sonin.mn
УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн, ашиглалтад ороогүй байр худалдан авсан гэдэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газар шалган, улмаар яллах дүгнэлт үйлдээд буй билээ.
Энэ тухай З.Баянсэлэнгэ өөрөө : “Засгийн газар Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Бэрэн” группээс 223 айлын орон сууц худалдаж авсан. Түрээсийн орон сууц төслийн хүрээнд хот болон хөдөө орон нутагт 1500 орчим байр худалдан авч, иргэдэд түрээслүүлсний 223-ыг нь “Бэрэн” компанийн барьсан “Хангай” хотхоноос худалдаж авсан байдаг. Энэ байрууд одоо ашиглалтад ороод түрээслэгчид нь амьдарч байгаа. Маш үр өгөөжтэй ажил болсон гэж бид үздэг. Харин намайг буруутгаад байгаа шалтгаанаа З.Баянсэлэнгэ ашиглалтад ороогүй байр худалдаж аваад, дундаас нь мөнгө төгрөг идэж, улсад 900 сая төгрөгийн хохирол учруулсан гээд байгаа юм” хэмээн тайлбарладаг. Үнэхээр ч З.Баянсэлэнгэ Засгийн Газрын 298 дугаар тогтоолыг л хэрэгжүүлсэн нь тодорхой болсон тул хэрэв уг шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг буруудах аж. Иймээс ч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт дахин нэмж, эрүүгийн хэрэг үүсгэх гэж буй тухай эх сурвалж өгүүлж байна. Ч.Сайханбилэг нь З.Баянсэлэнгийг өөрөө санал болгон, Барилга Хот Байгуулалтын сайдаар томилуулж байсан бөгөөд энэ үедээ : "Маш сайн хүн нэр дэвшүүллээ" хэмээж байсан юм.
 
П.Мандах