-Эргэцүүлэл-
 
“Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна. Гаргасан шийдвэр нь гагцхүү ард түмний төлөө байдаг Ардын засаг байх болно.”  Энэ бол У.Хүрэлсүхийн Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдоод хэлсэн үг. Хэлсэндээ хүрч, амласнаа биелүүлдэг түүнийг олон түмэн итгэж найдан угтаж авсан тэр мөчид хорин жилийн тэртээ сонинд өгсөн нэгэн ярилцлага нь санаанд бууж билээ. 
 
“Үнэн” сонины 1998 оны 12 дугаарт нийтлэгдсэн “Залуу хүн бүр амьдралын зорилготой байх ёстой” гэсэн гарчигтай ярилцлагад МАН-ын залуу ажилтан У.Хүрэлсүх ингэж өгүүлжээ. 
 
1. Таны амьдралын зарчим?
-Шударга байх
2. Таны хүрэх өндөрлөг?
-Нэртэй улс төрийн зүтгэлтэн
3. Улс төрийн хүсэл, мөрөөдөл?
-Зүүний намууд нэгдээсэй хэмээн сурвалжлагчийн асуултад түс тас хариулжээ. 
 
Эрс шулуухан хэлсэн шигээ шударга байж, нэртэй улс төрийн зүтгэлтэн болох хүсэл тэмүүлэлдээ хорин жилийн дараа тэрээр ийнхүү нүүр бардам хүрч, МАН-ын даргаар сонгогдож, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогджээ. 1990 онд огцорсон Ж.Батмөнх тэргүүтэй МАХН-ын Улс төрийн Товчооноос хойш намын 8 дахь даргаар сонгогдсон У.Хүрэлсүх санамсаргүй тохиолдлоор гэнэт тодорч, тэнгэрээс бууж ирээгүй. Ерэн оны ороо бусгаа ээдрээтэй үеэс л улс төрийн хүнд бэрх замаар өнөөг хүртэл эргэлт буцалтгүй, тууштай мацан байж энэ өндөрлөгт гарч ирлээ. Хорин жилийн наана, цаана хэлсэн үгийнх нь утга санаа, тодруулбал, түүний улс төрийн хүсэл, тэмүүлэл, мөрөөдөл одоо ч хэвээрээ, үнэн зөв, шударга үйлсэд цаг хугацааны хязгаар тавьж болдоггүй, байнгын тэмцэл юм гэдгийг энэ гурван хариулт товч бөгөөд тодорхой харуулж байна. 
 
1. Шударга байх хүслэн
 
 Ерэн оны зүг чиггүй манан будан дунд намын дарга Б.Даш-Ёндон тархиа гашилтал үзэл санааны шинэчлэл хийж байсан бол түүний гараасаа хөтөлж их улс төрд оруулсан залуу У.Хүрэлсүх өнөө цагийн намын даргын албыг ах нараасаа   залгамжлан авч, ачаа үүрэх цаг нь иржээ. Монгол Ардын Нам улс оронд нүүрлэсэн улс төр, эдийн засгийн хямралыг давж, их бүтээн байгуулалтын шинэ давалгаанд тулж ирсэн үед бидний амьдралд ховор үзэгдэх болсон шударга ёсны эрэлд түүнийг мордуулж байгаа нь энэ юм. Өнөөдөр монголчууд өөр хоорондоо илэн далангүй, чин шударга харилцаж, өөрсдөд нь алагчлалгүй хандахыг улс төрийн намууд болон төр, засгаасаа ихэд хүсэмжлэх болжээ. 
Шударга ёс бол нийгмийн амьдралыг тэнцвэржүүлэх, ард иргэдийг сахилга, дэг журам, эв түнжин, хамтын ажил үйлсээр идэвхжүүлж, олон түмнийг хөгжил цэцэглэлтэд дуудах итгэл үнэмшлийг бэхжүүлдэг манай үндэсний үнэт зүйлс, нандин чанар юм. Тиймээс гуч гаруй жилийн тэртээ монголын анхны зохион байгуулалттай улс төрийн хүчин МАН-д элсэж, шударга ёсны уламжлалыг өвлөн авч, энэ л жишгээр нийгмийн сайн сайхны төлөө хөдөлмөрлөж, тэмцэхийг У.Хүрэлсүх хүсчээ. Энэ тухайгаа, ажил, амьдралдаа тууштай баримтлах зарчмынхаа талаар хорин жилийн өмнө “Үнэн” сониноор дамжуулан ам нээж, “шударга байх”-аа амлаж байжээ. Ийм л хүсэл мөрөөдөлтэй залуу намын улс төрийн ажлын дов толгодыг дамжин дэвшсээр МАН-ыг удирдаж, засаг жолоодохоор гарч ирлээ. Гэхдээ түүний улс төрийн замнал торох юмгүй шулуун дардан байгаагүй, харин ч шавар шавхайтай бартаат нугачаан дунд өлсөж цангах, жагсаж цуглах, өгсөж уруудах, ялж ялагдахын жаргал зовлонг хангалттай амсуулсан гуч гаруй жилийнх нь тэмцлийн хүчин чармайлт энэ өндөрлөгт хүргэжээ. 
  Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, намынхаа уугуул нэрийг сэргээхдээ өөрийг нь сийчих суман мөндөр шиг дайралтаас тэр эмээгээгүй, зорьсондоо хүрч Монгол Ардын Намын шинэчлэлийг туйлд нь хүргэхийг хүссэн. УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудалд аархсан намын удирдлага гишүүдийнхээ саналыг үл тоож, чөмгөө дундартал зүтгэсэн намын ажилтнуудын халуун сэтгэлд жавар хургасан томилгоо хийсэн нь МАН-ын боловсон хүчний бодлогыг бүхэлд нь нураасан. Ямартаа ч шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газрын гишүүн, сайд нар байтугай харьяа газрын дарга нар хүртэл өөрийг нь санал болгож томилуулсан намынхаа генсекээс илүү том толгойтой болчихсон байлаа. Нам, төрийн ажлыг зааглаж байгаа нь тэр юм гэнэ.  Ийм үед намын даргаар сонгогдсон У.Хүрэлсүх эрх баригч намын боловсон хүчний бодлогын гажуудлыг засч, шударга ёсыг сэргээж, намын шинэчлэлийг эрчимжүүлэхээр зориг шулуудсан.  Үр дүн  ч гарч эхэлсэн.
Үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдэхээс илүүтэй  албан тушаалд хүрэх янз бүрийн сонирхолтой хүмүүсийн бүлэглэл МАН-д ч ажиглагдах болсныг шударга гишүүд шүүмжлэх боллоо. 2016 оны УИХ-ын сонгуулиар 76 суудлын 41-д нь анх удаагаа сонгогдсон шинэ гишүүд орж ирсэн нь мэргэшсэн гэх парламентын уламжлалт бүтцийг эвдэж, өсөлт хөгжлийн бэрхшээлийг тухай бүр шийдвэрлэхийг шаардаж байна. Сонгуулиас сонгуульд цуцахыг мэдэхгүй зүтгэж, буруу бүхнийг сөрж тэмцсэн намынхаа гундаж боргошсон жирийн гишүүдээ ялалтад хүрээд умартдаг дарга нарын гэмийг намын шинэ удирдлага арилгаж эхэлжээ.  
УИХ, Засгийн газрын бодлого шийдвэр эхэндээ зөрж, иргэд сонгогчдын сэтгэлийг нэг хэсэгтээ чамгүй зовоосон. Мэргэжлийн Засгийн газар татвар нэмж,   намынхаа мөрийн хөтөлбөрөөс нэг бултаж, гишүүд, дэмжигчдээ үнэг мэт хуурахыг завдсан нь намын нэр хүндэд сэв суулгаж, итгэл үнэмшлийг нь сулруулжээ. Шударга ёсыг үгүйлсэн олон нийтийн зүгээс улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хямралыг аль болох зөөлөн аргаар, иргэдээ үл ялгаварласан, хохирол багатай давж гарахыг хүсч, бас шаардаж байлаа. Ялангуяа, үндэсний баялгийн хуваарилалт, нийгмийн халамж, хөнгөлөлт, ашиг хүртэх, цалин хөлсийг ханшны уналттай уялдуулан нэмэгдүүлэх зэрэг амин чухал асуудлаар олон улсын банк, санхүүгийн байгууллага, монголын төр, иргэдийн хооронд зөрүүтэй ойлголт ч гарах болсон. Хүн бүр шударга ёсны тухай өөр өөрийнхөөрөө ярьж, намын бодлогыг хэн дуртай нь гуйвуулах явдал олширсон. Гэхдээ шударга ёс хэнийг ч ялгаварлахгүй бүх хүнд адилхан үйлчилнэ, мөн тэр зарчмыг төр хангах ёстой гэдгийг хүмүүс мэддэг болсон нь сайшаалтай. Шударга бусаар олж авсан эд хөрөнгө, нэр төр, эрх ашигт шүүмжлэлтэй хандаж, харилцааны тэгш бус байдлыг арилгахыг намын гишүүд хүчтэй шаардах болсон нь дэвшил байлаа. 
Намыг хэсэг бүлэг хүмүүсийн хувиа хичээсэн үзэл санаа, цөөн тооны үндэсний олигархиудын эрх ашгийг хамгаалсан, луйварчдын хор найруулж, хуйвалдаан зохион байгуулдаг явцуу бүлэглэл мэтээр харлуулж гуйвуулсан суртал нэвтрүүлэг ихэд дэлгэрчээ. Ийм суртал ухуулга улс орны эрх ашиг, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд бодитой аюул учруулж буйг өнөөдөр хэн хүнгүй ухаарах цаг болжээ. Улс төрийн намыг үгүйсгэгчид УИХ-ын эрхэм гишүүдийг 76 бие даагч болгож, талын нэг тараахыг хүсч байна. Улс төрийн намууд өрсөлдөх нэрийдлээр бие биенээ үгүйсгэх, нэг нэгнийгээ гүтгэж хилсдүүлэх, гутаан доромжилдог чөтгөрийн тойргоос нэн даруй салгах түүхэн үүрэг намын шинэ даргад ногдож байна.
 
2. Улс төрийн хат
 
У.Хүрэлсүх бол МАН-ын шинэ цагийн удирдагчдаас өлсөж зутарч үзсэн цорын ганц улс төрийн зүтгэлтэн юм. П.Жасрайн Засгийн газрыг огцруулах гэж сөрөг хүчнийхэн 1994 оны хаврын жиндүүхэн өдрүүдэд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлахад хэний ч танихгүй өндөр бор залуу Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын төлөө Ялалтын талбайд сөрөг өлсгөлөн  зарлаж амиараа дэнчин тавьж тэмцсэн юм. Үр дүнд нь Сүхбаатарын болон Ялалтын талбайд зарласан өлсгөлөнгийн аль аль нь математикийн “хасах хасахын нэмэх” гэдэг шиг нэгэн зэрэг зогсож, Засгийн газарт тулгасан улс төрийн гох дэгээ арилж билээ. 
Улс төрийн хат сууж, аажим боловч боловсорч төлөвшиж байсан ардын намын залуу улс төрчид тухайн үедээ моодонд орж дэлгэрэх хандлагатай болсон тэмцлийн хурц хэлбэрүүдийг зөөллөж, аливаа хүчирхийллийн хор уршгийг олон түмэнд ойлгуулж чадсан юм. Юм л бол өлсөж цангахаараа айлгаж, санаа бодлоо тулгадаг хүчирхийллийн хэлбэр тэгсгээд газар авахаа больсон юмдаг. Энэ хэрээр тэмцлийн арга хэлбэрт улс төрийн шинэ соёл нэвтэрч, тайван жагсаал, цуглаан зохион байгуулах, үг хэлэх эрх чөлөөгөө эдлэхэд хууль журмыг хүндэтгэн сахидаг ёс жаяг тогтож хэвшжээ. 
МАХН-ын Удирдах Зөвлөл ерэн оны дунд үеэс залуучуудын талаар баримтлах бодлого, үйл ажиллагааг улам эрчимжүүлж, намын залуучууд, дэмжигчдийн анхдугаар чуулганыг зохион байгуулав. Төдөлгүй 1997 онд зүүний чиглэлийн залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулахад 30 шүргэсэн У.Хүрэлсүхийг  МАСЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгожээ. Дан ганц залуучуудын удирдагч гэлтгүй намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг идэр үеийнхэний гарт итгэлтэйгээр шилжүүлэв. Намын удирдлагыг залуужуулсан энэ үйл явц нь өөрчлөн байгуулалтын шинэ үеийн эхлэлийг тавьж, намын шинэчлэлийг эрчимжүүлсэн олон залуу зүтгэлтэнг тодруулсны дотор У.Хүрэлсүх зүй ёсоор багтсан юм. Намынхаа үнэт зүйл, үзэл санааг хамгаалж Ардын намын улаан хамгаалагч гэсэн нэр хоч зүүж адлагдахаас тэр үл эмээж, урагдаж сэмэрсэн намынхаа тугийг парламентын танхимд намируулж, “түүхий өндөг” атгасан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулж байлаа. Намынхаа шатсан байрны буурин дээр Тусгаар тогтнолын ордонг босгож, шударга ёсны төлөө тууштай  тэмцэж иржээ.  
  Ардчилсан үйл явц өрнөж эхэлсэн ерэн оноос хойш өнгөрсөн 28 жилийн хугацаанд намын юуг шинэчилж, юу нь бахь байдгаараа үлдсэнийг эргэцүүлэхүйд ихээхэн сонин дүр зураг харагдана. Нам энэ хугацаанд үзэл баримтлалаа хоёронтаа шинэчилж, уугуул нэрээ сэргээснээр агуулга, хэлбэрийн шинэчлэлийг цогц хийсэн байна. Харин  үйл ажиллагаа, ажлын арга барилаа өөрчилж шинэчлэх тухай  их хурал бүр дээр ярьж, олон чухал шийдвэр гаргаж ирсэн нь хэрэгжилгүй, цаасан дээр үлджээ. Шийдвэр гаргаад орхидог дутагдал хэзээнээс хавтгайрав гэхлээр намын ажилтнууд төрийн алба руу хошуурч, намын ажлыг орхигдуулах болсонтой холбоотой гэсэн шүүмжлэл үнэнд илүү ойртоно. Намын ажилтны төр лүү чиглэсэн нүүдэл идэвхжих тусам намын хамт олныг манлайлагч, олон түмнийг дагуулагч, идэвхтэн сонгуультан зэрэг шинэ үеийн намын ажилтан цөөрч, дараагийн сонгуульд ялагдах суурь хөрс аяндаа бүрддэг байна. Харин сайдаас эхлээд газар, хэлтэс, тасгийн дарга зэрэг төрийн албан тушаалын төлөөх өрсөлдөөн ширүүсч, нэг намын гишүүд бие биенээ намнаж агнах хуншгүй чанар газар авчээ. Ийм увайгүй үйлдлийг МАН-ын шинэ дарга таслан зогсоох учиртай.
 
3. Зүүний намуудыг нэгтгэх мөрөөдөл
 
 “Зүүний намууд нэгдээсэй” хэмээн Социал демократ нам Монгол ардын хувьсгалт намтай ойртон нягтрахыг залуу халуун насандаа хүсч мөрөөдөж байсан ч үйл явдал эсрэгээрээ өрнөсөн нь хяслантай. Эрх баригч “Ардчилсан холбоо” эвслийг бүрдүүлсэн соцдекүүд голын нөгөө эрэгт нутагласан МҮАН-ыг бараадаж буухаас өөр хувилбар тухайн үед үлдээгүй биз. Баруун, зүүний гэх  үзэл баримтлалаараа ялгарсан дэлхий нийтийн жишгийг сөрж, гагцхүү улс төрийн ууган хүчний эсрэг шинэ тутам намуудын нэгдэх үйл явц 1998 оны цагаан сараар идэвхжиж, одоогийн Ардчилсан Намын үндэс суурийг бүрдүүлж билээ. 
Харамсалтай нь түүнээс 13 жилийн дараа монголын хамгийн туршлагатай, тулхтай улс төрийн хүчин МАХН уугуул нэрээ сэргээсэн үйл явдалтай зэрэгцэн дайны хажуугаар дажин гэлтэй үзэгдэл тэрхүү сиймхийгээр болоод өнгөрсөн. Монгол үндэстний анхны улс төрийн хүчин уугуул нэрээ сэргээж, намын шинэчлэлийн эхний шатыг амжилттай өндөрлүүлэхэд тухайн үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх оройлон оролцсон. Харин гарч болох эрсдэлийг  биечлэн хариуцна гэсэн түүний улс төрийн эр зоригийг нь олзолж мохоохыг өрсөлдөгчид нь хичээж байлаа. МАН гэдэг ууган намын уугуул нэрийг сонгуульд  ялагдуулсан “шалтаг” болгон ашиглахыг оролдоход тэрээр тэс өөр шалтгаанаар ажил, албан тушаалаасаа татгалзаж явлаа. МАН сөрөг хүчин болохоор дороо эвлэж, нэг дуугаар дугтардаг, харин эрх баригч болмогц эв эвдэрч, өвөр түрийдээ тэмцэлддэг хачин араншинтай болоод удаж байна. Хаанаас ийм муухай ааш зан халдварласан юм бүү мэд. Намын дотоод зөрчлийг шийдвэрлэх оновчтой арга механизмыг зүгшрүүлэхгүй бол жирийн гишүүдийг энэ дарга, тэр гишүүний хүн гэсээр тэднийг барын амнаас мах шүүрэхтэй адил осолтой тоглоомны золиос болгож мэдэхээр байна. 
Улс төрийн хүчнүүд нэгдэж нийлэх, салан тусгаарлах үзэгдлийн аль аль нь  намуудын дотоод зөрчлийг ил гарган хурцатгаж, шинэ дэг журам тогтоохыг үргэлж шаардаж байлаа. Төлөвшил, хөгжлийн ийм бэрхшээл эрх баригч намуудад ээлж дараалан учирч байсны нэг нь угшил нэгтэй хоёр намын “төөрөгдөл” байсан юм. Монголын хатуу зохион байгуулалттай, улс төрийн нэгдмэл хүчин МАН уугуул нэрээ сэргээсэн тэр сиймхийгээр МАХН нэртэй шинэ нам иргэд сонгогчдын оюун санааг төөрөгдүүлж, Улсын Их Хурлын сонгуулийн дүнд нөлөөлсөн нь үнэн. Эдүгээ МАХН гэдэг нэршлийг нялцгай биетэн амиа хоохойлж нуугддаг ясан дун мэт ашигласныг иргэд өнөөдөр ойлгох болж, бүх зүйл байр байрандаа орж байх шиг байна. Чих нэгтэй, хоёр өөр нам зэрэгцэн орших  боломжийг хууль бусаар олгож, найман жил хэрүүлийн алим шидсэн улс төрийн томоохон зүтгэлтэн тоглоомноос гарсан тул хүссэн, хүсээгүй түүний үр дагавар арилж  эв түнжин эвэлж эхэллээ. 
Монгол хүн эсэргүүцэж бус, аядаж дийлдэг уужим ухаантай. Эхэндээ бие биендээ хатуу ширүүн үг чулуудаж, төдөлгүй хэн хэнийх нь үнэ цэнийг таньж мэдрүүлээд өгдөг парламентат ёсны олон ургальч шинж, цэц булаалдсан  мэтгэлцээн, улс төрийн ширүүн тэмцэл УИХ-д хэдэнтэй сонгогдсон У.Хүрэлсүхэд яахын аргагүй буйр суурь суулгажээ. Гуч орчим жилийн улс төрийн тэмцлийн үр дүн хурц шазруун ааш араншинтай залуу улс төрчийг хүлээц тэвчээртэй, хат  суусан, зоримог тууштай удирдагч болгон төлөвшүүлжээ. Хариуцлагаас айж шантардаггүй намын дарга У.Хүрэлсүхийг ямар удирдагч болсныг түүний ажил үйлсийнх нь цар хүрээ, гаргаж буй шийдвэр, хүрсэн үр дүн хэнээр ч хэлүүлтгүй харуулах биз ээ.
 
Доктор /PhD/, профессор Д.БАТМӨНХ