sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ техник, технологи хурдацтай хөгжиж буй энэ цаг үед Монгол Улс дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах гол үндэс нь ирээдүйд эх орныхоо хөгжлийг түүчээлэгч, өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх явдал гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” Үндэсний зөвлөгөөнд ирүүлсэн илгээлтэд дурьджээ.
Монгол Улсын хөгжлийн хөдөлгөгч хүч болох мэргэжлийн боловсролын салбарыг хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах зорилго бүхий энэхүү Үндэсний зөвлөгөөн өчигдөр буюу энэ сарын 18-нд Налайх дүүрэгт эхэлсэн бөгөөд өнөөдөр Төрийн ордонд үргэлжилж байна.
“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д Монгол улс  2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд багтаж, эдийн засгийн олон тулгууртай, дундаж болон чинээлэг давхарга давамгайлсан, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан улс болох зорилт тавьсан. Энэ зорилтод хүрэхийн тулд мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт анхаарал хандуулж, боловсролтой, чадварлаг, төлөвшсөн ажилтныг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцолсон байна.
Мөн тэрбээр мэргэжлийн боловсролын салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөгжүүлэх хэд хэдэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзсэн байна. Тухайлбал, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэх санхүүгийн болон эрх зүйн тааламжтай орчин бүрдүүлэх, Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, залуучуудын хөгжлийг дэмжих, багш ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэж, цалин урамшууллын зөв, оновчтой механизм хэрэгжүүлэх, оюутан суралцагчдын сурлагын амжилт, голч дүнд нийцүүлэн тэтгэлэг олгох зэргийг дурьджээ.
 
2018 онд улсын хэмжээнд 85 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 35.8 мянган оюутан залуус суралцаж байна. Сүүлийн 3 жилийн статистик мэдээллээс харахад дунджаар  жил бүр 19.5 мянга орчим  төгсөгчдийн  46-55 хувь нь ажлын байранд шууд зуучлагдаж, 8-10 хувь нь их, дээд сургуульд шатлан суралцдаг аж.
Мөн үеэр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Штефан Дуппел, “Манай улсын эдийн засгийн түлхүүр нь онол, практект тулгуурласан мэргэжлийн боловсролын сургалт юм. Дэлхийн хамгийн том машин үйлдвэрлэгч компаниудын нэг болох "Фольксваген"-ы Ерөнхий захирлын албыг саяханыг хүртэл хашиж байсан Маттиас Мюллер өөрийн мэргэжлийн ажлаа сэлбэгийн үйлдвэрийн ажилтнаар эхлүүлсэн түүхтэй. Мөн “Дойче” банкны ерөнхий захирлаар ажиллаж байсан нэгэн эрхэм тус банкны салбарт мэргэжлийн боловсролын дадлага хийж байсан. Мэргэжлийн боловсролыг өндөр ур чадвартайгаар эзэмшиж чадвал цаашдаа хөгжих, дэвших боломж үргэлж нээлттэй гэдгийг эндээс харж болно. Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх олон салбарт мэргэжилтэй ажилтан нийлүүлэх шаардлагатай. Монгол Улс мэргэжлийн боловсролын салбараа хөгжүүлэхийн тулд бусад оронтой хамтран ажиллах хэрэгтэй. Энэ чиглэлд ХБНГУ-тай хамтран ажиллах бүрэн боломжтой” хэмээв.
Зөвлөлгөөн үргэлжилж байна. Мөн энэ хүрээнд Сүхбаатарын талбайд мэргэжлийн боловсрол эзэмшиж буй хүүхэд, залуучуудын бүтээлийн үзэсгэлэн, суралцагчдын ур чадварын үзүүлэх тоглолт, МСҮТ-үүдийн танилцуулгыг олон нийтэд хүргэх “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг болж байна.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг