sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын дурсгалыг хүндэтгэх “Бид мартахгүй” өдөрлөг боллоо. Монгол Улсын цагдаагийн байгууллагын хэмжээнд 1960 оноос хойш 70 гаруй алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсанаас 15 нь Замын цагдаагийн алба хаагч байжээ. Тэд ихэвчлэн гэмт хэрэгтэн, согтуу жолооч, зөрчил гаргагчтай тэмцэх үедээ амь насаараа хохирсон аж.
Монголын цагдаагийн байгууллага жил бүр “Бид мартахгүй” өдөрлөгийг зохион байгуулж төр, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алдартнуудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэгдэг юм.  11 дэх жилдээ зохион байгуулж буй уг өдөрлөгт Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, албаны зөвлөлийн гишүүд, 2018 онд тус албанд шинээр томилогдсон алба хаагчид болон амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрийнхэн оролцлоо.  
“Өнөөдөр Монгол Улсын цагдаагийн алба хаагчдын хувьд мартаж боломгүй өнө мөнхөд эргэн санах хүндэтгэлтэй өдөр билээ. Албан үүргээ нэр төртэй биелүүлж, мөр зэрэгцэн алхаж яваад алтан амиа алдсан дайчин гавъяат үйлстнүүдээ  мэргэжил нэгтэй анд нөхөд нь дурсан мэхийн ёсолж байна. Замын цагдаагийн албаны хамт олон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, албаныхаа төлөө алтан амиа зориулсан алдартнуудынхаа ажил, үйлс, хүсэл мөрөөдлийг нь үргэлжүүлэн авч яваа гэдгээ ирэлхийлье” хэмээн Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Д.Ганбат агсны гэргий С.Уранчимэг, “Миний хань цагдаагийн байгууллагад 21 жил ажилласан. Хууль бусаар спирт тээвэрлэж явсныг илрүүлээд зургаан сарын дараа буюу 2001 оны тавдугаар сарын 1-2 нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг дэх постод бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан юм. Тэгэхэд би 4-20 настай найман хүүхэдтэй үлдсэн. Бага хүүхэд маань одоо 21 нас хүрч байна. Улсаас нөхөн олговор болгож нэг удаа гурван сая төгрөг өгч, охиныг маань Цагдаагийн академид урилгаар суралцуулсан” хэмээн ярив.
Замын цагдаагийн албаны Урьдчлан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал  “Цагдаа ажил үүргээ гүйцэтгэхдээ бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалахаас гадна өөрийнхөө аюулгүй байдлыг умартаж болохгүй гэх ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс 2018 онд Замын цагдаагийн албанд шинээр томилогдсон алба хаагчдыг энэхүү өдөрлөгт хамруулж байна. Амь насаа алдсан алба хаагчид ихэвчлэн согтуу жолооч, гэмт хэрэгтэн, зөрчил гаргагчтай тэмцсэнээс өөрсдөө хохирсон байдаг. Тиймээс ганцаараа ажиллаж буй алба хаагчдад анхаарч, тэдэнтэй байнгын харилцаа холбоотой байж, 24 цагийн эргүүл, постуудын шалгалтыг сайжруулан, станцаар болон гар утсаар холбогдох нөхцөлийг нэмэгдүүлснээр бид алба хаагчдаа аюулаас хамгаалж чадна” хэмээв.
Өдөрлөгийн үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагдын баатарлаг гавъяаг өгүүлсэн “Бид мартахгүй” богино хэмжээний баримтат кино үзүүлж, өдөрлөгийн төгсгөлд Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрийнхэнд мөнгө, эд зүйл гардууллаа.
 
Л.Нандиа
Эх сурвалж: Монцамэ агентлаг