“Би шар сонин авдаггүй. Яагаад гэвэл гэрийн маань агаар бохирдоно” гэж Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Догмид гуай өгүүлж байсан нь санаанд буулаа. Түүн шиг би хувьдаа мэдээллийн сайтуудын сэтгэгдлийг уншдаггүй. Бөөн гүтгэлэг,  доромжлол, хараал зүхэл, үзэн ядалт, өдөөн хатгалт, утгагүй турхиралт, нус цэр  уртаас урт хөвөрдөг учраас тэр л дээ. Нэг ёсондоо цахим мэдээллийг дагаад олдмол гаж дон нэгэнт бий болжээ. Бусдыг аль муу муухай үгээр харааж, доромжилж байж сэтгэлийн таашаал авдаг  хар сүүдэр дагаад үүсчихлээ. Хатуухан хэлэхэд цахим алуурчид хэдийнэ бий болчихоод нийгмийн сэтгэлзүйг бохирлоод удлаа. Амжилт дүүрэн явж байгаагаа, эсвэл жаахан хазайсан нэгнийгээ адгийн муу  үгээр булж байгаадаа сэтгэл нь огт зовдоггүй нь харамсалтай бөгөөд эмгэнэлтэй. Амьдрал баян. Хэнд ч юу ч тохиолдож болно. Нэг өдөр дээшээ цойлж байхад,  уруудах өдөр ч бий. Угаасаа нийгмийн мөн чанар байгалийн хуультай адилхан юм. Өнөөдөр бороо орж байхад маргааш нар гарч солонго татна. Өглөө нь цэлмэг тэнгэр мэлтийж байхад үдэш нь цасан шуурга тавьж газар тэнгэр нийлнэ. Харин маргааш дахиад цэлмэг өдөр угтана. Гэтэл бид яагаад борооны дараах солонгыг, шуурганы дараах цэлмэг тэнгэрийг харж чадахаа больчихов оо? Яагаад хүний сайн чанарыг нь дэвсэлж, сул талыг нь дөвийлгөнө вэ?
 
 Хүнд нэр төрөөс нь эрхэм зүйл байдаггүй учраас л  “Нэр хугарахаар яс хугар” гэж монголчууд эрт үеэс захиж, сургаж иржээ. Бусдын нэр төр таны л нэр төртэй яг адилхан эмзэг, нандин үнэт эрдэнэ. Өөртөө дэндүү хайртай хэрнээ өрөөл бусдын, тэр тусмаа элэг нэгт монголчуудынхаа хамгийн эрхэм дээд үнэт зүйл  болсон алдар нэрийг нь гутаахаа юман чинээнд тоохгүй байгаа нь зүгээр л аймшиг. Огт хараагүй, танихгүй, ганц үг сольж үзээгүй хүнийг газар доогуур ортол нь доромжлохдоо, мууг нь үзэх гэж улайран зүтгэхдээ үг чинь эвлэж, хуруу гар чинь хөдөлж, зүрх сэтгэл чинь зовохгүй байгаад эмгэнэл илэрхийлье. “ Хэрэв намайг, хайртай хүмүүсийг маань даанч бохир үгээр доромжлон гутаавал би ямар байдалд орох бол?” гэж ганц удаа ч бодож үзсэн үү?
Хоригдож буй экс Ерөнхий сайдын   бие  огцом муудаж, эмч нарын дүгнэлтээр  2 дугаар эмнэлэгт хүргэгджээ. Аргагүй анхаарал татсан асуудал учраас  зарим нэг сайтын сэтгэгдлүүдийг харлаа. Цочлоо, бухимдлаа, бас харамслаа. Шорондоо үх л гэнэ. Ард түмний баялгийг цөлмөсөн луйварчин ингэж зовохдоо таарна л гэнэ. Бүр их зовоосой л гэнэ. Цаазлая, дүүжлэё...гэх зэрэг хэлэх хэлэхгүй үгээр “ерөөж”.
Насанд хүрч, ухаан бодол нь төлөвшсөн хэрнээ  аливаа асуудалд уян хатан, ухаалаг, ул суурьтай,буурьтай хандаж чадахгүй байгаагийн бурууг ямар хүчин зүйлтэй холбож үзвэл дээр юм бэ? Гэм буруутай, эсэхийг нь шүүх тогтоогоогүй байхад юундаа тэгж амь тэмцэн “цаазын тогтоол” уншина вэ?  Ёс зүй, ёс суртахуун,  хүнлэг чанараа алдвал хүн дүрстэй араатан л болж хувирна гэсэн үг шүү дээ.  Шуудхан хэлэхэд манай өнөөгийн нийгмийн сэтгэлзүй нэг л биш ээ.
Өнөөдөр өсвөр үе, залуус маань сошиал орчинд үндсэндээ “живж” гүйцээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй хүн байхгүй гэж найдаж байна. Ном уншиж, өөрийгөө хөгжүүлж, спортоор хичээллэх тэр л алтан цагийнхаа нэлээдгүй хэсгээ сошиал ертөнцөд залгиулж байна. Харамсалтай нь нийгмийн сүлжээнд юу ноёлож, өндөр хандалттай байгааг бид бүгдээрээ харж байгаа. Тэр хар  бараан үзэгдлүүд хүүхэд, залуусын ухаан бодлыг хорлож гүйцлээ. 
Монголчууд  яагаад аливааг гэгээнээр, эерэг өнцгөөс харж чадахаа больчихсон юм бэ? Хүн хүнээ гэсэн тусархуу, өгөөмөр, өрөвч зөөлөн сэтгэл хаачив? Нэг мэдэхэд хараал зүхэл, үзэн ядалт, өс хонзонтойгоо хамт  хүн чанараа залгих вий. Хамгийн гол нь бид цөөхүүлээ гэдгээ хэзээ ч мартах ёсгүй. Нэг нэгнээ хайрла, хүндэл, ойлго, өргөж босго!!! 
 “Хүнийг доромжлох нь ухаангүй хүний шинж” нэгэн ухаантан сургаж байжээ.
 
Дажсүрэнгийн Лхагвадорж