sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
 
Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд өмнө авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний  үргэлжлэл болгон орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний  тухай хуульд өөрчлөлтийг оруулсан хуулийн төслийг боловсруулж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн өнгөрөгч тавдугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн. Төслөөр орон нутагт мэргэжлийн байгууллагын удирлагыг томилохдоо дээд шатны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга нь томилж байх зарчмын өөрчлөлтүүдийг тусгасан.  
 
Хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарим гишүүд асуулт асууж, тайлбар авсан юм. Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин гишүүдийн асуултад хариулахдаа, "Цаг уурын байгууллагын онцлогийн заримаас дурдвал 137 суманд 5 хүнтэй цаг уурын өртөө, 183 суманд нэг хүнтэй цаг уурын харуул ажилладаг бөгөөд эдгээрийн үйл ажиллагааны стандарт, тоног төхөөрөмж нь Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүн бусад орны түвшинд ажилладаг" гэсэн бол БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Бусад орны энэ төрлийн байгууллагын тогтолцоо нь босоо байдаг ба манай улс 94 жилийн түүхтэй тус байгууллагын тогтолцоо 1990-ээд оны сүүлээс 2001 он хүртэл хэвтээ тогтолцоотой байсан. Энэ байгууллагын бэлтгэж буй мэдээ, мэдээлэл зөвхөн Монгол орны цаг агаарын талаар биш, бүс нутгийн хэмжээний мэдээ, мэдээлэлтэй уялддаг, мөн тус байгууллагын мэдээ мэдээлэл дээр тулгуурлан улс орны хэмжээнд мал аж ахуй, хөдөө аж ахуй, онцгой байдлын үйл ажиллагаа явагддаг" гэлээ. 
 
Ингээд зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан, төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
 
Н.Туяа
 
Эх сурвалж: "Монцаме"