sonin.mn
МАХН-ын ээлжит бус Их чуулган энэ сарын 7-нд  болсон. 1014 гишүүний бүрэлдэхүүнтэй  хуралдсан чуулганаар намын дүрэм, мөрийн  хөтөлбөрийг шинэчлэн баталсан юм. Тэгвэл өчигдөр МАХН-ын зарим удирдлага шинэчлэн баталсан  намын дүрэм, мөрийн хөтөлбөрөө батлуулахаар Улсын дээд шүүхэд  хандлаа.  Энэ үеэр МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар,  С.Ганбаатар,  Гүйцэтгэх товчооны гишүүн, өмгөөлөгч, доктор Л.Мөнхсайхан,  Хяналт, ёс зүйн хорооны дарга Ч.Давааням нарын байр суурийг сонслоо.
 
Ц.Оюунбаатар: НАМЫН ДҮРЭМ, МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛЭЭ ӨНДӨР ХЭМЖЭЭНД БОЛОВСРУУЛСАН
 
-2018 оны долдугаар сарын 16-ны энэ өдөр манай нам ээлжит бус Их чуулганаас баталсан намын мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын Дээд  шүүхэд хүлээлгэн өгч байна. Бид яг 10 хоногийн өмнө Их чуулганаа амжилттай  зохион байгууллаа.  Хуулийн хугацаандаа багтаан бичиг баримтаа хүлээлгэж өглөө.  Манай нам  хүний  эрхийг дээдлэх, байгалийн баялгаа Монгол хүн бүрт хүртээх энэ зарчмыг дээдлэн ажиллах болно.  Намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлт нь үг үсэг, утга найруулгын алдаагүй, өндөр хэмжээнд боловсруулсан гэдгийг тэмдэглэн хэлмээр байна.  Улс төрийн захиалгатайгаар намын үйл ажиллагааг саатуулах ийм асуудал дахин гарахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.  Мөн сүүлийн үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хэнтий  аймгийн нөхөн сонгуультай  холбоотойгоор янз бүрийн мэдээлэл тарааж байна. Энэ бол МАХН-ыг төлөөлж байгаа хэрэг огт биш юм. О.Баасанхүү өөрийгөө намын даргаар сонгож, хэдэн хүний  цуглаан хийж олон нийтийн өмнө эвгүй байдалд орж байсан.  Одоо дахин ийм захиалгатай зүйл ярьж хэлж байгаа бол мэдээж олон нийт жигшиж хүлээж авах нь тодорхой юм.  Манай нам Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд идэвхтэй оролцоно. Нэр дэвшигчээ  хуулийн хугацаандаа намынхаа дүрмийн дагуу тодруулна.  О.Баасанхүү бол нам төлөөлөх хүн биш юм.
 
С.Ганбаатар:  ДЭЭД ШҮҮХ МАХН-ЫН ШИНЭЧИЛСЭН ДҮРМИЙГ БҮРТГЭХ ЁСТОЙ
 
-Цайлган цагаан сэтгэлтэй Монголын ард түмний итгэл найдварыг ашиглаж, МАН болон АН-ууд ээлжлэн төр барьснаар Монгол орныг хямралд оруулсан. Энэ байдлыг бид таслан зогсоож, улс орноо хөгжүүлнэ. Харин эрх баригчид Оюутолгой, Тавантолгойг  луйвардан авсандаа амтшиж, биднийг элдвээр хааж, боогдуулахыг хүсч байгаа. Тэд захиалгат шүүгч нартаа итгэж байгаа бол бид Монголын ард түмэнд итгэж байна. Бид Монголын сайн сайхны төлөө ихийг хийнэ. Энэ удаад Дээд шүүх МАХН-ын шинэчилсэн дүрмийг бүртгэх ёстой. Монголын ард түмэн үүнийг хүлээж байгаа.
 
Л.Мөнхсайхан: ДЭЭД ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭДЭГТ САНАЛ НЭГДСЭН
 
-МАХН-ын ээлжит бус Их чуулганаар дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчлэн батлахын зэрэгцээ намын даргаа улираан сонгосон.  Улсын Дээд шүүхийн үйл ажиллагаанд бид нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа.  Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын дүрэм, мөрийн хөтөлбөр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Дээд шүүх хянаж нягтлах ёстой. Намын дотоод асуудал тэдэнд ямар ч хамаагүй. Гэтэл улс  төрийн зорилгоор  манай намын өмнөх хүсэлтийг ёсоор болгоогүй. Гэсэн ч бид тэдний хүсэлтийг ёсоор болгож, ээлжит бус Их чуулганаа зарлан хуралдууллаа. Энэ  чуулганаар намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг батлахын зэрэгцээ улс орны өмнө тулгамдаж буй зарим асуудлаар мэдэгдэл гаргасан байгаа.   Эрх баригч намууд сонгуулийн амлалтаасаа хэрхэн ухарч байгаа, намуудад хандив  өгөх нэрээр намыг бүлэглэлүүд хэрхэн ашиглаж байна, ард түмний  мэдэлд байх ёстой Оюутолгой болон стратегийн бусад томоохон ордыг хэрхэх талаар мэдэгдэлдээ тусгаад байна. Мөн Монголын улс төр, нийгэмд үүсээд байгаа гаж тогтолцоог засахын тулд Дээд үндсэн хуулийг батлах нь зүйтэй юм  гэдэг дээр байр сууриа нэгтгэсэн.
 
Ч.Давааням: НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН ГИШҮҮНИЙГ ХАСАХ ЗААЛТ ОРУУЛСАН
 
-МАХН-ын шинэ­чилсэн дүрэмд намын бодлого, шийдвэрийн эсрэг үйлдэл гаргасан, гишүүнийхээ үүрэг хариуцлагыг умартсан, сонгуульд өөрийн намаас нэр дэвшсэн хүнтэй зэрэгцэж нэр дэвших, эсрэг ухуулга сурталчилгаа хийх зэрэг зөрчил гаргасан тохиолдолд намаас хасах өөрчлөлт оруулсан.  Ийм заалт бараг бүх улс төрийн намын дүрэмд бий. МАХН-ын гишүүн О.Баасанхүү намынхаа эсрэг бодлого баримталж байгаа учир намын гишүүнээс хасагдах үндэслэлтэй юм. Саяхан болсон намын ээлжит бус Их чуулганд  оролцох урилгыг бид явуулсан. Гэсэн ч ирээгүй. Хэрэв О.Баасанхүү гишүүн алдаагаа ухаарч намаасаа уучлалт хүсвэл бид намын гишүүний байр суурийг нь хэвээр хадгалах болно. Харин энэ байдал цаашид ч даамжирвал бид албан ёсоор намын гишүүний тооноос хасна.
 
Г.Сайнсанаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин