны банкууд зээлийн хүүгээ бууруулж, улс орны эдийн засагт бодит өсөлтийг бий болгож, зээлдэгч иргэд болон ААН-үүдийн үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр, бизнесийн салбарт шинэ шинэ боломжуудыг бий болгох талаар санаачлага гаргахыг уриалан бидний хүргэж байгаа доорхи саналуудыг хүлээн авч бодлого үйл ажиллагаандаа тусгахыг шаардаж байна.
 
Үүнд:
1. Бүх төрлийн зээлийн хүүг нэг оронтой тооруу оруулах
2.Тэтгэврийн зээлийн хүүг 0% болгох
3. Зээл олгохдоо 1%, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахад үлдсэн дүнгээс 1% шимтгэл авдагийг зогсоох
4. Зээлийн хүү төлсний НӨАТ-ын буцаалтыг зээлдэгчдэд олгох
5. Зээлийн гэрээг хийхдээ, ...үйлчлүүлэгчидтэй тохиролцоно... гэж заасан боловч, талуудад ялангуяа зээлдэгчдэд таатай бусад нөхцөлийн талаар тайлбарлаж санал болгохгүйгээр зөвхөн өөрсдийн давуу байдлыг ашигладагийг зогсоох
6. Мөн зээлийн гэрээнд,... гэрээг цуцалсан тохиолдолд зээлдэгчийн бизнесийн болон хувийн нэр төрд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан халдах, бусад шаардлагатай аливаа арга хэмжээг авах... гэсэн заалт нь хэт хүч түрэмгийлсэн, зээлдэгчийн зээл авах үеийн зайлшгүй нөхцөл байдлыг ашиглан давуу байдлаар хувийн эрх ашигт нөлөөлөх сөрөг заалт оруулсныг хасах
7. Дээрх шаардлагуудын талаар тус банкны УЗ болон банкны гол хөрөнгө оруулагчид Зээлдэгчдийн төлөөлөлтэй уулзах
Шаардлагын хариуг 2019 оны 09-р сарын 20-ны өдөр авах болно.
Эдгээр шаардлагыг нэн даруй яаралтайгаар хангаж арга хэмжээ авахгүй тохиолдолд зээлтэй иргэд ААН-үүдийн зүгээс тэмцлийн дараагийн шатанд шилжих болно.
Жич: Бид тэмцлийн аливаа хэлбэрийг сонгох эрхтэй бөгөөд үүнээс үүдэн гарах урьдчилан тааварлашгүй аливаа эрсдэлийг зөвхөн танай банкны удирдлагууд хариуцах болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна.
 
 
ТЭРГҮҮН Ц.СОЛОНГО