sonin.mn
Хүний нийгэмд хөрөнгө хуримтлуулан баяжих үйл явц хэрхэн өрнөдөг болохыг Италийн Катанийн их сургуулийн судлаачид математик загварчлалаар үзүүлжээ. Эл судалгаагаар, хамгийн авьяаслаг чадвартай хүмүүс бус харин авьяас чадлын хувьддундаж хүмүүст л нийгмийн баялгийн ихэнх нь ногддог нь тодорхой болсон байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн харилцааны явцад авьяас чадварын хувьд дундаж хүмүүст илүүтэй аз тохиодог болой.
Нийгмийн баялаг өсөн нэмэгдэх үйл явцыг судлахын тулд Италийн эрдэмтэд “агентын загварчлал” гэдэг аргыг ашиглажээ. Нийтдээ эдийн засгийн 1000 гаруй агентуудын /хүмүүсийн/ “төрх байдал”-ыг загварчилсан бөгөөд тэд бүгд л тодорхой түвшинд авьяас чадвартай хүмүүс байв.
Авьяас чадварын үзүүлэлтүүд нь ч тэдний хувьд жигд хуваарилагдсан байж. Тодруулж хэлбэл, судалгаанд оролцогчдын 67 хувь нь дундаж чадвартай хүмүүс байсан бол бусад нь маш авьяаслаг эсвэл огт авьяасгүй хүмүүс байжээ. Авьяас чадварын үзүүлэлт ийм байдлаар хуваарилагдсан нь оюуны чадавхийн хуваарилалтын талаарх орчин цагийн ойлголтод бүрэн тохирч байгааг судлаачид онцоллоо.
Загварчлал дахь агентууд буюу хүмүүс нь мөн чанараараа хөдөлгөөнгүй байдалд орших ба ингэхдээ “хөдөлгөөнт” үйл явдлуудтай холбогдоно. Зарим үйл явдлууд буюу “ногоон” өнгийн үйл явдлууд нь тэдгээртэй тулгарсан тухайн хүний /агент/ хөрөнгө чинээг нэмэгдүүлж байсан бол харин “улаан” өнгийн үйл явдлууд нь агентуудыг дампууран хоосроход хүргэж байжээ. Онолоор бол, таатай болон таагүй үйл явдлуудтай учрах магадлалын хуваарилалт нь адил жигд байх ёстой. Бодит амьдрал дээр, загварчлал оршин буй хязгаарлагдмал цаг хугацааны дотор л ийм зүйл болдог.
Гэхдээ туршилтыг явуулах үед агентуудын тоо, тэдний оршин байх цаг хугацаа, үйл явдал өрнөх цаг хугацаа /бодит амьдрал дээрхтэй адил/ хязгаарлагдмал байжээ. Ийм учраас заримд нь азтай үйл явдал хэт олон удаа тохиолдож,заримд нь бүтэлгүйтэл дэндүү олон тохиосон байж магадгүй.
Ингээд туршилт явуулсан цаг хугацаанд /загварчилсан хийсвэр байдлаар 40 жил/ загварчлалын доторх нийт хөрөнгө баялгийн 80 хувь нь агентуудын 20 хувийнх нь гарт хуримтлагдаж, үлдсэн 20 хувийг нь агентуудын 80 хувь нь эзэмших болсон байна. Туршилтыг явуулсан эрдэмтдийн үзэж байгаагаар, энэ нь өнөөгийн дэлхий ертөнцөд явагдаж буй баялгийн хуваарилалтын бодит байдалтай тохирч байгаа гэнэ. Гэхдээ “алтан тэрбум”-ын орнууд дахь /баян чинээлэг улсууд/хөрөнгө баялгийн хуваарилалт дээрхтэй дүйцэж байгаа бол “гуравдагч ертөнц”-ийн хөгжиж буй улс орнуудад баялгын хуваарилалт бага зэргийн түвшинд жигд бус байгаа аж.
Туршилтын явцад тодорхой болсон хамгийн сонирхолтой зүйл гэвэл, бизнесийн тал дээр авьяас чадвар хамгийн сайтай хүмүүсээс хэн нь ч хамгийн баян 20 хувийн дотор багтаагүй байна. Үүний сацуу “хэт баячууд”-ын авьяас чадвар нь дунджаас ялигүй дээгүүр байсан гэнэ.
Үүнээс үүдэн судлаачид хэд хэдэн прагматик дүгнэлтийг хийжээ.Тухайлбал, өмнө нь амжилт бүтээл гаргаж байсныг нь харгалзан үзсэний үндсэн дээр тухайн эрдэмтдэд санхүүжилт олгож байгаа нь зарим тохиолдолд буруу шийдвэр аж.Өнөөгийн бодит байдлыг харвал, тухайн эрдэм шинжилгээний ажилтны бичсэн бүтээлээс хэр олон удаа иш татаж байгааг нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд тэтгэлэг олгож байгаа билээ.
Гэтэл туршилтын дүнг үзвэл, эрдэмтдийн гаргаж байсан өмнөх амжилтууд болон бүтээлүүдээс нь хэр олон удаа иш татсан бэ гэдгээс үл хамааран тэтгэлгийг жигд хуваарилан олгох нь илүү үр дүнтэй ажгуу. Үүнтэй адилаар, одоогоор хамгийн ашигтай ажиллаж буй компанид хөрөнгө оруулах нь төдийлөн оновчтой бус шийдвэр бөгөөд учир нь,зах зээлийн тухайн салбарын хөгжлийн дараагийн үе шатанд тухайн компанийг “аз хийморь” ивээхгүй байх магадлалтай.
 
Орчуулсан Б.Адъяахүү
Эх сурвалж: Монцамэ агентлаг https://weekend.rambler.ru/read/39348525-matematiki-bogachami-stanovyatsya-tolko-iz-za-udachi/