sonin.mn
…Хэрэв та зах дээрээс хямдыг нь харж 20 000 тѳгрѳгийн үнэтэй гутал худалдаж авбал хэсэгхэн хугацаанд хэрэгцээг тань хангах боловч чанар муутайгаас болж удаан хэрэглэхгүй. Хэрэв та мѳнгѳѳ цуглуулж байгаад 200 000 тѳгрѳгѳѳр чанартай гутал худалдаж авбал сэтгэлд тань таатай байх тѳдийгүй удаан хугацаанд ѳмсѳх болно. Ер нь дэлхийн зах зээл дээр чанартай бүтээгдэхүүн ѳндѳр үнэтэй байж, чанар муутай бүтээгдэхүүн хямд үнэтэй байдаг жишиг бий. Мэдээж материалын чанар хийгээд үйлдвэрлэлийн чанар ѳндѳр ѳртгийг бий болгодог.
 
ХЯМД ҮНЭЭР ЧАНАРТАЙ МЭДЛЭГ ОЛГОХ УУ?
 
Өнгөрсөн онд салбарын сайд байсан Г.Чулуунбаатар 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Хэрэв энэ шийдвэр хүчин төгөлдөр байгаа бол МУИС-ийн жилийн төлбөр 1.6-3.93 сая төгрөг. Нэг кредитийн төлбөр нь 53-103 мянган төгрөг байна. Оюутнууд жилд 30-42 кредит судлах ёстой. ШУТИС-ийн жилийн төлбөр 30 кредит судалсан тохиолдолд 1.521-1.987 сая төгрөг байна. Харин АШУҮИС 1.6-3.1 сая төгрөг. Нэг кредит нь 75-90 мянган төгрөг. Оюутан жилд 30-36 кредит судлах ёстой юм байна. ХААИС жилийн төлбөр нь хоёр сая төгрөг. Оюутан жилд 30-36 кредит судлах ёстой аж. СУИС-ийн жилийн төлбөр 1.5-2.8 сая төгрөг бол кредит нь 50-92 мянган төгрөг юм байна. Харин ганцаарчилсан ангийн кредит нь 123 мянган төгрөг ажээ. БХИС жилийн төлбөр 30 кредит судалсан тохиолдолд 1.8 сая төгрөг. Оюутан 30-32 кредит судлах ёстой. Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль жилийн төлбөр 30 кредит судалсан бол 2.6 сая төгрөг аж. Оюутнууд нь 30-36 кредит судлах ёстой байдаг гэлээ.
 
Зууны мэдээ
Ч.Гантулга
 
Энэ мэдээлэл болон бусад мэдээллээс дүгнэхэд Монголын Их Дээд Сургуулиудын сургалтын нэг жилийн тѳлбѳр 2 саяас  8  сая тѳгрѳгийн хооронд хэлбэлздэг бололтой. Оюутан суралцагсдаас авсан сургалтын тѳлбѳр нь багш нарын цалин хангамж, хичээлийн байрны урсгал зардал, сургалтын хэрэглэгдэхүүний зардалд зарцуулах учиртай гээд бодохоор дэндүү бага мѳнгѳ. Энэ нь доорхи муу үзэгдлүүдийг бий болгож байна:
 
1.    Их Дээд Сургуулийн багш нар ѳндѳр цалин хѳлс авдаггүйгээс шалтгаалан чадвартай сайн багш нар ажилладаггүй, олон жил архагшсан ахмад багш нар ихэвчлэн ажилладаг тѳлѳвтэй. Энэ нь сургалтын чанарын шинэчлэлд саад болж байгаа.
2.    Сургалтын тѳлбѳр бага байгаа нь жинхнээсээ сайн мэдлэг эзэмших гэж хүссэн залуусын хажуугаар зүгээр суухаар сургуульд суусан болж цаг нѳхцѳѳдѳг хүмүүст боломж болон хувирч байна. Энэ нь сургалтын чанарыг бус дипломыг үнэлэх үнэлэмжийг нийгэмд бий болгоход нѳлѳѳлж байгаа.
3.    Сургалтын тѳлбрѳѳ тѳлсѳн оюутнуудад уг мѳнгѳ юунд хэрхэн зарцуулагдаж байгааг тайлбарлан ойлгуулдаггүйгээс, тэдний сэтгэхүйд байнга “хардалгa” үүсч, хэн нэгний турхиралтаар “Тѳлбрѳѳ багасга” гэсэн шаардлагыг тавьж “тэмцэхэд” хүргэж байна. Үүний цаана улстѳрийн “шантаажчид” тоглолт хийгээд байж ч магадгүй.
4.    Их Дээд сургуулиуд дэргэдээ судалгаа шинжилгээний хүрээлэн байгуулан ажиллуулж чаддаггүйгээс сургалт нь амьдралтай холбогдож чадахгүй, “номлол” тѳдий байгаа нь тѳгсѳгчид нь мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа шалтгаан мѳн.
 
ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ, ГЭЖ ҮҮ?
 
1.    Монгол улсад Их Дээд сургууль байгуулан ажиллуулах шалгуур үзүүлэлтүүдийг олон улсын стандартад нийцүүлэн ѳѳрчилж, одоогийн Их Дээд сургуулиудыг зохих түвшингээр нь аттестатчилах хэрэгтэй байна. Шаардлагад тэнцээгүй сургуулиудыг хааж, татан буулгах шаардлагатай байна.
2.    Монголын Их Дээд сугуулиудад элсэн суралцах оюутан суралцагсадын шалгуурыг ѳндѳрсгѳж, сургалтын тѳлбрийг нь олон улсын жишигт ойртуулан ѳндѳѳр тогтоох шаардлагатай байна.
3.    Цаашид сайн мэргэжил эзэмшин үр дүнтэй ажиллах хүсэлтэй оюутан суралцагсдад тѳлбрѳѳ тѳлѳх олон боломжуудыг бий болгож, “Сургалтын тѳлбрийн зээл” ийн тогтолцоог шинээр бий болгох хэрэгтэй байна. Зарим суралцагсад сургууль тѳгсѳж ажлын байртай болсноор сургалтын тѳлбрѳѳ тѳлѳх боломж руу ч чиглэж болно.
4.    Дэлхийн хэмжээний бренд сургуулиудын салбар сургуулийг Монголдоо байгуулан тэднийг дэмжиж, дэлхийн хэмжээний мэргэжилтэн бэлтгэх бодлогыг салбар Яам нь боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй байна
5.    Одоо Монголд ажиллаж байгаа Шинжлэх Ухааны Хүрээлэнгүүдийг Их Дээд сургуулиудын болон музейнуудын дэргэдэх Судалгааны Хүрээлэн болгон ѳргѳжүүлж,оюутан суралцагсдад судалгаа хийх бодит боломжийг бий болгох хэрэгтэй байна. Энэ нь Их Дээд сургуулиудыг зѳвхѳн оюутнуудын тѳлбрѳѳр бус, судалгааны бүтээлүүдийн үр дүнгээр санхүүжилтаа бүрдүүлэх боломж нь болох учиртай
6.    Их Дээд сургуулиудын ажлын үр дүнг “хэдэн суралцагсдад диплом олгосон бэ?” гэдгээр нь бус “хэдэн тѳгсѳгчид ажлын байртай болж хэрхэн үр дүнтэй ажиллаж байгаа”-гаар нь тооцох шаардлага бий боллоо. Ийм тохиолдолд уг сургуулийн тѳгсѳгчид тѳгссѳн сургуулиа дэмжих боломж болон хувирна.
Миний мэдэх олон залуус АНУ ын Виржина мужид ажил хийнгээ сургалтын тѳлбрѳѳ тѳлж байгаа жишээг мэднэ. Ѳѳрѳѳ зовж зүдэрч байж олсон мѳнгѳѳ хэн ч дэмий зүйлд зарах хүсэлгүй болгодог ухамсар нь сайн сургуульд суралцах хүсэл, тэр сургуулийн сургалтын ѳндѳр тѳлбрѳѳс шалтгаалдаг. Ийм мѳнгѳний харилцаан дээр ХАРИУЦЛАГА оршиж байдаг юм даа. Ѳѳрѳѳ ухамсартайгаар хѳдѳлмѳрлѳж мѳнгѳ олдоггүй залуус, аав ээжийнхээ, ах эгчийнхээ хѳдѳлмѳрлѳж олсон мѳнгѳѳр суралцахдаа ердѳѳ ч хичээхгүй байх нь элбэг. Залуусын ийм ядмагхан сэтгэлгээн дээр Монголын урлаг соёлынхон, баар цэнгээний газрууд, элдэв шоу менежэрүүд 8 сарын сүүлчээс 9 сарын эхний энэ ѳдрүүдэд “мѳнгѳ хийцгээдэг” юм даа.
Сургалтын тѳлбрѳѳ тѳлѳх гэж ядаж байхад нэмэх санал гаргалаа хэмээн надад эгдүүцэн зэвүүцэж байгааг ойлгож байнаа. Гэхдээ бид энэ “ууртай”, “ямаан омгондоо” ѳѳр олон бодит боломжуудыг олж харахыг бас сонсохыг ч хүсдэггүй нь харамсалтай.
Жишээ нь:
-       8 сараас эхлэн олон олон Сангийн аж ахуйнууд дээр ургац хураах, хүнсний ногоо хураах , ѳвс хадлан бэлтгэх ажлууд дээр оюутан суралцагсдыг гэрээгээр ажиллуулж, ажлын хѳлсѳнд авах мѳнгийг нь тухайн сургуулиуд руу “Сургалтын тѳлбѳр” болгон шилжүүлж болно. Социализмын үед хэрэглэж байсан энэ бодлого нь оюутан залуусыг ажил хѳдѳлмѳрт сургахын зэрэгцээгээр, энэ талбар дээр цаашдаа хамт суралцах залуус бие биенийхээ мѳн чанарыг мэдэж бие биедээ туслах сайхан сэтгэлийг бадрааж байсан юм шүү. Харин Их Дээд сургуулиудын хичээлийг 10 сарын 1 нээс эхлүүлж болно.
-       Улс орны хѳгжилд хэрэгтэй олон бүтээн байгуулалтууд дээр Монголын Тѳр засаг оюутан залуусыг бодлогоор дэмжин, гэрээгээр ажиллуулж болно. Барилга байгууламж, х.а.а н салбрын ажлууд, тѳмѳр зам болон авто замын байгууламж гэх мэт. Харин тэдний ажлын хѳлсийг Тѳр дотроо зохицуулалт хийн Их Дээд сургуулиуд руу шууд шилжүүлж болно.
-       Олон судалгааны хүрээлэнгүүд эрдэмтдийн судалгааны ажлууд дээрээ тухайн мэргэжлээр ажиллаж буй оюутан залуусыг гэрээгээр ажиллуулан чадавхижуулж, тэдний ажлын хѳлсийг “Сургалтын тѳлбѳр”т тооцож болно.
-       Ийм олон тѳрлийн санаачлагуудыг орон нутгууд дотроо маш сайнаар зохион байгуулж болно. “Хийхийг хүссэн хүнд арга нь олдож, хийх дургуй хүнд шалтаг олдонo” гэдэг дээ.
Бид Монголын залуусыг чѳлѳѳт цагаараа наргиж цэнгэх биш, найз нѳхдѳѳрѳѳ, хамт олноороо хамтдаа хѳдѳлмѳрлѳж бүтээхэд сургах хэрэгтэй байнаа. Оюутан залуус гэхээр архидаж заваардаг эсвэл биеэ үнэлдэг гэх бохир үнэлэмжээс салгамаар байна. Бид, ХЯМД ТѲЛБРѲѲР ЧАНАРТАЙ МЭДЛЭГ ОЛГОЖ ЧАДАХГҮЙ гэдгийг хүлээн зѳвшѳѳрч Боловсролын салбрын бүтэц хийгээд ѳѳрсдийн буруу сэтгэлгээгээ ѳѳрчлѳхѳѳс шинэчлэлийг эхлэх хэрэгтэй байна. Эс тэгвэл бид мунгинасаар бас мунхарсаар байх болноо.
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах