sonin.mn
Хятад, АНУ-ын худалдааны дайн ОХУ, БНХАУ хоорондын худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжийг нээж байна хэмээн Дэлхийн худалдааны байгууллагын асуудлыг судлах Хятадын нийгэмлэгийн даргын орлогч, Хятадын худал­дааны яамны судалгааны хүрээлэнгийн захирал асан Хо Зяньго үзэж байна хэмээн “РИА Новости”-гийн мэдээнд дурджээ.
“Бий болсон нөхцөл байдал Орос-Хятадын харилцаанд хэрхэн нөлөөлөх тухай авч үзвэл миний бодлоор өнөөгийн нөхцөл хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдааг эрчимжүүлэх шинэ боломжийг Москва, Бээжинд нээж байна” хэмээн Бүх хятадын сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулсан хэлэл­цүүлгийн үеэр шинжээч мэдэгдэв.
Түүний үзэж байгаагаар Хятад улс хөрш орнуудынхаа хувьд хөдөө аж ахуйн зарим төрлийн барааны гаалийн татварыг бууруулах чиг бодлоготой байгаагаа мэдэгдсэний хүрээнд худалдааг улам илүү сайн идэвхжүүлэх боломж хоёр оронд байгаа ажээ.
“Ийнхүү ОХУ, БНХАУ-ын хамтын ажил­лагааны салбарын хүрээг төрөлжүүлж олон болгохын нэг адил худалдааг ч мөн аажмаар эрчимжүүлж болно” хэмээн Хо Зяньго нэмж өгүүлжээ.
АНУ, Хятадын харилцан нэмэгдүүлсэн гаалийн татвар энэ сарын 6-наас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. АНУ Хятадаас оруулах 818 нэр төрлийн жилийн 34 тэрбум ам.долларын өртөг бүхий бараанд 25 хувийн гаалийн татвар ногдуулсан. Хятад улс яг энэ өдөр хариу арга хэмжээ авч адил хэмжээний америкийн бараанд мөн 25 хувийн татвар тогтоосон.
АНУ-ын эрх баригчид 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд шинээр 10 хувийн нэмэлт гаалийн татвар ног­дуулах бодолтой бай­гаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. АНУ-ын энэ үйлдлийг Хятадын худалдааны яам байж болшгүй хэмээн нэрлэсэн. Бээжин энэ талаар холбогдох гомдлоо дэлхийн худалдааны байгууллагад өргөн мэдүүлсэн билээ.
 
 
Д.Энхээ
Эх сурвалж: “Зууны  мэдээ” сонин