Монгол дахь Турк сургуулийн захирал Вейсэл Акчайг хулгайлахыг оролдсон гэх хэрэг өнгөрсөн сарын сүүлээр гарсан. Тухайн үед түүнийг өглөө гэрээсээ гарахад нь үл таних хүмүүс машинд суулган авч явсан байдаг. Ингэснээр ар гэрийнхэн нь хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, уг асуудлыг олны анхааралд оруулсан. Тухайн үед Вэйсэл Акчайг хулгайлсантай зэрэгцэн Турк улсаас тусгай уүргийн онгоц манай улсад дөрвөн хүнтэй ирсэн бөгөөд буцахдаа тавуулаа буцна гэж мэдэгдсэн нь асуудал дагуулжээ. Ямартай ч манай улс түүнийг гадагш нь явуулалгүй авч үлдсэн. Харин одоо уг асуудал юу болсон талаар Хууль зуй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тайлбар өглөө. Тэрбээр "Одоогоор уг асуудлыг шалгах ажил үргэлжилж байна. Болсон явдал гэвэл, "Өглөө хүн хулгайллаа" гэдэг мэдээллийг би авсан. Прокурорт танилцуулаад хойноос нь цагдаа нар явуулсан. Орой нь хулгайлагдсан хүн нь гэртээ ирсэн гэх мэдээллийг ирүүлсэн. Нарийн шалгалтыг цагдаа, прокурор хийж байна. Бусад нь нарийн төвөгтэй, нууцын зэрэглэлтэй асуудал учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй. Туркийн Элчин сайд шалгаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн байна лээ. Энэ бол тухайн улсын асуудал" гэсэн юм. Харин "Туркийн террорист бүлгэм Монголд үйл ажиллагаа явуулдаг" гэх мэдээллийг тус улсын Гадаад хэргийн сайд өгсөн талаар лавлахад "Туркийн Гадаад хэргийн сайдын хэлсэн үгэнд Монголын ХЗДХ-ийн сайд тайлбар хийдэггүй юм. Өөрийнхөө иргэнд ямар үнэлэлт, дүгнэлт хийх нь тухайн улсын асуудал. Монголын нутаг дээр болсон асуудлыг прокурор цагдаа шалгаж, ажиллагаа цаашид үргэлжлэх нь манай дотоод асуудал" гэлээ.

М.Өлзий 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин