sonin.mn
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын гишүүд УИХ-ын сонгуулийн тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг тус тусад нь салгаж боловсруулсан. Үүнээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийг оны өмнөхөн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан бол Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөөд байна. Уг хуульд оруулах гол өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Я.СОДБААТАРТАЙ ярилцлаа.
 
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тов гарсан. Хуульд ямар гол өөрчлөлтийг оруулсан бэ?
 
-2015 онд УИХ-ын сонгуулийн тухай, Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай гэсэн гурван тусдаа хуулийг нэгтгэж нэг хуулиар зохицуулсан. Энэ хуулийн дагуу 2016 оны УИХ, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулсан. Эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулах явцад олон төрлийн хүндрэл үүсч байлаа. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо, бүх шатны сонгуулийн байгууллага, сонгуульд оролцсон нам, эвслээс гурван хуулийг тусад нь салгаж өөрийнх нь онцлогт тохирсон зохицуулалтын хуулийг гаргах ёстой гэсэн санал тавьсны дагуу гурван хуулийг тусад нь боловсруулсан. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан. Ингэснээр сум, дүүрэг, аймгийн ИТХ-ын сонгуулийн тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ, Байнгын хороогоор хэлэлцэж эхлээд байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа 2015 оноос өмнө хэрэгжүүлж байсан хуулийн ерөнхий зарчмыг барьсан гэж хэлж болно.
 
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тогтолцоог ямар хэлбэрээр явуулах вэ?
 
 
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тогтолцоо ойлгомжтой байдаг. Улс нэг тойрог байна гэсэн маш тодорхой тогтолцоогоор явуулна. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хязгаарлалтуудыг нэлээд сайн хийж өгсөн. Ялангуяа, мөнгөний оролцоо, сонгох сонгогдох эрхэд халдах хөндлөнгийн нөлөөллийг багасгах чиглэлд нэлээд анхаарч байгаа. Сонгуулийн хууль нь сонгогчдын эрх ашгийг хамгаалж, сонгох сонгогдох эрхийг хангахад чиглэдэг учраас энэ талд өмнөх сонгуулиар гарч байсан алдаа, оноог нэгтгэж дүгнэсэн хууль гаргана гэж бодож байна.
 
 
-Сонгуулийн төсөв, санхүүг хэрхэн тусгаж байгаа вэ?
 
-Сонгуулийн хуулийг баталсны дараа тухайн сонгуулийг явуулахтай холбоотой тогтоолд төсвийг тусгах учиртай. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталчихаад, ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах үед тухайн сонгуулийн төсөв, зардлын асуудлыг хамтад нь оруулж ирнэ гэсэн үг. Мөн УИХ-ын сонгуулийг товлон зарлах тогтоолыг УИХ-д удахгүй өргөн барина. Үүнийг дагуулан УИХ-ын мандатын хуваарилалт, тойргийг тодорхой болгоно. 
 
-Зөвхөн парламентад суудалтай нам гэлтгүй бие даагч, эвслүүдэд ямар боломж олгож байгаа вэ? 
 
-Парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ өрсөлдүүлдэг хэлбэрийг манай улсад 1990 оноос хойш мөрдөж байна. Тиймээс парламентад суудалтай улс төрийн хүчнүүд л хүнээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хэлбэртэйгээр явах байх. Ер нь аль ч улс оронд ялангуяа, парламентын засаглалтай оронд парламентад суудалтай намууд хүнээ дэвшүүлдэг.
 
 
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн намуудад өндөр босго тавьсан. Улс төрийн нам гэдэг улс орны бодлого тодорхойлдог, улс төрийн нам байх институтийнх нь хувьд төлөвшүүлэх чиглэлд сонгуулийн хуулиудаа чиглүүлж байгаа.
 
 
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хязгаарлалтыг нэлээд хийж байгаа гэж хэллээ. Тухайлбал, хөндлөнгийн нөлөөллөөс хэрхэн ангид байлгахаар тусгасан бэ? 
 
 
-2008 оны сонгуулиас хойш сонгуулийн сурталчилгааны хоногт нэлээд хязгаарлалт хийж, тухайн жилийн сонгууль болохоос зургаан сарын өмнө сурталчилгааг хязгаарладаг. Соёл, урлаг болон янз бүрийн төлбөрт үйлчилгээ, төрийн бус байгууллагаар дамжуулж сонгуулийн далд сурталчилгаа хийхийг хориглодог байдлыг тусгаж өгсөн. Ялангуяа, нийгмийг турхирсан, буруу мэдээлэл өгч түүндээ түшиглэсэн популизм хийх, мөнгө амлахыг энэ удаагийн сонгуулийн хуулиудад хязгаарласан. 
 
 
-Бүх шатны Сонгуулийн хуулийг энэ сардаа багтаан эцэслэж амжих уу? 
 
-Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг энэ сардаа багтаан батлахаар ажиллаж байна. Мөн дээрх хугацаандаа багтаан энэ онд болох УИХ-ын сонгуулийн товыг зарлаж, мандатын тойргийн хуваарилалтыг хийнэ.
 
-Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д хуулийн төсөл өргөн барьсан. Гишүүд тэтгэврийн зээл тэглэх асуудалд байр сууриа илэрхийлж байгаа. Таны хувьд ямар санал бодолтой байна вэ?
 
-УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотойгоор шийдвэр гаргасан. Өнөөдөр холбогдох Байнгын хороод, УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бид нэг томоохон асуудлыг тусгаж өгсөн нь байгалийн баялгийг ард иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх явдал юм. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд зөв оруулж, олон нийтэд хүртээмжтэй болгох талаар Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр маш сайн ярилцсан. Ийнхүү Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх гэж байгаатай холбоотой, нөгөө талдаа зорилтот бүлэг рүү чиглүүлсэн нийгмийн салбарын бодлогын асуудал маш чухал. Тиймээс зорилтот бүлгийн амьжиргааны  эх үүсвэр болж байгаа тэтгэвэр, цалинг барьцаалсан зээл хэлбэрээр гаргаад байх уу, үгүй юү гэдгийг авч үзэх ёстой. Олон улс оронд, ялангуяа тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээг хориглодог. Тиймээс Салхитын мөнгөний ордын асуудлыг төр шийдсэнтэй холбогдуулж, амьжиргааны түвшин доогуур, хүндрэлтэй байгаа иргэдээ дэмжих бодлого гэж үзсэн учраас бүлэг дэмжсэн. 
 
-Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг анх АН-ынхан хөндсөн гээд байна л даа. Энэ тухайд та ямар хариулт өгөх вэ?
 
-Бүх л нам сонгуульд оролцохдоо зээлийн асуудлыг хөндөж  ярьдаг. Учир нь, Монголын хүн амын олонх нь өндөр хувьтай зээл төлж байна. Тиймээс үүнийг шийдвэрлэх чиглэлийг улс төрийн нам бүр мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа. Энд аль нэгэн намын мөрийн хөтөлбөрийн биелэлттэй холбоотой асуудал байхгүй. Өнөөдөр тэтгэврийн зээлийг тэглэх гэж байгаа нь хоногийн хоолоо яая гэж байгаа ахмадуудын нийгмийн асуудалтай холбоотой л зүйл. 300 мянга орчим иргэний амьжиргаатай холбоотой асуудал. Тиймээс тооцоо, судалгаанд үндэслэсэн тодорхой ордын асуудлыг ярьж байгаа юм.
 
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин