sonin.mn
МАН-ын Хяналтын Хороо намынхаа гишүүдээс ирсэн гомдол саналыг нэгтгэж, 8 сарын 3-нд хуралдан зохих шийдвэр гаргасан билээ. Хурлаар нийт таван асуудал хэлэлцсэний дотор олны анхаарлын төвд байсан "60 тэрбумын бичлэг"-т нэр нь холбогдон, МАН-ын дүрмийг зөрчсөн МАН-ын гишүүн М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг ёсзүйн алдаа гаргасан байна гэж дүгнэж ёсзүйн хариуцлага тооцох ёстой гэсэн тогтоол гаргасан. Ингэхдээ Ц.Сандуйг намын бага хурлын гишүүнээс чөлөөлж, намын гишүүн н.Ганбаатарыг харъяалагдах намын байгууллагад намын гишүүний асуудлыг тавьжээ.
Өчигдөр МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийх үеэрээ уг Хяналтын Ерөнхий Хорооны шийдвэр албан ёсоор намын удирдлагад ирээгүй байна хэмээсэн. Тэгвэл МАН-ын Хяналтын Хороо өнөөдөр уг шийдвэрээ намын ЕНБДарга бөгөөд Удирдах Зөвлөлийн дарга Д.Амарбаясгаланд хүргүүлжээ. Уг шийдвэрийн дагуу бол УИХ-ын дарга М.Энхболдод ёс зүйн хариуцлага тооцох эсэхийг МАН-ын Удирдах Зөвлөл эцэслэн шийдэх аж. УИХ-ын дарга М.Энхболд Хяналтын Хороонд хүргүүлсэн тайлбартаа: "Ц.Сандуй нарын боловсруулсан схемийг танилцуулахыг сонссон ч дэмжээгүй, намын нэр хүндэд сэв суулгасан явдалдаа харамсаж байна" хэмээсэн байна.
П.Мандах