Яг сарын өмнөх үйл явдал. БНХАУ-ын Чиндао хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVIII өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон. Энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Бид бүс нутгийнхаа интеграцаас хойш суучихаад эдийн засгаа хөгжүүлнэ гэж байхгүй” гэсэн ярилцлага өгч олон нийтэд хүргэсэн. Тэрээр ингэж ярьсан.
 
Анх байгуулсан зорилго сүүлийн жилүүдэд нэлээд өөрчлөгдөж байгаа. Үүнийгээ ч дүрэмдээ тусгасан. БНЭУ, Пакистан хоёр элссэнээр дэлхий дээр байгаа бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын хамгийн том нь ШХАБ боллоо гэж өөрсдөө зарлаж байна билээ. “БНЭУ 1.3 тэрбум, Пакистан 200 сая, нийт 1.5 тэрбум хүнээр манай байгууллагын хүн ам нэмэгдлээ. Дэлхийн хүн амын тал, улс орнуудын ДНБ-ий нийт дүнгийн 25 хувийг ШХАБ-ын гишүүн улсууд бүрдүүлж байна” гэсэн.
Монгол Улсын бодлого бас өөрчлөгдөж байна. ШХАБ-д элсье гэдэг дээр Ерөнхийлөгч Засгийн газартай санал нэг байгаа. “ШХАБ-д элсэх нь зөв юм байна. Бүс нутгийнхаа интеграцад орж, манайхыг тойроод байгаа дэд бүтцийг өөрийнхөө нутгаар явуулах нь зүйтэй” гэж үзэж буйгаа ч илэрхийлсэн. Ингэж байж л манай бараа бүтээгдэхүүн хямд өртөгтэйгөөр зах зээлд гарах боломжтой. Эхлээд манай орныг тойрсон гурван тэрбум хүнд, түүний дараа далайн эрэг хүрч, үлдсэн дөрвөн тэрбум хүнд ойртох боломж нээгдэнэ.
“Танай улс дэндүү удаан ажиглагчаар явж байна шүү. Хамгийн анхны ажиглагч. 14 жил боллоо. Одоо шийдвэрээ гарга. Энэ бол цэвэр танай дотоод ажил. Жинхэнэ гишүүн болвол ийм боломж байна, өөрсдөө шийдэцгээ” гэсэн. Энэ бол ньюанстай үг шүү. Мэдээж “Танайх заавал элс. Элсэхгүй бол бид хийхгүй” гэж хэлэхгүй. Гэхдээ яагаад өдий хүртэл ажил яваагүйг бод доо. 
Ерөнхийлөгч “Элссэнээр бидний хожих нь их юм байна. Сөрөг зүйл мэдээж бий л байх. Түүнийгээ тооцох ёстой. Өгөх гэж байгаа, авах гэж буйгаа тооцох юм бол элсэх нь зүйтэй” гэсэн. Ер нь “Элсэж магадгүй шүү, бид дотооддоо хэлэлцүүлэг өрнүүлж байна” гэхээр гурван улсын хэлэлцээрт дурдагдсан 32 ажил эхлэхээр боллоо шүү дээ.
Их газрын дундах арал шиг ингээд л байгаад байх уу гэдэг бодол аль альд нь л байна шүү дээ. Өргөдлөө өгчихөөд элсэж амжаагүй, саяын уулзалтын үеэр үг хэлэхдээ “Манайх өргөдлөө өгөөд удаж байгаа шүү” гэж сануулж байгаа улсууд ч байна. Харин хоёр хөршийн Төрийн тэргүүнүүд “Танайхыг өргөдлөө өгвөл бид хурдан элсүүлнэ шүү. Яагаад гэвэл танай нутгаар явах дэд бүтцийн ажил хүлээгдэж байна” гэж байна билээ. Гацсан эдийн засгаа урагшлуулъя, махаа заръя. Манайхаар дэд бүтэц дайрахад ажлын байр бий болно. Ядаж л газраараа дамжуулсан төлбөрөө аваад сууна. Ингэж дэлхийн хэмжээнд биш юм гэхэд бүс нутгийн хэмжээнд сэтгэхгүй бол бид 1.5 сая хавтгай дөрвөлжин км газартаа яаж ч тонгочсон уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр зардаг юмгүй хэвээр л байх нь. 
Бид бүс нутгийнхаа интеграцаас хойш суучихаад эдийн засгаа хөгжүүлнэ гэж байхгүй. Ямар ч бизнесмэнээс асуухад Монголын зах зээл жижигдээд байна гэж хэлдэг. Ядаж л жил бүр гардаг 10 сая арьс ширээрээ гурван тэрбум хүнд зориулж гутал хийвэл жинхэнэ дэлхийн хэмжээний компани болно.
Юун дээр тохиролцох гээд байна вэ гэвэл, хилээрээ хууль бус зүйл оруулахгүй, экстремизм, терроризм, сепаратизмтай хамтарч тэмцэнэ, дэд бүтцээрээ бүгдээрээ холбогдъё, худалдаанд тулгарч буй саад бэрхшээлээ арилгая, татваргүй болъё, аль ч улсын машин нөгөөдөө чөлөөтэй зорчъё, бараагаа нэг улсад нь шалгасан бол нөгөөд нь давхар шалгахаа больё гэж байгаа. Сүүлийн таван жилд ШХАБ эдийн засгийн чиглэлд илүү анхаардаг болсон.
 
Ноён З.Энхболдын дээр ярьсан дээр би өөрийн тайлбараа хэлхэн буулгана. 
 
Хятадын зүгээс санаачлан түлхэж буй зарим алхмуудыг Си дарга Чиндаод дурдсан. Үүнд ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын   худалдааг хялбарчлах хамтарсан мэдэгдэл, ирэх гурван жилд ШХАБ-ын орнуудад хууль сахиулах байгууллагын 2000 ажилтан, 3000 хүн хүний нөөц бэлтгэж өгөх санал, ШХАБ-ын бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны туршилтын төв Чиндао хотод байгуулах, “БНХАУ-ШХАБ-ын хуулийн үйлчилгээний комисс” байгуулах, ШХАБ-ын Банкны нэгдсэн цогцын хүрээнд 30 тэрбум юаньтай тэнцэх тусгай зээл өгөх, мөн бусад гишүүддээ цаг уурын мэдээллийн үйлчилгээ үзүүлэх зэргийг нэрлэж болно. Үүнийг манай төр анхааралдаа авсан нь мэдээж.
Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн нэгэн мэдэгдэлд инноваци, зохицуулалт, ногоон, нээлттэй хөгжлийн үзэл баримтлалыг санаачлах, гишүүн орнуудад хөгжлийн сайн сайхан гадаад орчин бий болгох,хөгжлийн үндэсний стратегиудаа уялдуулж, хамтын хөгжлийн хөдөлгөгч хүч бий болгох, ялангуяа “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулах, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг бүхэлд нь дээшлүүлэх, ерөөсөө ШХАБ-ын хөгжлийг бүх талаар төлөвлөн, тодорхой чиглэл, замын зураг төлөвлөгөө гаргах тухай заасныг бид анхаарлынхаа төвд байлгах хэрэгтэй.
Хятадын Худалдааны яамны  төлөөлөгч Гао Фэн ШХАБ-ын бүтээн байгуулалтын талаар шинэхэн мэдээлэл түгээжээ. Чиндаогийн  саммит эдийн засаг, худалдааны салбарт хүмүүсийн сэтгэлд хүрсэн, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ  түвшинд гаргахаар, бүс нутгийн ард түмэнд илүү их үр өгөөж хүртээх уулзалт болно гэж тэрээр ярьсан ба ШХАБ шинэ гишүүдээрээ бүл нэмсний дараа болж буй анхны дээд хэмжээний уулзалт учраас эдийн засаг, худалдааны салбарт дараахи зорилт тавина гэжээ: 
Нийтлэг  ойлголтоо төвлөрүүлж, дуу хоолойгоо нэгтгэнэ. “Шанхайн үзэл санаа”-г хөгжүүлнэ. Хамтын хөгжил дэвшлийг эрэлхийлнэ. Дэлхийн засаглал, олон талт худалдааны механизмыг буй болгохын чухлыг онцолно; 
Эрч хүчээ төвлөрүүлнэ. Худалдааг хялбарчлах үйл явцыг дэмжинэ. ШХАБ-ыг үүсгэн байгуулах үед томъёолсон “Гурван шат дараалал”-тай зорилтын дагуу худалдааг хялбарчлах механизм, хууль зүйн үндэс  суурийг төгөлдөржүүлнэ; 
Хамтдаа зураг төсөл хийж, хамтын  ажиллагааг шинэ хүчээр сэлбэнэ. Энэтхэг, Пакистан нэгдэн орсон нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ хүчээр сэлбэлээ. Бичил, жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Үйлчилгээний худалдааг  хөгжүүлнэ, цахим худалдааг гүнзгийрүүлнэ, эдийн засгийн зөвлөхүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрнэ гэжээ.  
Гао Фэний ярьсан дотор манай эдийн засаг-бизнесийн салбарынханд хамааралтай тоо баримт шинээр дурдагдсаныг эшлэбэл: 2017 онд Хятад ба ШХАБ-ын гишүүн орнууд хоорондын худалдааны нийт хэмжээ 217 тэрбум 600 сая ам.долларт хүрчээ. 2016 оны мөн үеэс 19 хувиар нэмэгджээ. Үүнд Хятадын талын экспорт, импортын аль аль нь үлэмж нэмэгджээ. 2018 оны эхний улиралд  Хятадаас ШХАБ-ын гишүүн орнуудтай хийсэн худалдааны хэмжээ 20 хувиар нэмэгдсэн дүн гарчээ. ШХАБ-ын гишүүн орнуудын хоорондын олон улсын зам тээврийг хялбарчлах хэлэлцээр хүчинтэй болжээ. Хятад-Кыргызстан-Узбекстаны чиглэлийн авто зам ашиглалтад оржээ. Хятад-Төв Азийн байгалийн хийн хоолой, Хятад-Казахстан, Хятад-Оросын нефтийн хоолойн шугамыг байгуулж дуусч байна. Хятад-Европ чиглэлийн галт тэрэг байнгын үр ашигтай ажиллаж байна. ШХАБ-ын бүс нутагт авто зам, төмөр замын холбоо, нефть, байгалийн хийн хоолой зэргийг хамарсан дэд бүтцийн анхан шатны ажлыг мөд дуусгах чигтэй гэжээ.
Хятад ийм бодит бүтээн байгуулалтаа эхлүүлчихээд түүнийгээ ШХАБ-ын хүрээний ажил хэмээн ШХАБ-ын нэр хүндийг өөд татах зорилгоор сурталдаж байгаа бол Иран гэж эдийн засаг ярьдаг бас нэг “нөхөр” гараад иржээ. Харилцан бие биенээ нөхөх зарчим дээр ШХАБ-ыг төлөвшүүлэх байр сууриа энэ байгууллагын ажиглагч Иран илэрхийлдэг. Аюулгүй байдал, эрчим хүч гэсэн хоёр асуудал дээр төвлөрч ажиллана гэсэн зорилготой. Энэ тухай Ираны Холбоо, мэдээллийн технологийн сайд Махмуд Ваэзи Петербургийн олон улсын форумын «ШХАБ ба Их Евразийн түншлэл төлөвших хэтийн төлөв» гэх салбар хуралдаан дээр 2017 онд зарлаж байсан.Иран нь ШХАБ-ыг 4 чиглэлээр харж байна: 1) Аюулгүй байдал, тогтвортой байдал. Бүс нутагтаа энх тайван, тогтвортой байдлыг бид хангасан байх нь нэн чухал; 2)«Эдийн засаг ба зах зээл» гэх нэг чиглэл буй; 3) Тээвэр. Иран бол Торгоны замын нэг хэсэг бөгөөд одоо «Умард-Өмнөд» коридорын нэг хэсэг; 4) Эрчим хүч. Иран нь нефть, хийн салбарыг онцгой анхаарна гэжээ. Энэ дөрөв дээрээ тулгуурлан Иран нь ШХАБ-тай харилцан нөхөх замаар хамтран ажиллах ба ШХАБ-ын дотоодод эв нэгдэл маш чухал, харилцан ажиллагаа нь улам “их том” байхыг Иран хүснэ, энэ бол сайн гарц, түүний төлөө чармайх хэрэгтэй ажээ.
ШХАБ-ын хоёр том даргаас ийм дэмжлэг авсан, ОХУ дэмжиж буй нь илт болсон учир Иран нь 2017, 2018 онд хоёр жил дараалан ээлжээ хүлээжээ. Энэ сацуу ЕАЭС-тай чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээр байгуулж, тэгснээрээ лалын бүгд найрамдах энэ улс «Евразийн эргүүлэг»-т ойртох ёстой хэмээн тооцоолсон. Нөгөө талаас Ираныг ЕАЭС-д элсүүлэх санал санаачилгаа гишүүн орнууд нь өөрсдөө илэрхийлсэн, тэр нь эдийн засгийн гэхээсээгеополитикийн өнцгөөс яригдах, хэрэв тэгж авч үзэх аваас Иран нь ЕАЭС-ийн төдийгүй ШХАБ-ын гишүүн байх учиртай. ЕАЭС-ийн гишүүд нь хуучин Зөвлөлтийн орон зайд СССР сэргэхээс сэргийлж, аль болох хуучин зөвлөлтийн биш орнуудаар эгнээгээ тэлэх хүсэлтэй, түүнд Иран бэлээхэн түнш гэж харагджээ.
Чиндаогийн форумын баримт бичгүүд дотроос ердөө хоёр улс дээр жишээ татаж баримт түшлээ. Энд бичсэнийг яг ШХАБ-ын хүрээний нэгдсэн интеграцын нэг хэсэг хэмээн хүлээн авах эсэх нь уншигчдын тааллаар болох асуудал. Тэгж итгэж монголчууд бид бүтээн байгуулалтаа өрнүүлж, түүхий эдийн экспорт түшсэн болхи эдийн засгаа өөр татвал сайн хэрэг, тэгээсэй ч гэж хүсэх байна.
Хятадын “Торгоны зам” дагуухи их бүтээн байгуулалтын нэг хэсэг, гол төлөв хоёр талын хамтын ажиллагаагаар, Хятадын санаачилга, хөрөнгөөр босч буй төслийн ажлуудыг шууд ШХАБ-ынх хэмээн хүлээн авах нь арай эртдэх биз. ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газрыг эс тооцвол худалдаа-эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын тусдаа нэгж ШХАБ-д одоогоор алга, бий болоосой хэмээн хүсэн ерөөе. ШХАБ-ын дээд түвшинд ОХУ шал өмнөө зүйл ярьж хэлж тулгаж уриалж буй (аюулгүй байдал ба геополитик–яг жинхэнээрээ бол геостратегийн интеграц) тохиолдолд ШХАБ-ын интеграц гэлтгүйгээр Хятадын хөгжлийн хурдан галт тэргэнд яаралтай сууж урагшлахаа бодох нь зөв болов уу. 
 
Д.Баярхүү
 
baabar.mn сайтаас  зохиогчийн зөвшөөрлөөр авч нийтлэв