sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Монголын эдийн засгийн форум-2018”-д оролцож, Үндсэн чуулганы хоёр дахь өдрийн хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн юм. Энэ үеэр түүний хэлсэн үг улс төрийн хүрээнд ихээхэн дуулиан тарьж байна. Тодруулбал тэрээр: "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам, эдийн засгийн хүчин чадлыг энд ярих нь илүүц биз ээ.
 
Ийм прагматик хандлага баримтлан, гадаад худалдааны таатай нөхцөлүүдийг бий болгож байж  л хөрөнгө оруулалтыг Монгол руу бодитоор татах болно. Монголд хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүнээ өнөөдөр бараг чөлөөт худалдааны хэлэлцээртэй байгаа Европийн холбоо, Япон руу татваргүй гаргахаас гадна, удахгүй Евроазийн эдийн засгийн холбоо болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд руу тааламжтай нөхцөлөөр экспортлох боломж ч үүсэх юм." хэмээсэн юм.
Монгол Улс одоо ШХАБ-ийн ажиглагчийн статустай, иймээс  ямар нэгэн ахисан түвшинд хүргэх тухай яриа нь ШХАБ-т гишүүнээр элсэнэ гэсэн үг гэдгийг ямар ч хоёрдмол санаагүйгээр шууд ойлгож болно. 
Гэхдээ ямар ч тохиолдолд Монгол Улс ШХАБ-т элсэх эцсийн шийдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гаргах учиртай. Иймээс ШХАБ-д элсэх Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг МАН-ынхан дэмжих эсэх нь асуулт нээлттэй хэвээр байна. Мөн  Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлсэн Ардчилсан Намынхан ч Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад элсэх эсэх талаар түүнтэй адилхан байр суурьтай байгаа эсэх нь эргэлзээтэй юм.
Учир нь Ардчилсан нам байгуулагдсан цагаасаа л гуравдагч хөршийн бодлогыг идэвхтэй баримтлагч байсан билээ. Тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид хоёр удаа нэр дэвшиж сонгогдсон Цахиагийн Элбэгдорж гэхэд л Монгол Улсыг ШХАБ-д гишүүнээр элсэх шаардлаггүй гэж үзэн, "Төвийг сахих" санаачлага гаргаж байсан юм. Иймээс ч Ардчилсан Нам Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжин, өөрсдийн олон жил баримталж ирсэн бодлогоо орхих уу? эсвэл нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгчийнхөө бодлогод шүүмжлэлтэй хандах уу? гэдэг уулзварт ирээд байна. Юу болохыг цаг хугацаа харуулах биз ээ.
 
Э.Мягмар