sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улс байгуулагдсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна.Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
 
 
Номын худалдаа эрхлэгч Ч.Эрдэнэбаяр: Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 5 дахь жилдээ ном борлуулж байна. Ихэвчлэн Монголын түүх, соёл уламжлалтай холбоотой хуучны  болон гадаад хэлээр орчуулагдсан номыг борлуулдаг. Гадаадын жуулчид ч их сонирхож үздэг. Үүгээрээ дамжуулан эх орныхоо ёс заншил, өв уламжлалыг сурталчлах иргэний үүргээ гүйцэтгэж байна даа.
 
 
Номын худалдаа эрхлэгч Ч.Амаржаргал: Ном борлуулах ажлыг эхлүүлээд 10 жил болж байгаа. “Ном бол дэлхий ертөнцийг харах цонх” гэдэг.  Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ элдэв хэврэг тоглоом авч өгөхийн оронд ном авч өгч байвал оюуны боловсролд нь хэрэгтэй. Хуучны номнуудад ямар ч үг, үсгийн алдаа байдаггүй. Орчин үед үг үсгийн болоод найруулга зүйн алдаатай ном их гарах болсон. Мөн залуус, хүүхдүүд ч цахим орчинд дүрмийн алдаатай бичих болжээ. Гадаадын жуулчид ихэвчлэн уйгаржин Монгол бичгээр бичсэн ном сонирхдог. “Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян Монгол баян”. Тиймээс үг үсгийн алдаагүй бичиж, үндэснийхээ бичиг соёлыг хамгаалж үлдэхийн төлөө энэхүү ажлыг хийдэг дээ. 
Иргэн Ж.Нарангэрэл: Орчин цагийн хүүхдүүд ном уншихаа больжээ. Ном унших тусам хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлж, ухаан бодлыг нь тэлдэг. Тухайлбал “Онцгой эрх”, “Манан будан”, “Минжийн хангай”, “Цаг төрийн үймээн” гэх мэт олон сайхан ном бий. Хүүхдүүдийг эх оронч үзлээр  зөв төлөвшилтэй хүн болж  хүмүүжихэд  Монголын түүх, соёлтой холбоотой ном нэн тустай. Үндэсний их баяр наадмын үеэр хуучны ном борлуулж байгаад туйлын баяртай байна.
 
 
Шог зураач А.Бат-Эрдэнэ: “ 35 жил шог зураг зурж байна. Олон жил баяр наадмаар ард түмнийхээ хөргийг зурсан. Шог зураг бол “хөвөнд боосон чулуу” шиг  болохгүй зүйлийг алиа хошиноор харуулж, ухааруулдаг урлаг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг баясгаж бас ухааруулдаг. Баяр наадмын үеэр ихэнх иргэд хуушуур идчихээд л буцдаг. Мөнгө төлөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд орох боломжтой хүн цөөхөн. Орсон ч багтаамж багатай. Тиймээс цэнгэлдэхийн гадна олон нийтэд зориулсан том дэлгэц байрлуулж, асар барьвал олон түмэнд тустай санагдсан шүү. Дараа дараагийн баяр наадамд үүнийг анхаарах хэрэгтэй санагддаг. Монголын наадам бүх нийтийн наадам байгаасай гэж бодох юм.
 
 
Уран бичээч Ш.Гэрэлсайхан: Аливаа бичиг соёл бол тухайн улс орны нүүр царай. “Эрдмийн дээж” болсон уран бичлэгийг Үндэсний баяр наадмаараа Монгол түмэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Наадамчин олон маань уламжлалт бичиг соёлоо хүндэтгэдэг мэддэг болсон нь анзаарагдаж байна. Хүмүүс ураг удам, нэр алдраа  их бичүүлж авч байна. 
 
 
Өмнөд Африкийн иргэн Грант Хилбэрт: Би аяласан улс орон бүрээсээ үндэсний уламжлал шингэсэн бугуйвч худалдаж авдаг. Одоогоор Мадгаскар, Зимбабве, Гана, Өмнөд Африк, зэрэг улын бугуйвч бий. Энэ удаад Монголоос бугуйвч авлаа. Би Монголд анх удаагаа ирж үндэсний баяр наадам үзэж байна. Бөх маш их таалагдлаа. Монгол өнө эртний түүхтэй хэдий ч би төдийлөн сайн мэдэхгүй. Энэ удаагийн аяллаар Монголын тухай мэдлэгээ тэллээ. 
 
 
Монгол үндэсний хувцасны “Эгшиг цэцэг” дэлгүүрийн борлуулалтын менежер Э.Уянга: Манай дэлгүүр 6 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Баяр наадмын үеэр бол 4 дэх жилдээ бүтээгдэхүүнээ дэлгэж байна. Сүүлийн жилүүдэд залуус үндэсний дээл хувцсаараа  гоёх болсон нь талархууштай. Наадам, Цагаан сар, Хурим найр гээд үндэсний хувцасны хэрэглээ нэмэгдэж байна.
Гадаадын жуулчид тэр дундаа эрэгтэйчүүд нь Монгол хувцас ихээхэн сонирхож, худалдаж авдаг. Наадам, Цагаан сараар үндэсний хувцасны үнэ өсдөг гэсэн ташаа ойлголт байдаг. Тийм биш шүү. Манай дэлгүүр л гэхэд 180-250 мянган төгрөгийн үнэтэй дээл, монгол цамцаа 150 мянга болгон хямдруулан борлуулж байна. 
 
Б.Содгэрэл
Эх сурвалж: Монцамэ агентлаг