sonin.mn
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Д.Гантулгыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө. Үүнээс өмнө буюу өнгөрсөн Даваа гарагт Дорждугарын Гантулга Төрийн ордонд мэдэгдэл хийж, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргасан юм. Уг өргөдөлд: 
"Дорждугарын Гантулга миний бие өнгөрсөн хугацаанд өөрийнхөөрөө бие дааж шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдалд байлаа... Гэхдээ би өнөөдөр өөрийнхөрөө шийдвэр гаргаснаа та бүхэнд хэлье. Залуу насны гэнэн итгэмтгий зангаасаа болж ийм асуудалд орооцолдсондоо чин сэтгэлээсээ харамсаж байна. Юуны өмнө аав ээж, гэр бүлээсээ, хайртай ханиасаа хүлцэл өчиж байгаагаа илэрхийлье.
Намайг итгэж дэмждэг  мянга мянган найз нөхөд, хамт олноосоо бас хүлцэл өчье. Энэ давааг давж чадалгүй ингэж төгсөж байгаадаа. Итгэж төлөөллөө болгосон Хан Хэнтий нутгийнхандаа, сонгогчдодоо, намайг итгэж дэмждэг байсан намынхан, нэг ангид хамт сууж буй УИХ-ын эрхэм гишүүдээсээ хүлцэл өчиж байна.
 
Мөн надтай нэр холбогдоод хохирсон гэх Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа гэж бүсгүйчүүдээс улс төрийн золиос болж, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байгаагаа хэлмээр байна. 
Монголын нийт ард иргэдийн магадгүй залуу хүнд, залуу улстөрчид итгэж байсан итгэлийг зүтгэлээр хариулж чадаагүйдээ, чадахын төлөө зүтгэж явсан маань хангалттай байгаагүйд харамсаж байна. 
Яг үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа нэр дэвшигчийг дэмжиж, хэт дэврүүн мэдэгдлүүд хийж байсандаа ч бас, яг одоо зогсож байгаа үйлдэлдээ хүртэл явсандаа бас харамсаж байгаагаа бас хэлье.
Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугаан нотолно. Улс төрийн золиос болж байгааг маань би ч, та ч, бас Монголын ард түмний нэлээд хэсэг ойлгож байгаа гэж итгэж байна. Уужим сэтгэлтэй иргэд маань энэ бол гэмт үйлдэл биш, улс төр байсан юм аа гэдгийг ойлгох тийм өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэж байна.
Ийм учраас УИХ-ын гишүүнээс түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаагаа мэдэгдэж байна." гэсэн байв. Үүнээс нэг ихээхэн өгүүлбэр ихээхэн анхаарал татаж буй нь "Яг үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа нэр дэвшигчийг дэмжиж, хэт дэврүүн мэдэгдлүүд хийж байсандаа ч бас, яг одоо зогсож байгаа үйлдэлдээ хүртэл явсандаа бас харамсаж байгаагаа бас хэлье." гэсэн хэсэг юм.
Намын нэр дэвшигч гэдэг нь УИХ-ын дарга М.Энхболд. Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга М.Энхболдыг дэмжиж байсандаа Д.Гантулга харамсаж буй бөгөөд энэхүү хүчингийн хэрэг, М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуулиар дэмжиж байсны хооронд ямар нэгэн логик холбоос байна гэж Д.Гантулга үзэж буй бололтой. Зарим эх сурвалжуудын өгүүлж буйгаар бол  энэ өгүүлбэрт үнэний ор байхгүй, зүгээр л М.Энхболдод гомдох шалтгаан  Д.Гантулгад байгаа тул ийн өгүүлсэн байж болох аж.
 
П.Мандах