sonin.mn
New media гэж нэрлэгдэх уламжлалт бус мэдээллийн хэрэгсэлүүд буй болсоноор улс төрийн менежмент, сонгуулийн кампанит ажил бүхэлдээ өөрчлөгдөж, сошл сүлжээний нөлөөгөөр мэдээллийн их урсгал сонгогчдыг живүүлэх дөхсөн цаг үед бид амьдарч бас “улс төршиж” байна. Мэргэжлийн судалгааны “Хөгжлийн эрэлд” ХХК-ны хийсэн судалгаагаар дундаж монгол хүн долоо хоногт 282 орчим улс төрийн мэдээллийг авдаг аж. Ийм их мэдээллийн довтолгоонд өртсөн жирийн иргэн мэдээллийг боловсруулах чадвар дутдаг. Аль нам нь зөв зүйл хийгээд байгаан, хэн гэдэг улс төрч нь үнэн яриад байгааг шүүж ойлгох чадвар дутаж мэдээлэлд “төөрсөн” иргэдэд  улс төрөөс залхах хандлага бий болдог төдийгүй эсрэгээрээ популист улс төрчдийг дэмжих нь нэмэгддэг.
Монголын улс төрийн менежмент дэлхийн жишгээс хоцрогдсон ч гэсэн цаг үеэ даган аажмаар өөрчлөгдөж байна. Ялангуяа насанд хүрсэн иргэдийнхээ тооноос давсан гар утас, интэрнэтээр дамжих сошл сүлжээний нөлөөгөөр. Манай улс төрчид олон нийтийн санал бодол, үнэлэмжийг мэдэхдээ сошл сүлжээний хэсэг болох  твиттэр, фэйсбүүкийн хандлагаас мэднэ гэсэн туйлшрал нэгэнт буй болсон. Лидерүүд маань сүхбаатарын талбай дээр 2000 хүн жагсахаас айхаа больж сошиал сүлжээнд 200 хүнд шүүмжлүүлэхээс үхтэлээ айдаг болсон цаг.  Айхаас ч аргагүй юм.
60 тэрбумын гэх алдарт хэрэг чухам сошлын нөлөөгөөр хүчтэй тархаж иргэдийн сонголтонд хоёр сонгууль дамнан нөлөөлсөн байдаг. 60 тэрбум үнэн худал, биелсэн биелээгүй, хууль зөрчсөн эсэхийг  би хэлж мэдэхгүй. Гагцхүү Монголын сонгуулийн кампанит ажлын стратеги Доржзодовоос өмнө Доржзодовоос хойш гэж хоёр хэсэгт ангилагдах хэмжээний өөрчлөлтийг энэ залуугийн хийсэн сошл  акц авчирсан гэдгийг зоригтой хүлээн зөвшөөрөх ёстой. Ингээд 60 тэрбумын гэх хэрэг Монголын улс төр дэх голлох хүчнүүдийн хоорондох тулаанын пр д хэрхэн ашиглагдаж байгааг товч сонирхое. Дахин хэлэхэд 60 тэрбумын хэргийн үнэн эсэхийг тогтоох чадамж надад байхгүй. Би жирийн иргэн. Гагцхүү улс төрийн менежментэд хэрхэн нөлөөлж байгааг мэргэжлийн үүднээс дүгнэж байна.
 
60 ТЭРБУМ БА АН-ЫН ДОВТОЛГОО
 
60 тэрбумын гэх хэрэг уруу довтлох АН-ын довтолгоо 2016 оны парламентийн сонгуулиар эхэлсэн боловч амжилт олоогүй. Шалтгаан нь  жалгын нэг буюу 76 жижиг тойрогт хуваагдсан сонгогчдын хувьд нийтлэг асуудал биш тухайн тойрогт нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн асуудал илүү сонин байв. Харин уг сонгуулийн дараа МАН 65 суудал бүхий үнэмлэхүй олонхын суудал авч М.Энхболд их хурлын дарга, Ц.Сандуй нийслэлийн ИТХ-ын дарга болсон үеэс л энэ асуудал сонгогчддод “сонин” болж эхэлсэн. Жилийн дараа болсон ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийн багийнхан 60 тэрбумыг дахин сэвсэнээр жинхэнэ амжилтыг олсон юм. Одоо энэ сэдвийг 2020 оны сонгуульд ч АН-ынхан ярьсаар орох нь гарцаагүй.
 
60 ТЭРБУМ БА ЭРХ БАРИГЧИДЫН ХАГАРАЛ
 
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын парламентийн гишүүд тэхий дундуураа хоёр хуваагдав. Ялангуяа залуу гишүүдийн хувьд нэг нийтлэг айдас буй болсон нь “60 тэрбумын асуудлаас болж нам ялагдлаа. Ах нарын энэ асуудлаас болж 2020 онд ч бид гудамжинд  гарах нь” гэсэн хуйлрал. Ингээд 60 тэрбум  2020 оны сонгуулийг угтсан  Ардын намын парламентийн  32:32 бүлгийн дотоод зодооны “муна” болов.  МАН-д харагдаж байгаа дотоод хагарал бол нийт намын  гишүүдийн гэхээсээ парламент дахь намын бүлгийн гишүүдийнх нь хагарал юм. 60 тэрбумын гэх хэрэгтэй холбоотой хариуцлага тооцох гэхээр их хурал тарчих гээд байдаг. Тооцохгүй болчихоор 2020 оны сонгуульд нам нь ялагдах гээд байдаг ацан шалаанд орсон намын удирдлага нь өөх ч биш булчирхай ч биш юм бодож олж намын ёс зүйн хороогоороо нэг дүгнэлтэрхүү юм гаргаад явж байна. Уул нь эрх баригч намын хамгийн сайн стратеги бол хүнтэй нь биш асуудалтай нь зодолдох зангараг юм. У.Хүрэлсүх намын дарга боловч их хурлын гишүүн биш шалдан жанжин юм. Бүх шийдвэр их хурлын 65 гишүүн гэсэн тойрог дотор явж байгаа нөхцөлд хамгийн том даргынх нь зүрхэнд нь 60 тэрбумын асуудлаар хутга шаах гэж оролдож буй технологийг хэрэглэж буй мэт. Гэхдээ гишүүдэд ямар лагаа харуулах гэж шидсэн хутга нь хэр үр дүнтэй гэдэг нь бас л эргэлзээтэй. Удахгүй арван сард засаг огцорчихсон байхад гайхах хэрэггүй л болов уу. У.Хүрэлсүх Ерөнхий сайд биш болвол намын даргаа мөн өгч л таарна. Уг нь өдийд эрх баригч намын дарга гарч ирж олон нийтэд байр сууриа илэрхийлчихсэн байх ёстой. Тэр  “улс төрийн намын санхүүжилтийн систем бүхэлдээ дампуурсан. Сүүлийн гучин жилд улс төрийн намтай холбоотой гарч байгаа санхүүгийн асуудал бүхэн намын санхүүжилттэй холбоотой. Тиймээс эрх баригч намын хувьд асуудлыг үндсээр нь шийдье. Улс төрийн намын санхүүжилтийн хуулийг энэ намрын чуулганд багтаан оруулж батлуулах шийдвэрийг намын бүлэгтээ өглөө” гэх ухаан зориг хүрсэн бол бас хариуцлагын сэлэм байсан бол. Гэвч тэр асуудалтай биш өрсөлдөгчтэйгээ залуучуудаа зодолдуулах жижиг зан гаргаж байна.
 
 60 ТЭРБУМ БА ПОПУЛИСТУУДЫН ХӨӨРӨГДӨЛТ
 
Монголын гуравдагч хүчнийхэн гэж популист улс төрчдийг л хэлнэ. Өөрсдийгөө гуравдагч хүчин гэж нэрлэх дуртай МАХН болон бусад намууд зарим нь цүнхний намууд бол зарим нь лидерийнхээ сүүдрээс гарч инстүүц болж чадаагүй лобби бүлэглэлүүд байх тохиолдол элбэг. Манай гуравдагчууд МАН, АН зэрэг бүх намууд, иргэний хөдөлгөөнөөс тодорч өөрийн хашаатай, өөрийн тамгатай, өөрийн дэмжигчидтэй болсон бие даасан тамгатай хутагтууд  юм. Эдгээр популистуудаас 60 тэрбумын асуудлыг ашиглаж хурдтай тодорч буй хутагт бол Л.Оюун-Эрдэнэ гишүүн юм. Чухам яагаад Л. Оюун Эрдэнэ гишүүнийг популист гээд байна гэхээр тэр намын санхүүжилтын асуудалтай нь биш нэг удаагийн кэйс болох хүнтэй нь зодолдоод байна. Сандуй, Ганбаатар нарыг нээлттэй сонсголд дуудах нь зөв боловч үүний дараа улс төрийн намууд санхүүжилтийн зөв системтэй болчихгүй. Дараа дараагийн 60 тэрбум, 90 тэрбумын асуудлууд сонгууль бүрийн дараа гарч ирсээр л байх болно. Магадгүй нэг өдөр залуу гишүүн маань МАН-ын дарга боллоо гэхэд өөрөө ийм намын санхүүжилтийн систем зурж суух  бохир орчин үргэлжилсээр л байна. Үүнийг Л.Оюун Эрдэнэ маш сайн мэдэж байгаа. Гэхдээ яагаад асуудалтай нь зууралдахгүй байна вэ. Яагаад ардчилсан намын дарга С.Эрдэнийг өөрийн  гишүүний бланкан дээр гарын үсэг зуруулах гэж том даргаар лоббидуулсан бэ. Тийм хэмжээнд хүрсэн үү. Миний бодлоор тэр бол зүгээр л популизм хийж 2020 оны сонгуульдаа бэлдэж байгаа юм. Улс төрийн намынх нь нэр хүнд унасан байгаа тохиолдолд намын хуучин лидерүүдээ шүүмжлэх замаар олон нийтэд таалагдах уламжлалт технологи. Хангалттай ч нэр хүнд нь өсөж байгааг судалгаанууд харуулж буй. Парламентийн гишүүн мөртлөө парламентийн засаглалын эсрэг хүчтэй ерөнхийлөгчийн засаглалд шилжиж болохыг ард түмнээс асуух хэрэгтэй гээд зогсож буй нь бас л популизм.  Залуу гишүүн ерөнхийлөгчид тус болох гээд ус болж буй нь тэр юм.  Удахгүй үйл явдал өрнөдөгөөрөө өрнөнө. Харамсалтай нь улс төрийн намын энэ заваан систем өөрчлөгдөхгүй. Хувь популист улс төрчдийн нэр хүнд өсөөд дуусна гэдгээрээ энэ 60 тэрбумын асуудал бүр ч хортой юм манай нийгэмд.
 
Улс төр судлаач О.Чулуунбилэг