sonin.mn
УИХ-ын чуулганы 2018 оны 06 сарын 08-ы  нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн билээ.
Монгол Улсын Их Хуралд хандаж Улсын ерөнхий прокуророос 2018 оны 1/2204 тоот албан бичгээр ирүүлсэн УИХ-ын гишүүн Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулсан юм. Уг танилцуулгад: "Монгол Улсын Үндсэн хуулийн Хорингуравдугаар зүйлийн 21.1-т “…Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална…”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “…Улсын Их Хурлын гишүүн /цаашид “гишүүн” гэх/ бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална...” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринесдүгээр зүйлийн 29.3-т “…Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна…” хэмээн заасан байна. УИХ-ын гишүүн Д.Муратад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 14.1, 2-т нийцүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 заалтыг хэрэгжүүлэх, Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан төрийн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналтай байгаа гэсэн байв.
Энэхүү асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн.
 
Харин УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжээгүй, харин Д.Гантулгын бүрэн эрхийг түтгэлзүүлэхийг дэмжсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д. Оюунхорол: "Парламентад 13 эмэгтэй гишүүн, 13.7 хувийг бүрдүүлж байна. Бид эмэгтэйчүүдийн хувьд дуу хоолойгоо нэгтгэн хүчирхийллийн хэрэг хийсэн болон завдсан аливаа хэргийн эсрэг дуугарах болно. УИХ-ын нийт гишүүдэд тэднийг хаацайлах эрх байхгүй. Хууль, шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэдэг зарчмаа бариасай. Охид эмэгтэйчүүдээ хүчирхийллээ хамгаалахад өнөөдрийн энэ танхимаас гарах шийдвэр үлгэр дуурайлал болно. Хүчирхийллийн эсрэг хууль шинэхнээрээ, “будаг нь хатаагүй” байна. Энэ хуулиа хэрэгжүүлэх ёстой. Нийгэмд дуулиантай хэргүүд, зарим нь үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхлын байдлаар тархаж байна.
Дарагдаад алга болдог мэдээллүүд ч олон байна. Ийм хэрэг оруулж ирж байгаа хууль, прокурорын байгууллага нягталж шалгаж тогтоосноо Байнгын хороон дээр хэллээ. Монголын парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ гишүүндээ хариуцлага тооцож байсан удаатай. Энэ удаад ч бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгуулах ёстой. Эцсийн шийдвэр гаргаад явуулах гэж байгаа хэрэг биш гэж ойлгож байна. Шалгуулчхаад буцаад ороод ирэх боломж үлдсэн байх. Дэгийн хуулийг өөрөөр тайлбарлах оролдлого анзаарагдаж байна. Охид, эмэгтэйчүүдээ гэмт хэргээс хамгаалах үүднээс сайтар нягталж шийдээсэй гэж хүсэж байна.",  УИХ-ын гишүүн М.Билэгт: "Хоёр гишүүн маань охид, бүсгүйчүүдийг хүчирхийлсэн гэх асуудалд холбогдсон. Халдашгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар энэ хоёр гишүүнийг эгүүлэн татах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан ч хоёр байнгын хороо харамсалтай нь өөр шийдвэр гарсан. Уг нь энэ парламент энэ хоёр хүнийг гэм буруутай эсэх хууль хяналтын байгууллагаар шалгуулаад үнэн зөвөө шийдүүлж, шалгуулаад ирэх боломжийг нь гаргах ёстой. Хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн бид саяхан баталж гаргасан. Охид, эмэгтэйчүүдээ бодоод энэ залуучууд хэрэг үйлдээгүй бол хуулийн байгууллагаар шалгуулаад хүрээд ир. Энэ парламент ч ийм боломж олгож, түдгэлзүүлэх ёстой. Хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй. Ард түмэн харж байгаа шүү, эрэгтэй гишүүд ээ.", УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: "Парламентын ёс зүйн хэм хэмжээ, мэргэжлийн ёс зүйг дагаж ажиллах хэрэгтэй. Парламентын гишүүд мэргэжлийн үүднээс эрх зүйт төрд ажиллаж зөв шударга нийгмийн төлөө ажиллаж байна. Энд хувь хүний алдаа гаргах эрх байхгүй. ёс зүйн алдаа гаргасан энэ хүнийг өмөөрөх боломжгүй. Парламентад насны босго тогтоох ёстой энэ сайн жишгийг цаашид парламентыг төлөвшүүлэхэд хэрэглэхэд болохгүй гэж зүйлгүй. Нэг хүний эрх ашиг нийтийн эрх ашгаас үргэлж дор байдаг. Тиймээс нийтийн эрх ашгийг хүндэлж хууль ёсоор шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна." гэх мэтээр өгүүлж байв.
Улмаар УИХ-ын Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалт явуулахад нийт 57 гишүүн оролцож, гишүүдийн олонх 33 гишүүн буюу 57.9 хувь нь дэмжинэ, 24 гишүүн буюу 42.1 хувь дэмжихгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, нийт гишүүдийн 57.9 хувь УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв. Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалтанд нийт 57 гишүүн оролцож, 28   гишүүн буюу 49.1 хувь нь Д.Гантулгын бүрэн эрхийг түтгэлзүүлэх шаардлагатай, 29 нь түтгэлзүүлэх шаардлаггүй гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл ганцхан хүний саналаар УИХ-ын гишүүн Д.Гантулга "үлдсэн" юм. Гэхдээ энэ бүхэн зөвхөн эхлэл ч байж мэдэх юм. Учир нь ШХАБ-ийн хуралд оролцоод ирэх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Д.Мурат, Д.Гантулга нарыг "авч үлдсэн" УИХ-ын тогтоолд хориг тавих нь тодорхой хэмээн эх сурвалжууд өгүүлж байна. Энэ тохиолдолд уг тогтоолд тавьсан хоригийг УИХ авч хэлэлцэнэ, МАН-д уг тогтоолоо хамгаалах ямар нэгэн улс төрийн аргумент байхгүй тул асуудал нөгөө тийшээгээ эргэх магадлал маш өндөр юм.
 
М.Чойжал