sonin.mn
Ардчилсан Социалист хөдөлгөөний анхдагчдын нэг, физикч Норовын Алтанхуяг улс төрийн карьераа эхэлснээс хойш МСДН-ын дэд дарга, нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Хөдөө аж ахуй, Үйлдвэрийн сайд, Сонгино Хайрхан дүүргийн АН-ын дарга, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Сангийн Сайд, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, АН-ын дарга зэрэг албыг хашсаны эцэст 2012 оны наймдугаар сард Монгол Улсын  Ерөнхий сайдаар томилогдсон билээ. Тэрээр "Чингис" бондыг олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс босгосон, зарцуулсан, өөрийнх нь хүргэн, охин, ахлах зөвлөх нь гэмт хэрэгт холбогдсон, ял шийтгүүлсэн гэх мэт сайн муу олон зүйлээр дүүрэн нөхцөл байдалд Ерөнхий сайдын албаа гүйцэтгэж яваад 2014 оны 11-р сарын 5-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар огцорсон юм. Н.Алтанхуяг өөрийг нь тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ба түүний хуулийн байгууллага дамнасан бүлэглэл хуйвалдан, огцруулсан гэж үздэг бөгөөд үүнийгээ ч ил цагаан хэлдэг байв. Тодруулбал 2016 оны 4 сарын 4-нд тэрээр мэдээлэл хийн, "Төрөөс төрсөн тэрбумтнуудын бүлэглэлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдан чиглүүлдэг. Өөртэй нь үгсэн хуйвалдаагүй тул өнгөрсөн хугацаанд маш их гүтгэлэг, доромжлолыг над руу чиглүүлсэн. Өнөөдөр би ийнхүү нэр цохон мэдэгдэл хийснээр өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулж байгаагаа маш сайн мэдэж байна. Гэвч ардчиллыг хамгаалах цаг болсон тул би энэ мэдэгдлийг хийж байна.
Удахгүй сонгууль болно. Иргэд улс төрийн чухал шийдвэр гаргахаасаа өмнө Монгол Улсыг чухам ямар хүн удирдаж байгааг мэдэх эрхтэй.
Хуйвалдааны төр улам бүр хүчирхэгжсээр байна. Цаашид ч улам хүчирхэгжинэ гэдгийг анхааруулж байна. Тэд Монгол хүн Монголдоо сайхан амьдрах хүсэл, зоригийг мохчин дарж байна. Мөн их өрийн нэрээр иргэдийг айдаст автуулж байна. Төрийн албан хаагчдыг ч хохироох нь олширлоо. Хуулийн нэр барьж шорон гянданд хорих явдал эрс ихэслээ.
АН-ын нэр хүндэд ч зориудаар халдаж байна. АН-ын гишүүд өөр хоорондоо хагаралдан, хэрэлдэхээс өөр ажилгүй мэт харагдуулж байна. Энэ бүхнийг зориудаар зохион байгуулж байна. Харин МАН-ынхан энэ бүхнийг чимээгүй ажиглан, баясаж байна.
Хуйвалдааны төр төрийн албан хаагчдын шийдвэр гаргах эрхийг барьцаалан сэйфэндээ хийчихлээ. Тэд төрийн эрхийг хууль бусаар авч Засгийн газрыг унагаасан. Тэд Монголыг хувааж идэхээр санаархаж байна" хэмээсэн билээ. Мөн УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох хувилбар, сонгуулийн системтэй холбоотой сонголт хийх үеэр ч Н.Алтанхуяг аанай л АН-ын дарга З.Энхболд, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нарын шийдвэрийг эсэргүүцэж байв. АН-ын даргын, АН доторх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох сунгаанд тэрээр тус тус өрсөлдсөн ч тэрээр ялагдсан. Өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй түүнийг улс төрийн карьераа үндсэндээ дуусгаж байгаа гэх дүгнэлт гарч буй ч энэ нь эртэдсэн хэрэг бололтой. Тэрээр 5 сарын эхээр сошиал хуудсаараа мэдээлэл хийхдээ АН-ын дарга С.Эрдэнийг шүүмжилсэн юм. Тодруулбал Н.Алтанхуяг: "Монголын баялгийг дээрэмдэж байгаа дээр намын ялгаа байхгүй. Би энэ дээр аль ч нам нь байсан, хэнбугай нь ч байсан тэмцэнээ. Одоо тэр манай намын дарга, Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ энэ "Эрдэнэт"-ийн 49 хувийг цээжээрээ хамгаалдаг юм. Намын даргын сунгаанд ярихдаа энийг ерөөсөө ярьдаггүй байсан. Зүгээр ийм луйврын аргаар цөөнх нь баяжиж, олонхи нь хоосордог нийгмийн төлөө яваагүй ээ" гэсэн билээ. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуяг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, "Эрдэнэт"-ийн 49 хувийг авсан бүлэглэл, хуулийн байгууллага дамнасан "шударга бус"-ын хонгил, Ардчилсан Намын өнөөгийн удирдлага С.Эрдэнэ тэргүүтний эсрэг хийх тэмцлээ  ямар нэг хэлбэрээр цаашид ч үргэлжлүүлэх бололтой.Н.Алтанхуяг бууж өгөх болоогүй ажээ.
 
М.Чойжал