sonin.mn
Монгол Улс Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх тухай яриа нийгэмд талцал үүсгээд буй билээ.
Тэр дунд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын эдийн засгийн форум-2018”-д оролцох үеэрээ хэлсэн: "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам, эдийн засгийн хүчин чадлыг энд ярих нь илүүц биз ээ.
Ийм прагматик хандлага баримтлан, гадаад худалдааны таатай нөхцөлүүдийг бий болгож байж  л хөрөнгө оруулалтыг Монгол руу бодитоор татах болно. Монголд хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүнээ өнөөдөр бараг чөлөөт худалдааны хэлэлцээртэй байгаа Европийн холбоо, Япон руу татваргүй гаргахаас гадна, удахгүй Евроазийн эдийн засгийн холбоо болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд руу тааламжтай нөхцөлөөр экспортлох боломж ч үүсэх юм."

гэсэн үгийг өлгөн өвч, түүнийг л Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллагад Монгол Улсыг элсүүлэхээр улайран зүтгэж буй мэт дайрч доромжлох хандлага ихээхэн газар авч байх юм.
 
 Мөн Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, Монгол Улсын Сайд Г.Занданшатар энэ үйл явцын тухай: "ШХАБ илүү эдийн засгийн агуулгатай болж байна. Энэтхэг улс элссэн. Энэтхэг бол дэлхийн том ардчилсан улс гэгддэг. Хамгийн олон хүн амтай улс учраас. Тэрбум 300 сая билүү дээ. Бас Пакистан улс орсон. Нэг бүс-Нэг зам санаачлага, Торгоны зам... Эдийн засгийн хөгжил Зүүн Хойд Азийн бүс нутагт төвлөрч байгаа байдал зэргийг бодохоор ШХАБ-д элсэх нь эдийн засгийн хувьд ямар боломжийг бий болгох вэ? Эрсдэл байж болно. Энэ бүхнийг SWOT анализ дээр үндэслэж, давуу тал бий болох, сул тал бий болох зэргийг судалж байж, зохицуулж байж элсэх ёстой гэсэн байр суурьтай судалгааны ажил хийгдээд, энэ дээр шийдвэрлэж эцсийн шийдвэрийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл гаргана." гэжээ.

Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн нь мөн л Ерөнхийлөгч Х.Баттулга тул түүнд эцсийн шийдийг хамаатуулах гээд байгаа оролдлого ч юм шиг. Гэхдээ бодит байдал үүнээс өөр буюу нэн ойлгомжтой билээ.
 
 
Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тухай хуулийн 3-3-д "Зөвлөл нь Улсын Их Хурлаас баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тулгуурлан ажлаа явуулна.", 3-4-д "Зөвлөл ажлаа Улсын Их Хурлын өмнө хариуцна." гэж заажээ.
 
Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тухай хуулийг дараах линкнээс дэлгэрэнгүйгээр уншина уу!  http://www.legalinfo.mn/law/details/9546
Өөрөөр хэлбэл уг ҮАБЗ нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу: "дүгнэлт гаргах,  зөвлөмж, заалт, чиглэл өгөх" л үүрэгтэй байгууллага аж. Харин Монгол Улсын Үндсэн Хуулийн 25-р зүйлд: " Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гээд төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох гэж ямар ч хоёрдмол санаагаагүйгээр илэрхийлжээ.
Өөрөөр хэлбэл УИХ л Монгол Улс Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллагад элсэх эсэх эцсийн шийдийг гаргана гэсэн үг. УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр Монгол Ардын нам парламентад нийт 65 суудалтай үнэмлэхүй олонхи болсон.
 
 
Сөрөг хүчин Ардчилсан нам хийгээд О.Баасанхүү, С.Жавхлан нарт ямар ч шийдвэрт нөлөөлөх бодит боломж байхгүй.
Иймээс ч Монгол Улс Шанхайн Хамтын Ажиллагаан байгууллагад элсэх эсэхийг бодитойгоор судлах, шийдвэр гаргах, шийдвэрээс үүдэлтэй эерэг сөрөг бүх үр дагаврыг хариуцах үүрэг ямар ч эргэлзээтэйгүйгээр Монгол Ардын Намд оногдож буй юм. Харин хэвлэлээр гарч буй УИХ-ын гишүүдийн байр сууриас ажиглахад тус нам Монгол төрийн алтан аргамж гэгддэг гадаад бодлогын асуудлаар одоог хүртэл ямар ч нэгдсэн бодлого, байр суурьгүй байгаа нь илэрхий болоод байна. Иймээс ч ШХАБ-д элсэх эсэхтэй холбоотой нийгэмд үүссэн бухимдлыг өөр тийш нь чиглүүлэх гэх мэт улс төрийн "явган тоглоом" тоглолгүй, тулгарсан асуудлаа хариуцлагатайгаар шийдэхээ бодсон нь дээр байх аа, МАН-ынхаан.
 
М.Гал