sonin.mn
Эдийн засгийг эрчим­жүүлэх нэг хөшүүрэг нь төрийн өмчит компанийг хувьчлах явдал хэмээн үе үеийн Засгийн тэргүүнүүд, танхимын сайдууд нь үзэж байсан. Тодорхой хэсэг нь үр дүнгээ өгч буй зүйл ч бий. Тухайлбал, 2015-2016 онд нэр бүхий компанийг хувьчлах шийдвэр гаргаж “Монгол шуудан” компанийн 34 хувийг хувьчилснаар олон нийт хувьцаа эзэмших эрхтэй болсон. Энэ нь бизнесийг “шилэн” болгох нэг арга гэх нь ч бий. Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиг­лэлийг баталсан. Ингэхдээ “Монголын хөрөнгийн бирж”-ийн тодорхой хэсгийг Лондонгийн хөрөнгийн биржид төлөх өрд тооцон хувьцаагаар солих, үлдсэн хэсгийг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын хөрөнгийн биржээр нээлттэй арилжих аж. Түүнчлэн “Төрийн банк”-ны хувьцааны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн хувийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжихаар тусгажээ. Мөн “Арилжааны төлбөр тооцоо” компанийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг худалдах юм байна. Харин нэр бүхий  авто зам засвар арчлалтын 20 компанийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар төлөвлөжээ. Түүнээс гадна “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Монгол шуудан”, “Хөдөө аж ахуйн бирж”, МИАТ хувьцаат компа­нийн төрийн эзэмш­лийн тодорхой хувийг Хөрөнгийн биржээр арил­жаа­лах юм байна. УИХ дээр хоёр тал болон талцаж хувьчилна, хувьчлахгүй хэмээн маргаж байгаа харагдав. Монголд ардчилсан хувьсгал ялсны дараахан өмч хувьчлал эхэлж,  төрийн өмчит 475 компанийг хувьчилжээ. Тухайн үед олон нийтэд хувьцааны талаарх ойлголт хомс байснаас “завхрал” гарсан хэмээн зарим эксперт дүгнэдэг. Гэхдээ өмч хувьчлалыг ягаан, цэнхэр тасалбараар төсөөлдөг үе ард хоцорсон. Одоо хүмүүсийн дунд хувьцаа, өмч хувьчлалын талаарх мэдээлэл, ойлголт харьцангүй нэмэгдсэн гэж болно. Тиймдээ ч хувьчлалын талаарх мэдээллийг соргогоор тусгаж хөрөнгө оруулалт хийх нь элбэг болсныг өнгөрсөн удаа явуулсан “Монгол шуудан”-гийн хувьчлалаас харж болох юм. Стратегийн ач холбогдол бүхий мега төслүүдээ олон нийтийн эзэмшилд тодорхой хувийг нь шилжүүлэх нь илүү өгөөжтэй гэдгийг судлаа­чид онцолдог. Харин хувьчлалтай холбоотой маргааныг хэрхэн шийдэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Зарим хуульчийн тайлбарлаж буйгаар “Хувьчлалаас өмнө Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нь Засгийн газар давуу эрхээ ашиглан маргааныг шийдвэрлэх боломжийг боомилж буй хэлбэр” гэж байлаа. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохтой ижил гэлцэж байв. Эдийн засаг дахь цусны эргэлтийг сайжруулах нэг алхам нь хувьчлал. Үүнийг хэрхэн зөв хийж, шүүмжлэл, завхрал дагуулахгүй байх нь Засгийн газрын үүрэг. Гэхдээ гарсан алдаа дутагдлыг нь хаана хаяглаж, хэнээр шийдвэрлүүлэх вэ гэдэг нь олон нийтэд эргэлзээ төрүүлсээр байна. Ямартай ч гарц, гаргалгаа олдох биз ээ.
 
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин