sonin.mn
Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хууль бус томилгоог эсэргүүцсэн мэдэгдэл
 
 
2018 оны 05 сарын 24-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдээр Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Ш.Солонго нарыг УИХ-аас томиллоо. Энэхүү томилгоо нь Үндсэн хуулийг илэрхий зөрчсөн, Монгол Улсын тогтвортой байдал, нийгмийн шударга ёс, улсын тусгаар тогтнолд ноцтой хор хохирол учруулахуйц шийдвэр болсон, мөн хямраад удаж буй Монгол төрийн талцсан толхилцсон байдлыг улам гүнзгийрүүлнэ гэж үзэж байгаа тул Хөдөлмөрийн Үндэсний Намын гишүүд, дэмжигчид эрс эсэргүүцэж байна.
 
Үндэслэх нь:
1.Томилгоо Үндсэн хууль зөрчсөн.Томилогдсон хүмүүс Үндсэн хуульд заасан шалгуурыг илт хангахгүй, Үндсэн хуулийн цэцийн шударга, хэвийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлж болохоор байхад нэр дэвшүүлэх, томилох шийдвэр гаргаж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ өөрөө Үндсэн хууль зөрчсөн явдал мөн. Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоо гэдэг нь буруу байсан ч улс төрийн тохироогоор хийгддэг улс төрийн томилгоо биш!
2.Улс төрийн завхрал даамжирч улмаар Үндсэн хуулиараа тоглодог болов. Төр, улс, нийтийн эрх ашгийг уландаа гишгэж, хуулийг завхруулах явдал хэрээс хэтэрч, цаашлан Үндсэн хуулийн заалтаар тоглож, өөрсдийн богино хугацаатай сонирхолд нийцүүлэх, ашиг сонирхлын бүлэг хоорондын тэмцэлд Үндсэн хуулийн цэцийг ашиглах гэсэн оролдлого илэрхий боллоо. Тухайлбал, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг сонгууль болохоос нэг сарын өмнө өөрсдөдөө тааруулж өөрчлөх, ингэхдээ Үндсэн хуулийн цэцийг ашиглан өөрсдийн сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргуулж, үндэслэл болгосон жишээг дурьдаж болно.
 Энэ бол улс төрчдийн тоглоом биш бөгөөд Монгол Улсын оршин тогтнох суурь, тулгуур баганаа савчуулж, Монгол төрийг үнэгүйдүүлэн хүчийг нь  сулруулах замаар шударга ёсыг үндэс сууриар нь устгах гэж буй ноцтой санаархал!
Эх орноо гэх сэтгэлгээ болоод мэдлэггүй, алсын  хараагүй, авч идэхийн шуналд живсэн ухвар мөчид  түрэмгий улс төрчид Монгол төрийг зайдагнаснаар УИХ нь шударга бус үйл явдлын үүр уурхай болж улмаар буруутай нэгнийгээ хаацайлах эцсийн зогсоол, авлига, хүчирхийллийг дэмжигч талбар болсон нь олон нийтийн нүдэн дээр илэрхий харагдаж, эрхэмлэх үнэт зүйлтэй, чиг шударга, эх орноо гэсэн иргэдийн жигшлийг төрүүлж байна.
Энэ жигшлийг эс тоон улс төрчдийн завхрал хэм хэмжээнээсээ халин даварч, Монгол Улсын оршин тогтнох суурь, шударга ёсны баталгаа болсон Үндсэн хуулиар тоглох, Үндсэн хуулийн цэцийг улстөржүүлэн талцах, өөр хоорондоо өрсөлдөн хэмлэлцэх зэвсгээ болгож, хожмын үед буруу жишиг тогтоох гэж байгааг Монголчууд бид тэвчиж, зүгээр өнгөрөөж болохгүй.
Учир иймээс, Монгол төрийг нураах, Монгол Улс, Монголчуудын язгуур эрх ашигт халдсан бусармаг оролдлогыг эрс эсэргүүцэж, нэн даруй залруулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их хурлаас шаардаж байна. Энэ асуудалд нийтээр анхаарал хандуулж, эргэж засахад хүндрэлтэй буруу үйлдлийг таслан зогсоох, улс төрийн муйхар жишиг тогтоолгохгүйн төлөө тэмцэхийг нийт улс төрийн хүчин, хуульчид, иргэддээ уриалж байна.
 
Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН)
 
2018 оны 6 дугаар сарын 13ны өдөр